Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Хохирогч: Д.А,

             Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Б-ын Г холбогдох 1935001350073 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 21-нд Увс аймгийн У суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн У сумын .. дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Б-ын Г / /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ... аймгийн У-сумын 3 дугаар багийн нутагт байрлах  “Ц” цайны газарт хохирогч Ц.А нүүрэн тус аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                1. Шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ... аймгийн У сумын 3 дугаар багийн нутагт байрлах  “Ц” цайны газарт аяга шидэж хохирогч Ц.А-н нүүрэнд цохьсон болох нь хохирогч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би “Итгэлт” барааны захын үүдэнд байрлах “Цэцэг саран” цайны газарт тогооч хийдэг. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17.00 цагийн үед танихгүй залуу орж ирээд хамт ажилладаг тогооч Ч эгчтэй маргалдаж байгаад намайг гал тогоонд аяга таваг угаагаад зогсож байтал Ч эгч зугатаад гарахдаа намайг шүргээд зөрөөд өнгөрөд би баруун тийш эргэхэд Г гэдэг хүн хоолны заалнаас Ч эгч рүү шидсэн улаан өнгийн шаазан стакан миний хамар хэсэгт онож, миний хамраас цус их хэмжээгээр гарсан. Хохиролд 570.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13, 66-р тал/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би “Цэцэг саран” цайны газарт ажлаа хийж байтал 17.00 цагийн үед танихгүй согтуу залуу орж ирээд Ч эгчээс “Н байна уу?” гэж  асуухад нь Ч эгч “Байхгүй хот явчихсан” гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр махнаас болж маргалдаж байгаад Ч эгч гарах гээд гүйхэд нь тэр согтуу залуу хоол зөөдөг цонхоор цээжээ оруулж ирээд улаан өнгийн шаазан стакан аваад Ч эгч рүү шидэхэд аяга угаагаад зогсож байсан А эгчийн хамар хэсэгт оноод хамраас нь цус гарсныг би ус хийж өгч тогтоосон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр 17.00 цагийн үед гаднаас зүс таних, нэрийг нь мэдэхгүй согтуу залуу орж ирээд “Н байна уу?” гэж асуухад нь би “Н байхгүй. Улаанбаатар явчихсан” гэж “Би танай эзэнтэй яриад мах өгөх гэж байхад та дундуур орж миний махыг доод ханшаар өгүүлсэн” гэхээр нь би “Чи ямар мах өгснийг санахгүй байна. Чи ээж шигээ хүндтэй битгий маргалдаад бай. Чи гараад яваарай” гэхэд намайг “Пизпа минь. Чи шогийн пизпа байхгүй юу” гээд газар руу тонгойх шиг болохоор нь би хоолны залнаас гал тогооны өрөөгөөр дамжаад шууд хойшоо гараад явчихсан юм. Тэгтэл тэр залуу гад тогооны өрөөний хоол зөөдөг цонхоор миний араас аяга шидсэн нь А-н хамар орчимд оносон байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-51-р тал/,

Шаазан стакан /аяга/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийнн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р тал/,

Шүүгдэгч Б.Г-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн аав Ц.Б-н хашаанд малын арьс давсалж байгаад хөлсөөр ажиллаж байсан хоёр залуутай гурван шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи хувааж уучихаад Н-тэй уулзах бодолтой “Цэцэг саран” цайны газарт нь очиход байгаагүй. Тэгээд тэнд ажилладаг эгчээс утасны дугаарыг нь асуухад хэлж өгөөгүйгээс болоод бид хоёр маргалдаж байгаад намайг гарч яв гээд түлхэхэд нь би шал дээр асгарсан байсан үзэмний шүүсэн дээр хальтарч уначихаад уурлаад босоод ирэхэд тэр эгч гал тогооны өрөөгөөр дамжаад зугатаад явахаар нь араас нь гал тогооны жижиг цонхоор цээжээ оруулаад улаан өнгийн шаазан стакан аваал араас нь шидэхэд аяга угаагаад зогсож байсан А гэдэг эмэгтэй оносон. Би А-г оньё гэж аяга шидээгүй. А-д эмчигээний зардалд нь 570.000 төгрөг өгсөн. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 297 дугаартай шинжээчийн “Д.А-н биед хамар ясны хугарал, тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Энэ гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/-ээр хохирогч Д.А-н биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, Д.Ч рүү аяга шидэхэд түүний биед гэмтэл  учруулж болохыг ухамсарлаж, зориуд шидэж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.А-н биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-н хувийн байдлын талаар гэрч Т.Ш-н: “... Б.Г миний 3 дахь охинтой суусан хүргэн. Г хүнд тусархаг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/, гэрч Ш.О-н: “... Би Б.Г-тэй 1999 онд гэр бүл болсон. Одоо 3 хүүхэдтэй. Б.Г төлөв даруу зантай. 2016 оны 8 дугаар сард нурууны хагалгаанд орсон. Хүнд ажил хийж болдоггүй гам барьдаг.” /хх-ийн 68-р тал/ гэх мэдүүлэгүүд,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 69-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Хохирогч Д.А-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохиролд 570.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэсэн мэдүүлэгийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн шаазан аяга /стакан/-ны 1 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1000 /нэг мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаториор эмчлүүлэгчийн картыг хэрэгт үлдээж, шаазан стаканы хагархай 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ