Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

  

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи, 

улсын яллагч Б.Гүнсэл,     

шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д  Д  холбогдох эрүүгийн 1910006460348 дугаартай, 187/2019/0371/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ........ оны ....... дүгээр сарын ..........-ны өдөр .........аймагт төрсөн, ............настай, эмэгтэй, ............. боловсролтой, ....... мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл ........... хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн .......... дугаар хороо, НБЦ-ийн ......... тоотод түр оршин суух, Ц овогт Д  Д /РД:......................../     

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд иргэн Б.Б-т цалингийн зээлийг чинь хааж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 4.868.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Д  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд иргэн Б.Б-т цалингийн зээлийг чинь хааж өгнө гэж хэлэн түүнээс 4.868.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан болох нь:   

1. Шүүгдэгч Д.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.Б-ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д эгчийн гэрт нь байж байхад надад хамт ажилладаг хүнээсээ мөнгө зээлээд өгье гэж хэлж байсан. Тухайн үед би баярлаад байсан. Харин маргааш нь яриад эгчид нь Хаан банкинд ажилладаг эдийн засагч найз байна. Чи цалингийн зээлээ дарчих, нэмж зээл авч болно гэж байна гэсэн. Би Д эгчид надад 4.800.000 төгрөгөө манай найзын данс руу хийчих, үлдсэн мөнгийг нь найз маань өөрөөсөө гаргаад түр өгье гэж байна гэсэн. Би Д эгчийн хэлсэн үгэнд итгээд Гантуяа гэдэг хүний данс руу 4.868.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээл гаргаж өгөхгүй байсан учраас би зээлээ авахаа больё та авсан мөнгөө л буцаагаад өгчих гэхэд дахиж утсаа аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

             3. Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 хувийн хүүтэй 10 сая төгрөг зээлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 05-нд 10 сая төгрөгийн хүү гэж 1.000.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би Д-г  найдвартай юм байна гэж итгээд мөнгө зээлсэн. Харин сүүлд авсан 4.000.000 гаран төгрөгийг бараа эргэлдүүлэн мөнгөгүй болчихлоо гэж хэлээд авсан. Одоо санаж байгаагаар 4.200.000 төгрөг авсан. Тэгээд уг 4.2 сая төгрөгийг хугацаандаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүүтэйгээ буюу 4.568.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Би хэзээ ч Хаан банкинд ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            4. Шүүгдэгч Д.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би Батчимэг рүү яриад “эгчид нь цалингийн зээлийг чинь дарж өгөх хүн байна, Хаан банкинд ажилладаг Гантуяа гэж найз маань байдаг юм, би тэр найздаа чиний тухай хэлсэн чинь дараад өгье гэж байна гэж хэлсэн. Тухайн үед би Гантуяа гэж хамт ажилладаг хүнээсээ мөнгө зээлээд өндөг тахианы мах зарж байсан боловч ашиг олж чадаагүй, өрөнд орсон байсан юм. Тэгээд Гантуяа надаас мөнгөө нэхээд байсан учраас би Гантуяагийн мөнгийг нь өгөх гээд л дүү Батчимэгт худлаа хэлээд 4.500.000 төгрөгийг Гантуяагийн данс руу шилжүүлж өрөө төлүүлсэн юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Д.Д  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Д  нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд иргэн Б.Б-т цалингийн зээлийг чинь хааж өгнө гэж хэлэн түүнээс 4.868.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.     

Иймд шүүгдэгч Д.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Д  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол 4.800.000 төгрөгийг авсан….”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.          

Шүүгдэгч Д.Д гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

Д.Д д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Ц овогт Д  Д-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Д  Д-г  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Д.Д д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Д д сануулсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.               

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР