| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2024/01923/И |
| Дугаар | 210/МА2024/02186 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/02186
2024 12 16 210/МА2024/02186
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04914 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ь
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Талууд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, ******* тоот хаягт байршилтай, 476 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10,000,000 төгрөгөөр, мөн хаягт байршилтай, 70 м.кв талбайтай хувийн сууцыг 40,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон. Улмаар, нэхэмжлэгч нь Хаан банктай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ/202349970445 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн, сарын 1,7 хувийн хүүтэйгээр зээлж, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нийт 50,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.
1.2 Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш өвлийн хугацаанд ашиглаагүй. Хавар газар гэсэж дулаарсантай холбоотойгоор тус байшиндаа амьдрахаар очсон боловч байшингийн шал доош сууж, хонхойлт үүссэн байсан. Үүнээс болж байшингийн дотор хана таазнаасаа хөндийрч, том хэмжээний завсар гарч, хаалганууд гажиж хаагдахаа больсон. Энэ талаар хариуцагчаас асуух гэсэн боловч хөдөө явсан, утас нь холбогдохгүй гэх тайлбарыг түүний бэр болох н.******* өгсөн. Хариуцагчийн зүгээс нэгэнт зараад борлуулсан одоо манайд хамаагүй гэж хариулан, уулзахаас татгалзсан.
1.3 Бид өөрсдөө байшинг засварлуулах талаар барилгын мэргэжлийн хүнээс асууж зөвлөгөө авахад ...анхнаасаа байшингийн суурийг буруу барьсан үед газрын хөрснөөсөө шалтгаалаад ингэж гажилт үүсдэг тул байшингийн суурийг бүхэлд нь өөрчилж шинээр барихгүй бол болохгүй гэсэн. Хариуцагч нь байшинг эзэмшиж байх хугацаандаа удаа дараа засах гэж оролдож байсан буюу худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэж байна. Үүнээс болж худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч нь гэрээний 4.1, 4.3 дэх заалтыг тус тус зөрчсөн.
Иймд Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1, 256.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үнэд шилжүүлсэн 50,000,000 төгрөг, мөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох Хаан банкны зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлсөн нийт 8,500,000 төгрөг, мөн Хаан банкны зээлийн үйлчилгээний шимтгэлд төлсөн 400,000 төгрөг, нотариатчийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 99,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие өөрийн өмчлөлийн 476 м.кв талбайтай газар болон 70 м.кв талбайтай, хувийн байшинг худалдахаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******ьтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авч, газрын өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлж, худалдан авагчид хөрөнгийг хүлээлгэн өгсөн.
2.2 Миний бие тухайн өвлийн сууцанд 10 жил амьдрах хугацаанд бага саг засвар хийж байсан. Энэ нь нэхэмжлэгчийг үзэж харахад нүдэн дээр нь ил харагдаж байсан. Тэрээр зарим зүйлийг нь асууж, тодруулсан. Миний хувьд доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан зүйл байхгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3-т заасныг баримтлан М.Номундарь, ******* нарын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалж, *******ээс 50,440,000 төгрөг гаргуулан *******ьд олгож, үлдсэн 9,560,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 410,150 төгрөг гаргуулан *******ьд, *******ээс 1,100,000 төгрөг гаргуулан Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1 Худалдах, худалдан авах гэрээ хийх хүртэл ******* уг хувийн сууцанд гэр бүлийн хамт 10 гаруй жил өвөл, зунгүй амьдарч байсан. Өвөл нам даралтын зуухаар байнгын галлагаатай байсан. Уг хувийн сууцыг Канад технологиор барьсан бөгөөд гадна талаар нь улаан тоосгоор өнгөлсөн. Олон жил амьдрах хугацаанд гадна талыг өнгөлсөн тоосгон хананд цууралт үүссэнийг шавардсан. Цонх солиход үүссэн завсрыг хариуцагчийн гэр бүлийн хүн даавуугаар чигжиж дулаалсан байдал нь, мөн үүдний тамбурыг байшинг барьсны дараа тусгай суурьтай хийсэн тул байшингийн суурьтай холбож суурийг бэхэлж тамбурыг троссоор байшинтайгаа холбож бэхэлж өгсөн зэрэг байдлууд нь ил тод харагдаж байсан. Энэ бүх байдлыг нэхэмжлэгч өөрөө болон эцэг эх, эмээ өвөөгийн хамт уг сууцыг удаа дараа үзэж асууж тодруулж байж худалдаж авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар ******* өвөл, зуны улиралд амьдарч болох хувийн сууцаа *******ьд шилжүүлсэн.
4.2 Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэг зааснаар худалдсан өмч, өмчлөх эрх худалдан авагч *******ьд шилжсэнээс хойш жилийн дараа уг хувийн сууцанд эвдрэл гэмтэл үүссэн нь шинжээчийн дүгнэлтийн 2-т ...шавартай хөрстэйн улмаас хөрс температурын нөлөөллөөс хөлдөж гэсэн хөдөлгөөнд орсноос шал бүхэлдээ хагарч гэмтсэн байна гэснээс үзэхэд эрсдэл худалдан авагчид шилжсэн нөхцөлд дээрх эвдрэл үүссэн байна гэснээр тогтоогдож байна. Худалдан авагч гэрээ хийх болон эд хөрөнгийг хүлээн авах үед нүдэнд ил харагдаж буй даавуугаар чигжээс хийсэн, троссоор тамбуртай холбож уясан, улаан тоосгонд цууралт үүссэнийг шавардсан гэх мэт доголдлыг харж асууж тодруулж байж өмчийг шилжүүлэн авч, эрх шилжүүлэн авсан бөгөөд эд хөрөнгийн эд зүйлийн доголдлыг мэдсэн эсвэл мэдэх боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 255.1.1, 255.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж үзэж байна.
4.3 Шинжээчийн дүгнэлтээр барилгын шал шавартай хөрстэйн улмаас хөрс температурын нөлөөллөөс хөлдөж гэсэж хөдөлгөөнд орсноос шал бүхэлдээ хагарч гэмтсэн байна, барилгыг нурааж шинээр барихгүйгээр засварлаж болно гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ шүүхийн шийдвэрт огт заагаагүй байна. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* өөрийн гэр бүлийн хамт 10 жил амьдарч байсан хувийн сууцаа нэхэмжлэгчид үзүүлж бодит байдал дээр харагдаж үзэгдэж байсан нөхцөл байдлыг тайлбарлаж хэлж өгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн.
Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмч болон өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэний дараа талуудын хэн аль нь мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж шавартай хөрстэйн улмаас хөрс температурын нөлөөллөөс хөлдөж гэсэж хөдөлгөөнд орсноос шал бүхэлдээ хагарч гэмтсэн нь гэнэтийн шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Мөн барилгыг нурааж шинээр барихгүйгээр засварлаж болно гэж дүгнэлтэд заажээ. Энэ бүхнээс үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасан суурь зарчмыг хэрэглэх бүрэн боломжтой байхад мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэрээг цуцалж хуулийг буруу хэрэглэсэн байна.
4.4 Шинжээчийн дүгнэлтэд доголдлыг нуусан гэж заагаагүй. Харин гэрээ хэрэгжээд жил гаруй хугацааны дараа ямар нөхцөл байдал үүссэн байгааг дүгнэлтдээ заасан. Нэхэмжлэгчид шилжсэн хувийн сууц болон газар өмчлөх эрхийн гэрчилгээ *******ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчинтэй хэвээр үлдсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байгаа учраас Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт бүрэн гэх үг хаягдаж, техникийн алдаа гарсан болохоос шүүгчийн гаргасан дүгнэлт биш гэж үзэж байна.
5.2 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохицуулсан. Мөн хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж зохицуулсан. Гэвч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд гэх хуулийн заалтыг орхисон. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт тухайн эд хөрөнгийг ашигласан байхыг шаардаж байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд нэг өдөр ч амьдраагүй.
5.3 Мөн тохиолдлын шинж чанартай үүссэн эвдрэл, гэмтэл биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Уг нөхцөл байдлын улмаас хариуцагчийн гаргасан эрсдэлийг шилжих ёстой гэх тайлбар нь үндэслэлгүй. Гэрээний 4.1, 4.3, 4.6, 4.7, 5.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн хэн хэн нь гэрээг цуцлах эрхтэй. Уг тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг хариуцахаар тохиролцсон учраас Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
5.4 Мөн нэхэмжлэгчийн зүгээс худалдаж авсан байшинд засвар, үйлчилгээ хийлгэхээр болоход тухайн байшингийн шал эвдэрч, хана цуурч, гадна талын гудамжны гэрэл харагдаж байсан. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийг хүртэлх хариуцагч руу мессеж бичиж байсныг нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Уг нөхцөл байдлыг хариуцагчийн зүгээс өөрийгөө хөдөө байсан учраас мэдээгүй гэж тайлбарладаг. 2023 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.5 Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний төвийн тайлантай танилцсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар гомдол, санал гаргаагүй. Уг нөхцөл байдлаас харахад хариуцагчийг хөрөнгийн үнэлгээний төвийн тайланг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс уг байшинг засварлаж, хүн амьдрах нөхцөл боломжоор хангах байшингийн зардлын хүрээнд 21,227,000 төгрөг зарцуулагдана гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь уг байшинг анх 28,000,000 төгрөгөөр бариулж, 50,000,000 төгрөгөөр худалдсан. Мөн тухайн байшинг 50,000,000 төгрөгөөр худалдан авч, банкны зээлийн төлбөрт 14,000,000 төгрөгийг төлсөн учраас хариуцагчаас 21,227,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагчийн зүгээс тухайн байшинг нэгэнт худалдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.
5.6 Шинжээчийн дүгнэлтэд тухайн байшинг биет байдлын доголдолтой байна гэж дурдсан. Шинжээчийн дүгнэлтээр байшингийн суурийг хөрсний байдалтай зохицуулан цутгаагүй учраас тухайн эвдрэл гэмтэл гарсан гэдгийг тогтоосон. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан боловч худалдсан байшин нь биет байдлын доголдолтой байсныг тогтоосон. Хариуцагчийн зүгээс итгэл үнэмшил төрүүлсэн учраас нэхэмжлэгч тухайн байшинг худалдаж авсан.
5.7 Нэхэмжлэгч нь анх тухайн доголдлыг мэдэж байсан тохиолдолд 50,000,000 төгрөгийг 1,7 хувийн хүүтэй зээл авч, худалдан авах шаардлага байхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч тухайн доголдлыг мэдэж байсан гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон маргааны зүйлийг зөв тодорхойлсон боловч хууль буруу тайлбарласан, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан, гэрээнээс татгалзсанаас үүсэх хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үзээгүйгээс гаргасан алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ.
3. Нэхэмжлэгч *******ь нь хариуцагч *******т холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 50,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 8,500,000 төгрөг, зээлийн үйлчилгээний шимтгэлд төлсөн 400,000 төгрөг, нотариатчийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 99,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Талууд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 0025 дугаартай болон мөн өдөр 0024 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /өмчлөлийн газар/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээг тус тус байгуулж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ьд нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 476 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10,000,000 төгрөг, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 70 м.кв талбайтай, хувийн сууцыг 40,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцсон. /хх 7-10/
4.1 Гэрээнд заасан хувийн сууцны үнэ 40,000,000 төгрөг, газрын үнэ 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. /хх 21/ Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 11/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5.1 Шинжээч ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 247 дугаар дүгнэлтээр ...Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод байршилтай, 50 м.кв талбайтай хувийн сууц нь 13 м.кв талбайтай тамбуртай баригдсан, газар нь гадаргуугийн усны эх үүсвэртэй ойр байрлалтай, хөрсний ус бүхий газар байна, барилга нь хөнгөвчилсөн хийцтэй боловч суурийг цутгаагүй, шугам суурийн гүн нам талдаа 40 см, өндөр талдаа 67 см байна. Барилгын шал хагарч гэмтсэн байна. Барилгын суурийн хөрсийг бүрэн солиогүй, шавартай хөрстэйн улмаас хөрс температурын нөлөөнөөс хөлдөж, гэсэж хөдөлгөөнд орсноос шал бүхэлдээ хагарч гэмтсэн байна. Шалны хагарал гэмтлээс болж дотор хана цуурч, дотор хаалга гажиж хаагдахгүй болсон. Сууцны барилгыг барихдаа тамбурын хийцийг барилгатай шууд тулгаж хийсэн байна. Суурийн хөдөлгөөн үүсэх үед тамбур барилгаас салж зай завсар гарсан тул тамбурыг барилгатай холбож бэхлэхийн тулд троссоор бэхэлгээ хийсэн байна. Тамбур хийхдээ барилгатай бэхлэх шийдвэр гаргахгүйгээр хийсэн тул байшинтай тросс төмрөөр бэхэлсэн байна. Барилга нь хөнгөвчилсөн хийцтэй, баригдаад 10 жил болсон тул суурийн суулт нэмэгдээгүй, суурийг хүчитгэж бэхлэх аргаар засварлаж болно. Суурь засварлахад цонх, хаалга сольж засварлахад хана нурах эрсдэлтэй, барилгыг нурааж шинээр барихгүйгээр засварлаж болно, байшинг засварлаж хүн амьдрах нөхцөл бүрдүүлэхэд шаардагдах зардлын дүн 21,227,000 төгрөг болно гэжээ. /хх 71-99/ Уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дээрх хувийн сууцыг биет байдлын доголдолтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй тул хувийн сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон гэж үзнэ.
5.2 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрээндээ эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлыг доголдолгүй гэж дүгнэнэ. Шинжээч хувийн сууцыг засварлаж хүн амьдрах нөхцөл бүрдүүлэхэд нэмэлт зардал шаардагдахаар дүгнэснээс үзвэл уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байх тул мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолтой гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.
Энэ тохиолдол Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг шилжүүлснээр эд хөрөнгө тохиолдлоор устах, гэмтэх эрсдэл шилжих зохицуулалт хамаарахгүй тул хариуцагчийн ...шавартай хөрстэйн улмаас хөрс температурын нөлөөллөөс хөлдөж гэсэн хөдөлгөөнд орсноос шал бүхэлдээ хагарч гэмтсэн байна гэснээс үзэхэд эрсдэл худалдан авагчид шилжсэн нөхцөлд дээрх эвдрэл үүссэн, ....эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгө гэмтсэн эрсдэл худалдагчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, хувийн сууцыг нэхэмжлэгч худалдаж авснаас хойших хугацаанд эд хөрөнгөд тохиолдлоор гэмтэл учирсан байдал тогтоогдоогүй буюу эд хөрөнгийг худалдаж авах үед эд хөрөнгийн доголдол байсан байжээ.
5.3 Түүнчлэн, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.5 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, гэрээний үнэд хувь тэнцүүлэн эд хөрөнгийн үнийг буцаах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Энэ зохицуулалтын гэрээг цуцлах шаардах эрх нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох үүрэгт хамаарахгүй байхад анхан шатны шүүх хамааруулан дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор доголдлыг арилгуулах, солиулах, доголдлыг арилгахтай холбоотой зардал төлүүлэх, гэрээний үнийг бууруулах шаардлагын аль нэгийг гаргаагүй тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааг баримтлах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаа нь мөн зүйлийн 254.1, 254.5 дахь хэсэгт заасан шаардлага гаргахтай холбоотой юм. Иймд хариуцагчаас гаргасан ...Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах тухай шаардлагаа гаргах эрхээ алдсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.4 Гэрээний зүйл болсон хувийн сууцны биет байдлын доголдолтой холбоотой шаардах эрх алдах тухай Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалт энэ маргааны зүйлд хамаарахгүй. Учир нь, хувийн сууц нь барилга болохын хувьд илрэх доголдол нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үед мэдэгдэх боломжтойд тооцогдохгүйгээс гадна худалдагч тал хувийн сууцыг хүлээлгэж өгөхдөө шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон доголдлын талаар худалдан авагч талд мэдэгдээгүй байна. Иймд нэхэмжлэгч талыг эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан гэж дүгнэхгүй.
Түүнчлэн мөн зүйлийн 255.1.3 дахь хэсэгт заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгснөөс хойш бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эд хөрөнгийг эзэмшил, өмчлөлдөө хүлээж авснаас хойш уг хувийн сууц баригдсан газарт гадаргууны усны эх үүсвэр гэнэт бий болоогүй, хөрсний ус гэнэт гарч ирээгүй байна.
Иймд хариуцагчийн ...Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах асуудалд эрх зүйн дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой.
6.1 Гэрээний 1.1-д хувийн сууцыг ...биет байдлын доголдолгүй байх, 4.1-д худалдагч буюу хариуцагч нь биет байдлын доголдолгүй хувийн сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй гэснийг худалдагч зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар худалдагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ худалдан авагч зөв хэрэгжүүлсэн байна. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт гэх үндэслэлээр нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна.
6.2 Биет байдлын доголдолтой хувийн сууц нь тухайн хаягт байршилтай газартай нэгдмэл зориулалттай буюу Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар бүрдэл хэсэг байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар мөн өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээнээс мөн адил татгалзах эрхтэй. Иймд биет байдлын доголдолтой хувийн сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн тул нэхэмжлэгч нь хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээнээс бүхэлд нь татгалзах эрхтэй.
7. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг бүрэн шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн тул талууд шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч дээрх зүйлд зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Иймд шийдвэрт газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгасан өөрчлөлт оруулна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
8. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,000 төгрөг гаргуулах хэсэг нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ. /хх 22 арын нүүр/ Харин нэхэмжлэгч нь Хаан банк ХК-ийн зээлийн үйлчилгээний шимтгэлд 400,000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
9. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь алдаатай болжээ. Учир нь орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь нэг удаа гүйцэтгэх үүрэгт хамаарах тул уг гэрээг талууд цуцалж үүргийг тооцох боломжгүй тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3 дахь хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг цуцлах зохицуулалт энэ маргаанд хамааралгүй юм. Иймд уг алдааг залруулж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалтыг баримтлахаар өөрчилнө.
10. Түүнчлэн, шийдвэрт ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв. гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байхаас гадна хэргийн оролцогч анхан шатны шүүх хуралдаанд зохисгүй байдал гаргасантай холбоотой шүүгч шүүх хуралдааны журмыг сахиулаагүй гэх давж заалдах гомдол нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй юм. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04914 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 50,040,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ьд олгож, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 476 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 70 м.кв талбайтай, хувийн сууцны үл хөдлөх хөрөнгийг хариуцагч *******ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,960,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 410,150 гэснийг 408,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН