| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/6416/и |
| Дугаар | 182/ШШ2016/00511 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Өвлөх, Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2016/00511
| 2016 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 182/ШШ2016/00511 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Ц.Л
Хариуцагч: Б.А
Хариуцагч: нотариатч Х.Ц
орон сууцны өвлөгчөөр тогтоолгох, нотариатч Х.Ц-ийн 2015 оны 05 сарын 30-ны өдөр бичиж олгосон Ү-22******** дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай өвлөх эрхийн гэрчилгээ болон нотариатын үйлдэл, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Лын төрсөн хүү Д.Н нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барж, түүнийг амиа хорлосон явдалд түүний эхнэр Б.Аг буруутган энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулж байсан хэдий ч ач нараа бодож, гомдол саналгүй тухай өргөдөл бичиж эрүүгийн хэрэг 2012 оны 11 сарын 02-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Д.Нын нас барсан өдрөөс хойш өв хөрөнгийг хууль ёсоор тэргүүн ээлжид өвлөх эрхтэй хүний нэг нь түүний эх Ц.Л. Энэ үед Б.А Ц.Лд 2-р дөчин мянгатын 12б байрны 41 тоот хаягт орших орон сууцыг танд өгье, та ав гээд тухайн үед тэр байранд амьдарч байсан өөрийн эгчийгээ байрнаас гаргасан. Улмаар Ц.Лын төрсөн хүү Б.Ог амьдарч байсан хашаа байшингаас нь нүүлгэн тус байранд 2012 оны 11 сарын 07-ны өдөр оруулсан. Түүнээс хойш Б.О энэхүү байранд одоог хүртэл амьдарч байгаа.
Гэтэл Б.А Б.Огийн амьдарч буй байрыг удахгүй зарна байрыг чөлөөл гэж хэлсэн. Ц.Л нь 80 гарсан бие эрүүл мэндийн байдал сайнгүй, зүрхний болон мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байж, тогтмол эмчилгээ сувилгаа хийлгэдэг зэрэг насны байдал, эрүүл мэндээс шалтгаалан байрны өмчлөх эрхийг шилжүүлж авах ажлыг хөөцөлдөж аваагүй байсан. Б.А нь энэ байдлыг ашиглан урьд хэлж ярьж, байрыг Ц.Лд өгсөн гэдгээ мартаж, 2-р дөчин мянгатын 12б байрны 41 тухайн байрны өмчлөх эрхийг 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан байдлыг олж мэдсэн.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу Ц.Л нь 2-р дөчин мянгатын 12б байрны 41 тоот байрыг өөрийн мэдэлд авч өөрийн хүүг суулгаж байгаа явдал нь эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан зүйл мөн тул энэ хөрөнгийг өвлөгчөөр хүлээн авсан гэсэн үг юм. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р дөчин мянгат, 12б байрны 41 тоот хаягт орших Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өвлөгчөөр Ц.Лыг тогтоож өгнө үү.
Ийнхүү Ц.Л нь дээрх өвлөгдсөн орон сууц буюу өвийг хүлээн авч, мэдэлдээ хадгалж байхад Б.А д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчжээ. Иймд 304 дугаартай нотариатч Х.Ц гийн 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичиж олгосон Ү-22******** дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 012 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, нотариатын үйлдэл, бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Лын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ хэмээн заасан тул Ц.Лын эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан хэмээн үзэж байна. Ц.Лын төрсөн хүү Б.О нь тус байранд 4 жилийн хугацаанд амьдарсан ч тухайн байрыг шилжүүлж аваагүй, анх тэднийх 24 дүгээр сургуульд хүүхэд нь сурдаг, ойрхон тул байрандаа суулгаач гэсний дагуу суулгасан. Нэхэмжлэгч орон сууцыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар эзэмдэн аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нотариатч Х.Ц шүүхэд гаргасан тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Х.Ц нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 000067614 гэрчилгээтэй, Ү-22******** улсын дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байрлах иргэн Б.А , нас барагч Д.Н нарын хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцны нас барагч Д.Нт ноогдох хэсгийг түүний эхнэр Б.А , төрсөн хүүхдүүд болох Н.М, Н.Н нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй.
Иргэн Д.Н нь 2012 оны 10 сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч болох Б.А , Б.М, Б.Н нар нь 2015 оны 05 сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ бичгээр гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед нэхэмжлэгч Ц.Л нь нас барагч Д.Нтай хамтран амьдарч байгаагүй болох нь 2015 оны 05 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хорооны Засаг даргын тамгын газраас олгосон тодорхойлолтоор нотлогдсон бөгөөд Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд Ц.Л нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан. “Иргэний хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийн хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” хэмээн заасан тул Ц.Лын эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан хэмээн үзэж, өвлөх эрхийн гэрчилгээг Б.А д олгосон. Иймд Ц.Лын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гэрчээр А.Б, Г.О нарыг оролцуулж асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.
Шүүх нэхэмжлэл, нас барсны бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, хорооны засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Лын хүү Д.Н 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан ба Д.Н нь эхнэр, 2 хүүхэдтэй байсан байна.
Д.Нын өмчлөлд 2 өрөө орон сууц 4 ширхэг, 1 өрөө орон сууц 1 ширхэг, 144 м кв талбайтай амины орон сууц, 700 м кв газрын хамт, Мананомин ХХК-ийн хувьцаа зэрэг эд хөрөнгө байсан ба эхнэр Б.А нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг хадам ээж Ц.Лтай ярьж шилжүүлэн, том хүү Д.Огийнхыг уг байранд оруулан суулгаж, тэнд Д.Огийнх одоо хүртэл амьдарч байна.
Б.А гийн хүссэний дагуу нотариатч Х.Ц 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дээрх орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг Б.А , түүний 2 хүүхдэд олгожээ.
Нэхэмжлэгч Ц.Л Б.А болон нотариатч Х.Ц нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг өвлөх эрхийг Б.А болон хүүхдүүдэд олгосон нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ, нотариатын үйлдэл, бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дээрх орон сууцыг эзэмдэн авч өвлөсөн гэж үндэслэж, хариуцагч нар нэхэмжлэгчийг эд хөрөнгө өвлөх тухай хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй, өвлөхөөс татгалзсан, мөн түүнчлэн орон сууцанд түр суулгаж байсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргаж байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн эхнэр, хүүхэд, ээж нар нь адил тэгш эрхтэй өвлөгч нар байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй өвлөгч өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.
Шүүх нэхэмжлэгч Ц.Лыг Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг хүлээн авсан өвлөгч мөн байна гэж дүгнэж байна. Үүнд:
1.Б.А орон сууцыг хадам ээж Ц.Лт өгөхөөр ярилцаж, Ц.Л том хүү Д.Огийнхыг байранд суулгасан нь эд хөрөнгийг эзэмдэн авсан үйлдэл мөн байна. Энэ нь өв нээгдсэнээс хойш 24 хоногийн дараа болсон ажээ. Иргэний хуулийн 528.2-т өвлөгч өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авах буюу эрхлэн удирдах, эсхүл нотариатчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байх гэсэн хоёр нөхцөлийг заасан байна.
2.Хариуцагч Б.А Д.Ог хүүхдээ 24 дүгээр сургуульд явахад ойр гэж гуйхад нь орон байрандаа түр суулгасан гэх боловч энэ нь “Б.А бидэнтэй ярилцаагүй, байранд нүүж ор гэж хадам ээж түлхүүр өгсөн тул амьдарч байгаа” гэсэн гэрч Г.О-ийн /Д.Огийн эхнэр/ мэдүүлэг, “тухайн үед 1 өрөө байраа өгөх талаар Б.А өөрөө эхэлж хадам ээжтэй ярьсан, сүүлд саяхан Б.А зээл авахаар нэг байраа барьцаанд тавиулчих гэж манай эхнэрээс гуйсныг зөвшөөрөөгүй, түүний дараа Д.Огийн сууж буй байрыг авна гэж яриа гарсан” гэсэн гэрч А.Болдхүүгийн мэдүүлэг, мөн түүнчлэн дээрх байранд сууж байсан Б.А гийн эгч Өнөрцэцэгээр байрыг суллуулсан байдал, Б.А өөрөө тухайн үед Д.Ныг амиа хорлоход хүргэсэн асуудалд шалгагдаж байсан ба энэ үедээ хадам ээжийгээ 1 өрөө байраа ав гэж хэлсэн гэх магадлал өндөр, өвийн зүйлд олон үл хөдлөх эд хөрөнгө, компанийн хувьцаа байсан ба ээж Ц.Л нь эд хөрөнгөөс өвлөхөөргүй хангалуун амьдралтай хүн биш зэрэг байдлуудаар үгүйсгэгдэж байна.
Нотариатч Х.Ц маргаан бүхий орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг Б.А д олгохдоо хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн, зарим мөрдвөл зохих хуулийн заалтыг зөрчсөн байна. Үүнд:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь өв хүлээн авсан гэж үзэх тухай заалтыг хариуцагч зөвхөн нотариатчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байх ёстой гэж үзсэн байна.
2. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т үйлчлүүлэгч нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүрэгтэй, 30 дугаар зүйлийн 30.2-т нотариатч иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болох тухай заалтуудыг нотариатч хангаж ажиллаагүй байна.
Үйлчлүүлэгч Б.А Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүйг хорооны засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тодорхойлсон, түүний хаяг иргэний үнэмлэх болон 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолтонд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-18 тоот гэж бичигдсэн байсан зэргийг нотариатч нягтлан шалгах байсан. Өвлүүлэгч 2012 онд нас барсан, өвлөх эрхийн гэрчилгээг 2015 онд авахыг хүссэн ба тэр байрыг өөр өвлөгч эзэмдэн авсан байж болох эсэх, одоо тэр байранд хэн оршин сууж буй зэргийг нотариатч үйлдэл хийхээ хойшлуулж байгаад тодруулах боломжтой байсан байна. Нотариатын үйлдлийг зөвтгөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2-ыг баримтлан Цэндийн Лыг Чингэлтэй дүүргийн *** тоот 1 өрөө орон сууцыг өвөөр хүлээн авсан өвлөгчөөр тогтоосугай.
2. Монгол улсын Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг баримтлан нотариатчаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн *** тоот 1 өрөө орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн нотариатын үйлдэл, бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 528.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А гаас 457.950 төгрөгийг, хариуцагч Х.Ц гаас 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Лд олгосугай.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД