Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2016/00410

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, шүүгч Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт оршин суудаг, утас **********, РД:*****************А овогт Кий Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, утас **********, РД:***********С овогт Хын Х /хоч нэр Х.Х/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.С, С.Н, иргэдийн төлөөлөгч Х.Э, гэрч З.З, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол болох нэхий дээлийн үнэ 500000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч К.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х нь 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр аймгийн МАН-ын байранд надтай хэрүүл маргаан үүсгэж улмаар миний зүүн мөрнөөс татаж миний өмсөж байсан Дархан үйлдвэрийн нэхий дээл уригдаж өмсөх боломжгүй болсон. Би нэхий дээлээ төлүүлэж авахаар аймгийн Цагдаагийн байгууллагад болон эвлэрүүлэн зуучлах шүүхэд хандсан боловч Р.Х нь одоо хүртэл миний дээлийг төлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд Хээс нэхий дээлийн үнэ 500000 төгрөгийг надад гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Энэхүү нэхий дээлийг 1 дүгээр сард авсан. 3 сарын үед намын хурА гээд явсан. Орой нь Хуатхан гэдэг хүн нэхий дээлийг урчихлаа гэж ирсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад очоод засварлаж өгөхөөр тохиролцсон. Засвар хийсний дараа харахад өмсөх боломжгүй болгож оёсон байсан болохоор аваагүй. Энэ дээлийг хүүхдүүд маань авч өгсөн шинээр 2-хан сар өмссөн дээл байсан. Тухайн үед энэ дээлийг 550000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тийм учраас нэхий дээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хангаж нэхий дээлийн үнэ 500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие иргэн К.Хын нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Х.Х нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн надаас мөнгө шаардсан байна. Цагдаагийн газрын тодорхойлолтыг миний би эрс үгүйсгэж байна. Намайг торгож байсан мэтээр тодорхойлолт бичиж өгчээ. Надад цагдаагийн байгууллагаас хэзээ ч захиргааны арга хэмжээ ногдуулж байгаагүй, мөртлөө тэр тодорхойлолтыг харж гайхаж байна. Мөн тэрхүү намын дэд даргын тодорхойлолт гэх бичигт байгаа тодорхойлолт нь хэзээ хаана үйлдсэн нь тодорхойгүй бөгөөд хувь хүний гар бичмэл дээр намын хорооны тэмдэгийг дарж баталгаажуулсан нь үндэслэлгүй юм. Дүгнэж хэлэхэд К.Хын хувцсыг урж хаясан гэдэг ньхудал гүтгэлэг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие МАН-ын байранд болсон хуралдаанд хуралд илтгэл тавихаар очиход хаалган дээр К.Х гэдэг хүн мандат шалгаж байсны гаднаас нь харсан. Тэр хүнтэй ямар нэгэн байдлаар зодолдсон зүйл байхгүй. Үдээс хойш ийм нэг дээл урлаа гээд надад авч ирсэн. Миний харснаар нэлээн удсан хуучин дээл байсан. Тэгээд би хурал дээр сууж байхад цагдаагийн газраас З дуудсан. Тэгэхэд би энэ хүнд гар хүрээгүй, энэ хүн надад ямар ч хамааралгүй хүн гэдгийг хэлсэн. Тэнд 200, 300 хүн байсан. Тэр үед миний хажууд байсан хүмүүсийн нэрийг хэлээд тэр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваарай. Би энэ хүнтэй ямар ч хамааралгүй хүн шүү гэж Зт хэлээд яваад өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Х нь нэхэмжлэлдээ хариуцагчийн нэрийг С овогт Ргийн Х гэж, мөн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №З/З 0448 дугаартай Захиргааны зөрчлийн материалд С овогт Хын Х гэж тус тус хоч нэрээр нь янз бүрээр бичсэн байх тул хариуцагчийн нэрийг Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичсэнээр РД:***********С овогт Хын Х гэж шийдвэрт зөвтгөн бичих нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр зохигчдын тайлбарлаж байгаа байдал зэргийг ач холбогдолтой эргэлзээгүй үнэн зөв талаас нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нэхэмжлэгч К.Хын эд хөрөнгө болох нэхий дээлийг урж гэмтээсэн гэдэг нь нотлогдоогүй, мөн хариуцагч Х.Хы үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээгүй, захиргааны арга хэмжээ аваагүй болох нь нотлогдож байна. Үүнд:

-Хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч К.Хтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил үйлдэн Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар 10000 төгрөгөөр торгуулсан гэх боловч аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицер №0448 дугаартай захиргааны зөрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад хуурамч бичиг баримт бүрдүүлэн хариуцагч Х.Хы гарын үсгийг хуурамчаар зурсан нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 043 дугаартай Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Шийтгэвэр хүчингүй болгох тухай тогтоолоор Х.Хд ноогдуулсан гэх захиргааны арга хэмжээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч К.Х нь нэхий дээлийг хэзээ хаанаас авсан шинэ дээл байсан эсэх нь тодорхойгүй, мөн урагдсан гэх нэхий дээлийн зургийг хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт гэдэг нь эргэлзээтэй, тухайн үед дээл урагдсаныг харсан гэх гэрч М.Шакиртийн тодорхойлолт бичсэн үйл баримт нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Монгол Ардын Намын хорооны тамгыг дарж баталгаажуулсан тодорхойлолтод намын тамгыг дарсан боловч албан бланканд бичигдээгүй, тодорхойлолтод К.Хийн хэлснийг сонссон гэж бичсэн тул уг тодорхойлолт нь шууд нотлох баримт болж чадахгүй болно.

Иймд эдгээр нотлох баримтуудаар хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч К.Хын нэхий дээлийг урсан гэх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхий дээлийн үнэ 500000 төгрөгийг хариуцагч Х.Хаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч К.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг улсын орлого болгох болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С овогт Хын Х /хоч нэр Х.Х/-аас хохирол болох нэхий дээлийн үнэ 500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч А овогт Кий Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч К.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 /арван таван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

Б.МАНГИЛИК