| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0080/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/80 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/80
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа,
Шүүгдэгч: Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Н-н Ц-д холбогдох 1935001220068 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 09-нд Увс аймгийн Ө суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг Увс аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй З овогт Н-н Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Увс аймгийн Т сумын нутаг С гэх газарт УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа нийтийн эзэмшлийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Увс аймаг дахь газрын У сумаас Ө сумын чиглэлийн агаарын шилэн кабелийг болгоомжгүйгээр тасалж гэмтээсний улмаас 539.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Ц-г болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 10 минут /орон нутгийн цагаар/-нд Увс аймгийн У сумаас Ө сумын чиглэлийн нийтийн эзэмшлийн агаарын шугамын 12 корын шилэн кабель гэмтэж /тасарч/, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 27 минут хүртэл уг шилэн кабелиар дамждаг интернетийн урсгал тасарсан байна.
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Увс аймгийн Т сумын нутаг С гэх газарт УВА улсын дугаартай УАЗ-31512 загварын тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ий У сумаас Ө сумын чиглэлийн агаарын шилэн кабелийг тасалж гэмтээсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 10 минутанд Увс аймгийн У сумаас Ө сумын чиглэлийн нийтийн эзэмшлийн агаарын шугамын 12 корын шилэн кабель гэмтсэн гэсэн дуудлага ирсэний дагуу хэмжилт У сумаас 32км зайд шугам тасарсан байсан.. Уг зайг тогтоохдоо шилэн кабелийн хэмжүүрийн багаж болох ОTDR багажаар шалгахад У сумаас 32,4км зайд тасарсан гэж гэмтлийг тогтоосон юм. Шон хооронд 70м зайтай байдаг бөгөөд уг агаарын шилэн кабель тасарсан газарт 100м шилэн кабель оруулга болгож оруулж 2ш муфт буюу холболтын хайрцаг ашиглаж холбосон. Тасарсан кабелийг холбохдоо шоно дээр 15м кабелийг нөөцөөр авдаг юм. 2 талд тус бүр 15м-ийг нөөцөд авсан. Шугам тасарснаар цаг хугацаанаас хамаарч хохиролын хэмжээ өсдөг тул байгууллагын зүгээс маш яаралтайгаар холбох ажиллагааг явуулж 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 27 минутанд шугамыг засварлаж хэвийн ажиллагаанд оруулж системийг сэргээсэн. Жи Мобайл, Скайтель, Юнитель, Миком зэрэг компаниудад шугам тасарнаас учирсан хохиролыг манай байгууллага хариуцаж уг компаниудад төлбөрийг барагдуулдаг юм. Тэдгээр багйууллага нь манай байгууллагын эзэмшлийн шилэн кабелийг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг юм. Тиймээс засвар үйлчилгээг манай байгуулага хариуцдаг юм. 12 корын шилэн кабелийн 100м утсанд 250000 төгрөг, 2 муфтэнд нийт 280000 төгрөг, Жимобайлын 2 кор нь 3 цаг 24 минут саатсаны улмаас гэмтэл саатлын мөнгөн дүн 84914 төгрөг, Скайтель, Юнитель, Миком зэрэг компаниудад гэмтэл саатлын 73149 төгрөгний хохирол учирсан. Засварлах багийн явсан зардалд бензин 15л А92 бензин зарцуулсан үүнд 28350 төгрөг, 5 засварчны томилолтын зардалд 80000 төгрөг, шилэн кабельд 16ш залгаа хийсэн үйл ажиллагааны зардалд 128000 төгрөг тус тус зарцуулсан бөгөөд нийт 924413 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлыг Ц төлж барагдуулсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р талд/,
гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Агаарын шилэн кабель нь газраас 4.5 метрт байдаг яг тэр тасарсан хэсэг нь газар нь их өндөр газраас 2.5 метр байсан тул ачаатай авто машин явахад тасрах боломжтой гэж бид нар харсан. Тухайн кабель тасарсан гэх газарт нэг машиний мөр агаарын кабель доогуур гараад 500 метр зайд нэг айл зүг яваад буцаад баруун тийш явахдаа яг тэр кабель тасарсан газар дээр ирээд явсан ганцхан авто машины мөр байсан өөр ямарч ул мөр байхгүй байсан тул бид нар энэ авто машин агаарын кабель тасалсан байна гэж үзсэн. Агаарын кабель тасарсан газарт авто машиний мөрөөс өөр ямарч ул мөр байхгүй байсан. Тухайн кабель тасарсан газрын хөрс нь их зөөлөн чийглэг байсан тул их тодорхой харагдаж байсан. Бид нар очоод тасарсан кабелийг аваад оронд нь 100 метр кабель залгаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Агаарын шилэн кабель нь газраас 4.5 метрт байдаг, яг тэр тасарсан хэсэг нь газар нь их өндөр газраас 3,2 метр байсан тул ачаатай авто машин явахад тасарах болжтой гэж бид нар харсан. Тухайн кабель тасарсан гэх газарт нэг машины мөр агаарын кабель доогуур гараад 500 метр зайд нэг айл зүг яваад буцаад баруун тийш явахдаа тухайн кабель тасарсан газраар явсан ганцхан авто машиний мөр байсан өөр ямарч ул мөр байхгүй байсан тул бид нар энэ авто машин агаарын кабель тасалсан байна гэж үзсэн. Агаарын кабель тасарсан газарт авто машины мөрнөөс өөр ямар ч ул мөр байхгүй байсан. Тухайн кабель тасарсан газрын хөрс нь их зөөлөн чийглэг байсан тул ямар ч юм явсан их тодорхой харагдаж байсан. Бид нар очоод тасарсан кабелийг аваад оронд нь 100 метр кабель залгаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Өнөөдөр манай гэрт хадам аав Ц гэрийнхээ тал ачааг ачаад буцаад явсан ..УАЗ автомашинтай ирээд гэрийн тооныг машин дээр ачаад бусад ачааг машин дотор ачаад буцаад явсан. Хадам аав 14 цагийн үед ирээд буцаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
гэрч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 2019 оны 03 сарын сүүлчээр Ө сумын О гол гэх газраас Т сумын Шар хургад гэх газарлуу нүүсэн бөгөөд 2019 оны 04-р сарын 02-ны өдөр ирж гэрээ бариад маргааш нь буцаж мал тууж ирж байсан эхнэр, ээж нарыг т сож явсан юм. Манайхыг нүүж ирсний дараа 2019 оны 04-р сарын 03-ны өдөр аавынх маань бидний араас нүүж ирсэн бөгөөд манайхаас 4 км орчим зайтай хүрэн хадын ам гэх газарт буусан юм. Аав Ц нүүж ирсэн өдөр өө манайхыг нүүхэд тавьж явуулсан зарим эдлэл болох тооно, 2 хана, 2 авдар зэрэг эдлэлийг өөрийн УАЗ-469 маркийн УВА улсын дугаартай автомашинтай ирж ачиж явсан байсан. Тухайн үед би мал тууж явсан тул машинд эд зүйл хаана нь ачиж явсныг нь хараагүй. Биднийг мал тууж хүрэн хадын аманд ирэхэд аав ирээд гэрээ барьж байсан бөгөөд манайхаас тооноос бусад эд зүйлээ аваад ирчихсэн байсан. Аав тэр үед шилэн кабель тасалсан талаар огт яриагүй. Харин тэр цагдаа нар ирж уулзаад шилэн кабель тасарсан талаар хэлсэн. Уг тасарсан кабель нь манайхаас аавынх явах замд байсан юм. Аав маань машинтай явсан тул кабель тасалснаа мэдээгүй өнгөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын эхээр Ө сумын О гол гэх газраас нүүж замдаа хэд хоноод 2019 оны 04-р сарын 03-ны өдөр Т сумын нутаг "Хүрэн хадын ам" гэх нэртэй газар ирсэн юм. Ц өөрийнхөө УАЗ 469 маркийн УВА улсын дугаартай ногоон өнгийн машинаар 1 удаа явж ачиж ирсэн. Тэгэхдээ авдарыг машин дотор, тооныг машин дээр хөндлөн хавтгайгаар нь ачиж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,
гэрч Б.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “... Тухайн өдөр кабель Улаангомоос Өлгий чиглэлд 32 км-т тасарсан, дуудлагаар очиход агаарын шилэн кабель тасарч 2 үзүүр нь салж газарт унасан байсан. Уг газарт автомашины мөр 2 удаа явсан бололтой ул мөр үлдсэн байсан. Бид уг тасарсан хэсгийн 2 шон хоорондох 70м кабелийг тасалж оронд нь 100 м кабель, 2 ширхэг муфт хийж холбож өгсөн. 16 залгаас хийгдсэн. Уг 70м кабелийг дахин ашиглах боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,
гэрч С.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-нд чанар хариуцсан мэргэжилтэнгийн албан тушаалд ажилдаг. Анх 2009 онд ажилд ороод одоог болтол энэ байгууллагад ажиллаж байна. Одоогийн албан тушаалд 3 дахь жилдээ ажиллаж байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 03 минутаас эхлэн 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цаг 27-минутанд шилэн кабель засагдаж буцаж хэвийн ажиллагаатай болж систем сэргэсэн. Шилэн кабель тасарсан нийт хугацаа нь 3 цаг 24 минут болсон. Увс, Ховд, Баян-Өлгий аймагруу явж байгаа улсын чанартай гол магестрал харилцаа холбооны шилэн кабель юм. Иймд шилэн кабель сэргээх материалын зардал, ажиллах хүчний зардал, тээврийн зардал, шилэн кабелиар дамжиж байгаа харилцагч байгууллагуудын харилцаа холбооны үйлчилгээ саатсан зэрэг хохирол хор уршиг учирсан. Үүнийг мөнгөн дүнгээр харьцуулбал 3 цаг 24 минутын системын саатлын улмаас харилцагч байгууллагуудын үйлчилгээ тасарснаар 158.063 төгрөгийн бизнесийн хохирол гарсан. Шилэн кабель засвар хийгдэнэ гэдэг нь дамжуулэдтын чанар алдагддаг болж шилэн кабелийн унтралт нэмэгдэж ашиглалтын хугацаа буурч богиносно.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
шүүгдэгч Н.Ц-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манайх 2019 оны 03-р сарын 31-ний өдөр Ө сумны нутаг О гол гэх газраас нүүж Т сумын Мянган багийн нутаг Хүрэн хадын ам гэх газарт ирсэн юм. Бид замдаа малаа тууж явсан тул хээр 3 хоноод уг газарт ирсэн. Уг газарт 2019 оны 04-р сарын 03-ны өдөр үд өнгөрч байхад 13.00 цаг орчимд нүүж ирсэн. Би нүүхдээ манайхаас түрүүлж том машинаар муудсан туувар даахгүй мал ачиж явсан. Хүү М-д өөрийн гэрийн 2ш авдар, 2ш хана, тооно, 2ш туурга зэргийг ачиж явуулсан байсан тул би нүүж очоод өөрийн эзэмшлийн УАЗ-469 /УА331512/ загварын УВА улсын дугаартай ногоон өнгийн автомашид гараар хийсэн чиргүүл угсарч явж манайхаас 5-6 км зайтай Шар хургад гэх газарт байсан хүү М-н гэрт очиж авдар 2ш, хана 2ш, шүүгээ 1ш, тооно 1ш, туурга 2ш, унь 15ш орчим зэргийг ачиж ирээд гэрээ барьсан. Намайг гэрийн ханаа дугуйлж бэхэлж уяж байхад эхнэр Д, хүү М нар ирж гэр барилцсан юм. Тухайн үед би замдаа кабель утас тасалсан талаар мэдээгүй. Тэр орой 18.00 цаг орчимд орой хоолоо хйиж байтал цагдаагийн алба хаагч нар ирж та агаарын шилэн кабель тасалсан байна гэж хэлсэн юм. Тэгэхэд кабель тасалсанаа мэдсэн юм.” гэх мэдүүлэг,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р тал/,
хэргийн газар дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р тал/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р тал/,
2019 оны 5 дугаар сарын 3-ны 5/390 дугаартай машины чиргүүлийн 2 ширхэг дугуй шинжилгээнд зориулж хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18-19-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 19/44 дугаартай “1. Хэргийн газраас илрүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн дугуйны 1 ширхэг мөрний зах ирмэг нь бүрэн гүйцэт гарсан боловч уг мөрөнд агуулагдах хувийн онцлог шинж тэмдэг нь хангалтгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Харин хэлбэр дүрс өргөний хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь тодорхой хэсэг автомашины дугуйны дардастай харьцуулах боломжтой. Мөн шинжилгээнд ирүүлсэн мөрөнд үзлэг хийхэд хувийн онцлог шинж тэмдэг нь хангалттай дүрслэгдэж байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. яллагдагч Н.Ц-н эзэмшлийн автомашины чиргүүлийн 2 ширхэг дугуй нь шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр нь баруун гэж хаягласан автомашины дугуйны дардастай хэлбэр дүрс, хээн зураглал, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ, зүүн гэж хаягласан автомашины дугйны дардастай хээн зураглал, өргөний хэмжээ, зүүн талын эдэлгээний явцад үүссэн элэгдэлт зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 47-51-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн У сумаас Ө сумын чиглэлийн агаарын шугамын 12 корын шилэн кабелийн эзэмшигч нь “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК байна. Иймээс уг агаарын шугамын 12 корын шилэн кабелийн төрийн өмч гэж үзэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг агаарын шугамын шилэн кабелийг нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэж үзнэ.
Шүүгдэгч Н. нь авто машин жолоодож явахдаа шон хооронд татсан агаарын шугам доогуур гарахад тухайн агаарын шугам тасрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр агаарын шугамыг тасалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Ц-н нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл, тоног төхөөрөмж болох агаарын шилэн кабель болон муфт /12core/ нь 539.000 төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р тал/-ээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Э.Ц-г болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээсэн үйлдлийн улмаас 539.000 төгрөгний хохирол учирсан нь “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Н.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Ц болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ц нь хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-н мэдүүлэг, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагтай компаний Увс аймаг дахь газрын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай “Н овогтой Ц нь манай байгууллагад учруулсан 926.413 төгрөгийн хохирлын төлбөрөө 2019 оны 5 сарын 15-ны өдөр төлж барагдуулсан нь үнэн болно” гэх тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Ц-н хувийн байдлын талаар гэрч О.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц нь Ө суманд төрж өссөн одоо ч тэндээ мал маллаж амьдарч байгаа. Хөдөө хээрээр мал хариулж малын ашиг шимээр амьдрал аа залгуулж өдийг хүрсэн. Хувьдаа цөөн тооны малтай, хуучин УАЗ- 31512 маркийн машинтай, өөр хөрөнгө гэхээр зүйлгүй, амьдралын хувьд дундаас доогуур орлоготой өрх байгаа юм. Эхнэр 2 хүүхдийн хамт Орлого багт амьдарч байгаа хүн юм. Зан араншингийн хувьд даруу төлөв зантай, элдэв муу зуршилгүй, хүнтэй зөв боловсон харьцдаг цайлган цагаан зан араншинтай, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, аавын тал нь дээр үед сумандаа алдартай лам хүн байсан тул тэдний удмын хүмүүс нэр хүндээ бодож хамгаалж явдаг, нутгийн олны дунд нэр хүндтэй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/, улсын бүртгэлийн хэлтсийн болон автотээврийн төвийн албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Увс аймгийн Ө сумын Засаг даргын тодорхойлолт шүүгдэгч Н.Ц нь Увс аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суудаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь нотлогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Ц-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч З овогт Н-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д 320 /гурван зуу хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ