Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

 

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Хохирогч: Ц.Э,

             Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Г-н А-д холбогдох 1935001790086 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 03-нд Увс аймгийн У суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом политехник коллежийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн У сумын .. дугаар багийн  тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Г-н А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө тус аймгийн У сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлтэй цонх” дэлгүүрийн гадна хохирогч Ц.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                1. Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө тус аймгийн У сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлтэй цонх” дэлгүүрийн гадна хохирогч Ц.Э-г зодсон болох нь хохирогч Ц.Э-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Их наяд цогцолборын урдах таксины зогсоол дээрээс У сумын 4-р багт байрлах Гэрэлтэй цонх дэлгүүр лүү явна гээд 2 эмэгтэй миний таксинд суусан. Тэгээд Гэрэлтэй цонх дэлгүүрийн ойролцоо очоод нэг эмэгтэй нь Б бид хоёрт машинаа хол тавьчихаад та хоёр надтай хамт яваад Гэрэлтэй цонх ороод 3 ширхэг том пиво авалцаад өгөөч нэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна гэж  хэлсэн юм. Б бид хоёр машинаа Гэрэлтэй цонх дэлгүүрээс хол тавьчихаад тэр 3 эмэгтэйгийи нэг эмэгтэйг дагуулаад явсан. Замдаа нэг хашаа даваад Гэрэлтэй цонх дэлгүүр лүү яваад очиж явах замд уг эмэгтэй намайг өмсөж явсан малгайтай цамцаа тайлаад надад түр өмсүүлчих гэж надад хэлсэн. Тэгээд би замд цамцаа тайлж нөгөө эмэгтэйд өмсүүлээд Гэрэлтэй цонх дэлгүүрийн хойд талын хашааны өнцөг тойроод гартал хажууд нэг жижиг машин ирээд зогссон. Уг машинаас танихгүй хүн бууж ирээд Б бид хоёрыг “та хоёр яагаад миний найз охинтой хамт архи уугаад яваад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд уг хүн та хоёрыг ална хэний найз охинтой хамт яваагаа мэдэж бййна уу ? Ямар хүнээр оролдож байгаагаа мэдэж баина уу? гээд бид хоёр луу дайрсан, тэр үед тэр А ахын найз охин Н наад 2 залууд чинь ямар ч хамаарал байхгүй наад хоёр хүн чинь таксинд явж байгаа хүмүүс би наад хоёр хүнийг чинь танихгүй гэж хэлсэн. Тэгтэл уг А гэдэг ах согтуу байсан учраас бид хоёр луу дайраад намайг уг найз охин гэх эмэгтэй нь бид хоёрын дунд зогсоод энэ хоёр залууд буруу байхгүй гээд хэлж байтал уг хүн найз эмэгтэйгээ гараараа түлхэж холдуулаад намайг гараараа миний үүдэн шүдэн дээр нэг удаа хүчтэй цохьсон юм. Тэгээд би амаа дарсан миний амнаас цус гарсан тэгээд би тонгойсон юм тэгээд би “яа шүд шүд” гэж хэлээд уг А ах “битгий хуцаад бай яасан гэнээ” гэж хэлсэн юм. Тэгээд над руу цохих гээд дахин дайрхад уг А ахыг найз эмэгтэй гэх Н нь бариад авсан юм тэгээд тэр үед манай найз Б намайг зугтая гэсэн тэгээд Б тэр хүний найз нар нь бүгд согтуу байна, машинаас бууж ирээд дахиж зодох байх гэж хэлээд бид хоёр харанхуй байсан учраас шууд босож зугтаад машин дээрээ очиход миний амнаас цус гарсан байдалтай уруул хэгзэрсэн, миний үүдэн хоёр шүд хөдөлсөн, нэг шүд нь унгаараа хугарсан байсан. Би тэр үед машинд үлдсэн хоёр эмэгтэйд шүдээ харуулсан юм тэгээд юу болсон гэж асуухад сая хамт явсан эмэгтэйгийн найз залуу нь гэх нэг ах ирээд намайг зодчихлоо гэж би тэр хоёр хүнд хэлсэн юм. Тэгээд бид нар уг газраа байж байтал бид хоёртои хамт явсан Н гэх эмэгтэй бид нар дээр хүрээд ирсэн. Тэгээд би уг Н гэх эмэгтэйд найз залуу чинь намайг ингээд цохьчихлоо гэж хэлсэн. Тэр үед уг эмэгтэй “ манай найз А чамайг цохисныг би харсан, би А-д маргааш хэлнээ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уг эмэгтэйчүүдийг олон түцний хажууд зам дээр буулгасан юм. Тэгээд маргааш нь намайг зодсон А ахын дугаарыг олж аваад утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэр өдөр манай надтай хамт явсан найз Б өдөр замаар явж байтал А таараад хэлсэн байна лээ “та урьд орой манай найз Э зодсон байна, манай найзын хоёр шүдний нэг нь хугарч нэг шүд нь хөцөлсөн байна” гэж хэлсэн гэсэн. Харин тэгсэн байна, миний баруун гар бас язарсан байна гэж өөрөө хэлсэн гэсэн. Тэгээд би тэр өдөр намайг зодсон А ахтай уулзсан юм. Тэгээд надад өөрөө “би чамайг зодсоноо санаж байна, би тухайн үед архи уучихсан байсан, ахыгаа уучлаарай” гэж надаас уучлалт гуйгаад миний шүдийг хийлгэж өгнө, яаралтай хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлээд явсан. Тэгээд түүнээс хойш ах нь чиний шүд хийлгэх мөнгө төгрөг хайж байна гэж надад хэд хэдэн удаа хэлээд тэгээд минии хохирлыг барагдуүлж өгөхгүй болохооо би цагдаагийн байгуулагад хандсан юм. Би хувийн эмнэлэгүүдээр явж судлахад  нэг ширхэг шүд хийлгэхэд 2.500.000-3.000.000 болдог гэсэн. Би энэ мөнгийг гаргуулж авмаар байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/,

Гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн: “... тэгээд би уг хоёр залууг дагуулаад гэрэлтэй цонх дэлгүүрийн наад талд нь нэг машин зөрсөн тэгээд уг машин зогсоод миний урьд нь үерхэж байсан Н. гэдэг залуу согтуу уг машинаас бууж ирээд надад чи ямар хүмүүстэй явж байгаа юм бэ? гэж хэлсэн. Би урдаас нь “ наадах хоёр залуу чинь надад ямар ч хамааралгүй хүүхэд, би дэлгүүр ороод ирье гэж гуйж авч ирсэн” юм гэж хэлтэл А надтай хамт явсан Ц.Э, Б гэгч хоёр хүүхдийг та хоёр хэнтэй явж байгаагаа мэдэж байна уу? гэж хэлээд шууд Ц.Э-г гараараа нэг удаа ам орчим газарт нь цохьсон юм. Тэгээд А-г дахин уг хоёр залууг зодох гээд дайрхад би А-г бариад авсан юм. Тэгээд Ц.Э, Б хоёр шууд зугтаад яваад өгсөн юм. Тэгээд би А-д уурлаад “чи яаж байгаа юм бэ? наадах хоёр хүүхдийг чинь би танихгүй наад хоёр хүүхэд чинь таксинд явж байгаа хоёр хүүхэд ш дээ” гэж хэлсэн юм. Тэгээд А яваад өгсөн би бас такси руугаа яваад очсон чинь уг газарт машинд сууж үлдсэн найз нар луугаа яваад очсон юм. Тэр үед Ц.Э надад хэлээрээ үүдэн шүдээ хөдөлгөж надад харуулсан Д.Э-н үүдэн нэг шүд хугарсан байдалтай хөдөлж байсан. Харанхуй байсан болохоор надад бас сайн харагдаагүй юм. Тэгээд би Ц.Э-д одоо яана шүд чинь хугарсан байна, би маргааш А-д хэлээд өгье гэж хэлсэн юм. Тэр үед надтай хамт явсан хүүхдүүд Ц.Э-н үүдэн шүд хугарсан байгааг бүгд харсан юм. Тэгээд бид нар засмал зам дээр гэрч ирээд бууцгасан юм. Тэгээд би маргааш нь А-д утасдаж “чи хүүхдийн шүд хуга цохиод хаясан байна, чи тэр хүүхэдтэй уулзаарай чи ямар ч хамааралгүй хүүхэд цохиод хаячих юм” гэж би утсаар хэлсэн юм. Тэр үед  “за за тэр хүүхэдтэй би уулзнаа” гэж надад хэлсэн юм.  ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ Тэгээд уг 3 хүнийг аваад таксинд явахад Гэрэлтэй цонх дэлгүүр орно гэсэн. Тэгээд би машинтайгаа яваад гэрэлтэй цонх дэлгүүрийн наад талд гудамжинд орж зогсоод нэг эмэгтэй хүүхэд нь Ц.Э бид хоёрыг хамт яваад дэлгүүр пиво авалцаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Э бид хоёр уг эмэгтэйг дагуулаад гадна очиж явтал нэг жижиг машин ирж зогсоод А гэдэг ах машинаас согтуу архи уусан байдалтай бууж ирээд шууд Ц.Э бид хоёр луу та хоёр миний найз охинтой хамт архи ууж явна гэж дайраад эхлээд намайг зодох гэснийг найз охин гэх Н болиулсан. Тэгтэл хашаа налаад зогсож байсан надтай хамт явсан миний найз Ц.Э-г уг А ах гараараа нэг удаа Ц.Э-н аман дээр, шүд орчим газарт нь цохьсон юм. Тэр үед Ц.Э-н амнаас цус гарсан юм. Тэгээд тэр А-г гэдэг ахыг найз охин гэх Н барьж авсан байсан юм. Бид хоёр тухайн үед уг ахад бид хоёр таксинд явж байна гэж хэлсэн юм. Тэгтэл уг ах ойлгохгүй үгээ дахин дахин хэлээд та хоёр буруу хүнийхээ найз охиноор оролдож байна, та хоёр ямар хүнтэй явж байгаагаа мэдэж байна уу? гэх хэлээд байсан юм. Тэр үед Ц.Э-н амнаас цус бага зэргийн гарсан юм. Тэгээд Ц.Э бид хоёр дахиж цохиж магадгүй гээд шууд зугтсан юм. Тэгээд бид хоёр машин дээрээ ирээд, гэрэл тусгаад харахад Ц.Э-н үүдэн нэг шүд хугарсан. Нэг шүд хөдөлсөн байдалтай байсныг тэр машинд явсан хоёр эмэгтэйд үзүүлсэн юм. Тэгээд Н-г бид хоёрын хойноос ирхэд сая тэр А гэдэг ах цохиод Ц.Э-н шүд хуга цохьчлоо гэж хэлсэн. Маргааш нь би гудамжинд явж байхад уг А ах таарахад би та урьд орой миний найз Ц.Э-н шүд хуга цохьчлоо гэж хэлсэн юм. Тэгэхэд тэр ах өөрөө Ц.Э-н шүд хуга цохьсоноо мэдэхгүй явж байсан. Тэгээд орой уулзъя гээд утасныхаа дугаарыг өгсөн юм орой нь Ц.Э бид хоёр Гранд зочид буудлын авто машины зогсоол дээр очиж уулзсан юм. Тэгэхэд А ах цагдаад битгий хэл хохирлыг чинь би барагдуулж өгнө гэж бид хоёрт хэлээд бид нар тохироод салцгаасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

Гэрч Б.Ба-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд 2-р курсэд сурдаг юм. Би 2019 оны 04 сарын 13-ны орой 23 цагийн үед миний найз Н над руу утсаар яриад “Их наяд бааранд хүрээд ир” гэхэд би яваад очсон. Тэнд би архи уугаагүй тэгээд Г, Н бид нар тэндээс гараад Их наядын баарны урд талын авто машины засмал зам дээр гараад такси бариад бид нар У сумын 4-р багийн нутагт байрлах Гэрэлтэй цонх дэлгүүр орж пиво аваад Г-н гэрт очиж хононо гээд явсан. Тэгээд гэрэлтэй цонх дэлгүүрээс жаахан зайтай газарт хашааны буланд манинтайгаа зогссон. Тэгээд Н тэр таксинд явж байсан хоёр залуутай хамт гэрэлтэй цонх дэлгүүр ороод пиво аваад ирнэ гээд явсан юм. Удахгүй тэр хоёр залуу хамт алхаж ирсэн. Тэнд явсан Ц.Э гэдэг залуу машинд орж ирээд Н-н үерхдэг найз залуу нь гэх А гэдэг хүн ирээд миний шүд цохьчихлоо гэж Г бид хоёрт үзүүлсэн юм. Тэр үед Ц.Э-н үүдэн нэг шүд нь лавтай хөдлөж байсан. Би гэрэл муутай байсан учраас сайн харж чадаагүй юм. Тэгээд би машинаас буусан байтал удалгүй Н хүрээд ирсэн. Тэгээд бид нар айгаад уг машинд сууж яваад авто машины зам дээр ирж бууж үлдсэн юм. Ц.Э нь тэр үед бид нартай хамт Их наядын үүднээс Гэрэлтэй цонх дэлгүүр хүртэл хамт явсан, тэр үед шүд нь гэмтэж бэртсэн зүйл харагдаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч П.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “ Би Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуульд 2-р курсэд сурдаг юм. Би 2019 оны 04 сарын 13-ны орой 22 цагийн үед миний найз Н бид хоёр хамт Их наяд бааранд ороод тэнд хоёр шил 0,5 грамын соёрхол гэдэг архи хувааж уугаад бид хоёр уг баарнаас гарах гэж байхад Б-г дуудсан юм. Тэр үед Б хүрээд ирсэн юм. Тэгээд бид гурав Их наядын урд талын таксины зогсоол дээрээс нэг такси аваад явсан юм. Тэр үед уг таксинд жолоочийн хажуу талд бас нэг залуу хамт явсан юм. Тэгээд бид нар Гэрэлтэй цонх дэлгүүр ороод пиво аваад манай гэрт очих гэж байсан юм. Тэгээд бид нар Гэрэлтэй цонх дэлгүүрийн наад талд очиж зогссон. Тэгээд Н тэр таксинд явж байсан хоёр залуутай хамт Гэрэлтэй цонх дэлгүүр ороод пиво аваад ирнэ гээд явсан. Удахгүй тэр хоёр залуу хамт алхаж ирсэн. Тэнд явсан Ц.Э гэдэг залуу машинд орж ирээд Н үерхдэг найз залуу нь гэх А гэдэг хүн ирээд миний шүд хуга цохьчихлоо гэж Б бид хоёрт үзүүлээд гараараа өөрийнхөө үүдэн нэг шүдийг хөдөлгөж харуулсан юм. Тэр үед Ц.Э-н үүдэн нэг шүд нь лавтай хөдлөж байсан. Тэгээд удалгүй Н хүрээд ирсэн. Тэгээд бид нар уг машинд сууж яваад авто машины зам дээр ирж бууж үлдсэн юм. Ц.Э нь тэр үед бид нартай хамт Их наядын үүднээс Гэрэлтэй цонх дэлгүүр хүртэл хамт явсан. Тэр үед шүд нь гэмтэж бэртсэн зүйл харагдаагүй юм. Гэрэлтэй цонх дэлгүүр явчихаад буцаж ирснийхээ дараа Ц.Э шүд хуга цохьчихлоо гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой өөрийн найз Т-н хамт У сумын Улаангом ресторонд орж 2 лааз 0.5 грамын сэнгүүр гэдэг пиво би уусан. Тэгээд би миний үерхдэг найз охин Н-тай утсаар ярих гэхэд утас нь холбогдохгүй болохоор нь би найз Т-н хамт машинтай нь найз охин Н-г хайж 2019 оны 04 сарын 13-ны орой 00 цаг өнгөрч байх үед гэрэлтэй цонх дэлгүүрийн үүдэнд очиход миний үерхдэг найз охин Н нь танихгүй хоёр залуутай хамт явж байгаад надтай тааралдсан юм. Тэгээд би найз охин Н.Н-д уурлаад, би жаахан пиво уусан байсан болохоор миний уерхдэг найз охин Н.Н нь эрэгтэй хүний малгайтай цамц өмссөн явж байсан болохоор би дотроо хардах сэтгэл төрөөд Н-тай хажуудан хамт явж байсан Ц.Э гэдэг залууг би нэг удаа зүүн гараараа ам орчим газарт нь цохьсон юм. Тэр үед харанхуй байсан болохоор би Ц.н амнаас цус гарсныг хараагүй. Намайг нэг удаа Ц.Э-г цохиход Ц.Э нь газарт суусан юм. Тэгээд удалгүй миний найз охин Н-тай хамт явсан хоёр залуу босоод зугатаагаад явчихсан юм. Би шүд хийлгэх мөнгийг нь өгье гэсэн боловч хэт их мөнгө нэхээд байгаа учраас төлж чадаагүй байгаа. Би гэм буруугаа ойлгож гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 297 дугаартай шинжээчийн “Ц.Э-н дээд үүдэн шүд /21/хугарсан, хажуугийн /11/ шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 16-р тал/-ээр хохирогч Ц.Э-н биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, ам орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-н биед үүдэн шүд хугарч, хажуугийн хоёр шүд хөдөлсөн гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугин талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А-н хувийн байдлын талаар гэрч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: “.А нь миний төрсөн дүү юм . Миний төрсөн дүү Г.А нь төлөв даруу зантай, тогтуун зөөлөн зантай, огцом уургүй , хүнтэй зөв боловсон харццаг, хүнд тусархаг, нийтэч, даруухан зантай, архи дарс бараг хэрэглэдэггүй, ажилсаг хөдөлмөрч зантай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, гэрч Я.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “ Г.А нь миний багийн найз юм. Г.А нь надтай хамт У сумын 1-р сургуульд хамт нэг сургуульд сурдаг байсан найз минь юм. Миний найз Г.А нь төлөв даруу зантай, үнэнч шударга зантай, аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг, найз нөхөдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнтэй зөв боловсон харцдаг, хүнд тусархаг, нийтэч, даруухан зантай, архи дарс бараг хэрэглэдэггүй хүн юм.” /хх-ийн 13-р тал/ гэх мэдүүлэгүүд болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.Э нэг ширхэг шүд хийлгэхэд 2.500.000-3.000.000 төгрөгийн үнэтэй гэж шүд хийлгэхэд гарах зардлаа нэхэмжлэж байгаа боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүд хийлгэхэд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ц.Э амбулториор эмчлүүлэгчийн картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

   1. Шүүгдэгч Ш овогт Г А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.Э 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн картыг шйитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Э-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ