Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/02180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 16 210/МА2024/02180

 

 

******* ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05360 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХН

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК, *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* ХХН Бүгд найрамдах Казакстан Улсын хуулийн этгээд бөгөөд Монгол Улсад бүртгэлгүй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, төлөөлөгчийн газаргүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар би өөрийнхөө оршин суудаг хаягаар тухайн нэхэмжлэлийг гаргасан. ******* ХХК-ийн оршин суугаа хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан боловч хариуцагч компанийн оршин суугаа хаяг тодорхой бус байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан үндэслэлгүй тул ******* ХХК-ийн захирал *******ыг эрэн сурвалжлуулах ******* ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1 ******* ХХН нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд төлөөлөгчийн газаргүй тул Монгол Улсад бүртгэлтэй хаяг байхгүй. Тиймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.2 Гэтэл шүүх итгэмжлэлд зөвхөн Баянгол дүүргийн шүүхэд *******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрх байх ёстой гэж үзсэн. Мөн ******* ХХН болон ******* ХХК-уудын хоорондох тээврийн үйлчилгээний гэрээ хавтас хэрэгт байхгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэвч бидний итгэмжлэлд хариуцагчийг эрэн сурвалжлуулах эрхийг тодорхой заасан. Мөн бид эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахтай ******* ХХК-ийн оршин суугаа хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хавсарган өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ******* ХХН болон ******* ХХК-ууд иргэний эрх зүйн харилцаанд орсныг тогтоон иргэний хэргийг үүсгэсэн. Тиймээс тус шүүхийн захирамж нь ******* ХХН болон ******* ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаанд орсныг тогтоох баримт болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХН нь ******* ХХК, *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх 1-2/

3. Хэргийн 15-19 дүгээр талд авагдсан итгэмжлэлээр ******* ХХН Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу ******* ХХК-д холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч *******, ******* нарт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2024/22131 дугаар захирамжаар ******* ХХН-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 336,453,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Уг захирамж нь талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг тогтоосон баримт биш.

4.1 Иймд ******* ХХН нь *******тай иргэний эрх зүйн харилцаанд орсон эсэх, ******* ХХК болон ******* нь уг эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох баримтыг анхан шатны шүүх шаардаж байгааг буруутгахгүй.

5. Харин онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, үйл баримтыг тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүх хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй байна.

5.1 Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргийн үйл баримтыг зохигчдын тайлбараар тогтоох боломжгүй бөгөөд шүүх өөрөө ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох учиртай. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх иргэний хэрэг, маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдтэй холбоотой баримт, мэдээллийг өөрийн санаачилгаар бүрдүүлэх ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

6. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/05360 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН