| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0069/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 69
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д-ын Б-д холбогдох 1935001640075 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 20-нд Увс аймгийн Т суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж , 2 ахын хамт Увс аймгийн Т сумын ... дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Д-ын Б /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Т сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Т сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Д-г зодсон болох нь хохирогч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М сумын төв явсан гэхээр нь би утсаар холбогдож бензин захьсан байна. Ц гэдэг айлын гадна М сумын төвөөс ирчихсэн байхаар нь захисан бензинээ авахаар очсон юм. Тухайн үед Ц-гийн гэрт түүний эхнэр Н ганцаараа байсан. Би тэдний гэрийн гадна зогсож байтал хажуу айлын Б гэдэг залуу М-ын машинаас "чамайг алнаа" гээд буугаад ирсэн. Гүйж ирээд мэндийн зөрөөгүй намайг барьж аваад дарж газар унагааж миний дээр гараад суучихаад гараараа толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгж байтал Н гарч ирээд салгах гээд бид хоёртой зууралдаж байтал М машинаасаа гүйж ирээд бид хоёрыг салгаж авсан. М Б-г гэрт нь оруулчихаад машинаа асаагаад явчихсан. Би тухайн газраа хэсэг хэвтээд толгой гайгүй болохоор нь босож Б-ын гэрт ороход Б-ын ээж Н гэдэг хүн, Бын ах нь болох Ж, түүний дүү нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй байсан. Би Б-д зодуулсан талаараа хэлж хугарсан шүдээ тухайн хүмүүст үзүүлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19-р тал/,
Гэрч А.Н мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би өөрийн хүү Б-ын хамт гэртээ байж байтал 17 цагийн үед манай хөрш Ц гэдэг айлын гадна Г.Д согтуу ирчихсэн байсан. Манай хүү Б М-ын машинаас буугаад ирж байтал Д Б-г наашаа хүрээд ир, чамайг ална гээд орилоод байсан. Нэг удаа орилоход нь манай хүү Б очоогүй, дахин чи хүрээд ир гээд орилоод байхаар нь Б тийшээ явахаар нь би араас нь гараад харахад Б Д нар хоорондоо барилцчихсан газар хэвтчихсэн ноцолдож байсан. Тухайн үед манай охин Ц очиж салгаж авсан. Манай хүү Б гэрт орж ирчихээд айлын гадна мотоциклоо орхичихсон байгаа очиж авна гээд мордоод явчихсан. Б-г мордоод явсны дараа Д манай гэрт орж ирээд танай хүү Б бид хоёр маргалдаад гээд сууж байгаад гараад явчихсан. Нүүрэн хэсэгтээ хаанаас нь гарсан мэдэхгүй жаахан цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гадна Б, Д нар хоорондоо барилцаж Б Д-г газар унагаагаад дарчихсан байхаар нь хөгшин, согтуу хүнийг боль гээд салгах гэтэл Д.Б намайг Г.Д талд орж байна гээд байхаар нь би холдоод явчихсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Д.Б-ын гэрийн гадаа ирэхэд хажуу айл Ц-ийн гадна Д гэдэг хүн согтуу байсан. Д Б-г хүрээд ир чамайг ална гээд дуудаад байсан. Тухайн үед би хүний бензин савлаж өгөөд машиныхаа хажууд байсан. Нэг харахад Б Д-г газар унагаагаад дээр нь мордоод суучихсан байсан. Би гүйж очоод тэр хоёрыг салгаж авахад Д-ын нүүр хэсэг зулгарч шороо болсон цус гарсан байдалтай байсан. Намайг салгах явцад Б Д-ын толгой хэсэг рүү нэг хоёр удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр М ахтай хамт сумын төвд лам хүргэж өгөөд буцаад гэрийн гадна ирэхэд манай хажуу айл болох Ц гадна Д ах согтуу зогсож байсан. Би машинаас буугаад гэр лүү орох гэтэл намайг чи наашаа хүрээд ир, чамайг ална гээд дуудаад байсан. Нэг удаа дуудахаар нь очоогүй, дахин дахин дуудаад байхаар нь би очоод Д ахтай барилцаж аваад зогсож байтал намайг хэлгүй, дутуу хэлтэй, би чамайг ална гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр би барьж байгаад хавираад газар унгаагаад толгой хэсэг рүү нэг, хоёр удаа гараараа цохьчихсон юм. Тухайн үед М ах ирж бид хоёрыг салгаж авсан. Би гэр лүүгээ ороод айлд мотоциклоо орхичихсон байсан болохоор очиж авахаар явчихсан юм. Харин Д Ц ахын гаднаас мордоод явчихсан. Би мотоциклоо авахаар М-н гэрт оччихсон байтал араас ирээд дахин М-н гэрт надтай маргалдаад намайг барьж аваад миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон тухайн үед би Д-г зодож цохиогүй гараад явчихсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 335 дугаартай “Г.Д-ийн биед тархины доргилт, дээд 1 шүд унасан, 2 шүд хөдөлсөн, толгой, нүүрний хэсэг, баруун гарын сарвуунд зулгаралтууд, хавантай зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/-ээр хохирогч Г.Д-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогч Г.Д толгой руу цохиход түүний биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд үйлдэж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.Д-ийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Б-н эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлын талаар гэрч Б.Ц-ийн: “ ... Би 11 дүгээр багийн Засаг даргаар 8 жил ажиллаж байна. Д.Б нь төлөв даруу зантай, хүнтэй зөв боловсон харьцаатай, хүнд тусархаг, нийтэч залуу байгаа юм. Урьд өмнө хэрэг зөрчид холбогдож байгаагүй. Д.Б нь тамхи татдаг, хааяа найз нөхдийн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэдэг, ямар нэгэн хэл ам гаргаад байдаггүй залуу юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/, гэрч Д.Ж-ийн: “ ... Д.Б манай нагац дүү юм. Хөдөө ээж, ах нартайгаа мал маллаж амьдардаг юм. Би Д.Б-г бага байхаас нь мэднэ, манай хамт олон жил айл хөрш байсан юм. Д.Б нь багаасаа төлөв даруу хүний үгэнд сайн ордог гэр орныхоо ажилд тусархаг хүүхэд байгаа юм. Аймгийн төв цөөхөн орж ирдэг ихэвчлэн хөдөө малаа маллаад байж байдаг залуу байгаа юм. Д.Б ямар нэгэн хорт муу зуршил байхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэж байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/, гэрч Д.Ц-ийн: “ ... Бид эгч, ах дүү 8-уулаа. Манай төрсөн дүү Д.Б нь манай хамгийн отгон дүү юм. Одоогоор ээжийнхээ хамт амьдардаг, жаахан эрх хүүхэд зантай, ах дүү хамаатан садан дундаа нэр хүндтэй, хүнтэй зөв боловсон харьцдаг, төлөв даруу зантай. Манай дүү Д.Б нь ямар нэгэн огцом уур байхгүй, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, бид хамт өссөн болохоороо зан аашийг нь сайн мэднэ.” /хх-ийн 33-34-р тал/ гэх мэдүүлэгүүд болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Т сумын багийн Засаг даргын2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 37, 38 дугаартай тодорхойлолт /хх-ийн 69, 66-67 -р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Г.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Д.Б-аас хохирлоо барагдуулж авсан, цаашид гомдолгүй ” гэх тодорхойлолтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Г.Д-ийн толгойн рентген зурагтай Сиди /CD/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Д-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск /CD/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Д-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ