| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/5989/и |
| Дугаар | 182/ШШ2016/00510 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2016/00510
| 2016 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2016/00510 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: “ЖГГ” ХХК
Хариуцагч: Б.О
Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний үлдэгдэл төлбөр түүнд ногдох алдангийн хамт нийт 6.954.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр захиалагч Б.О тэй “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулж нийт 110,12 м.кв талбай бүхий Гэгээнтэн хотхоны 4-11г байрыг нийт 330.360.000 төгрөгийн багцын үнээс 3% болох 9.910.800 төгрөгийн хөнгөлөлт эдлэн, 20.000.000 төгрөгийн авто зогсоолын хамт нийт 340.449.200 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Захиалагч Б.О нь тус гэрээний 2.1-т зааснаар “2013 оны 09 сарын 27-ны дотор бүрэн 100% төлнө хэмээн тохирч, 3%-ийн хөнгөлөлт болох 9.910.800 төгрөгийн хөнгөлөлтийг тооцуулан, төлбөрөө 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлөхөөр тохирсон боловч, төлөх ёстой төлбөрөө графикт хугацаанд нь төлөлгүй байнга хэтрүүлж төлж байсан төдийгүй, үлдэгдэл төлбөр болох 4.636.400 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Захиалагч Б.О т манай компаний зүгээс “Гэрээнд дурьдаагүй эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлтэй нөхцлөөр олгосон байдаг.
Бид 11.545.776 төгрөгийн алданги нэхэмжлэх боломжтой байсан хэдий ч манай байгууллагын зүгээс нэхэмжлэлгүй, зөвхөн үлдэгдэл төлбөрөө төлөөч гэсэн шаардлага тавьсаар ирсэн хэдий ч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд захиалагч Б.О ээс гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр болох 4.636.400 төгрөг, алданги 2.318.200 төгрөг, нийт 6.954.600 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Шүүх нэхэмжлэл, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, мөнгөний тооцоо, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.636.400 төгрөг, алданги 2.318.200 төгрөг, нийт 6.954.600 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч “ЖГГ” ХХК нь Б.О тэй 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, нийт 110,12 м.кв талбай бүхий Гэгээнтэн хотхоны 4-11г байрыг нийт 330.360.000 төгрөгийн багцын үнээс 3% болох 9.910.800 төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж, 20.000.000 төгрөгийн авто зогсоолын хамт нийт 340.449.200 төгрөгийг 2013 оны 09 сарын 27-ны дотор бүрэн төлүүлэн худалдахаар тохирч, гэрээний хугацаа дууссан боловч Б.О үлдэгдэл төлбөр болох 4.636.400 төгрөгийг төлөөгүй байна.
Гэрээний 2.1-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр талууд тохиролцсон байх ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн 958 хоногоор тооцоход алданги 4.441.288 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан тул хариуцагчаас үлдэгдэл төлбөр 4.636.400 төгрөг, алданги 2.318.200 төгрөг, нийт 6.954.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлзээгүй болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Б.О ээс 6.954.600 төгрөгийг гаргуулж “ЖГГ” ХХК-д олгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.233 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 126.233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД