Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2016/00412

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын ** дүгээр багт оршин суух, Ө овогт Дгийн Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгӨч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлӨч Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Д.Ц би Буянт сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар захирамжаар Буянт сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон 7 жил 5 сар ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/172 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөлөгдсөн юм. Би тус сургуулийн захирлаар томилогдсон цагаас хойш эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ эзний ёсоор хандаж, төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ухамсарт амьдралаа ардын хүүхдүүдэд чанартай боловсрол олгох, зөв хүмүүжил өгөх үйлсэд зориулж ирсэн жирийн нэгэн сэхээтэн эмэгтэй юм. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ёсоор Буянт сумын Засаг даргатай байгуулсан 2014 оны менежерийн ажлын үр дүнгийн гэрээг 92 хувь А буюу маш сайн, сумын Засаг дарга 2015 оны ажлыг 86 хувь В буюу сайн гэж тус тус үнэлсэн юм. Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын холбооноос бүсийн захирлуудын ажлыг дүгнэн үнэлэлт өгч Д.Ц намайг 2015 оны Шилдэг захирлаар шалгаруулж, Өргөмжлөл цомыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Е, аймгийн Боловсрол, соёлын газрын дарга К.И нар ёслол хүндэтгэлтэй хүлээн авч, 2015 оны эцсээр нэр хүндтэй шагналыг гардуулж байсан нь саяхан билээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн хэмжээний 14 сургуулиас эхний 5 байранд шалгарсан юм. Аймгийн аудитын газраас тус сургуулийн 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д заасан бүрэн эрхийн дагуу хийгдсэн аудитын дүгнэлтээр Зөрчилгүй санал дүгнэлт тус тус өгсөн юм. Буянт сумын бүрэн дунд сургууль 2014-2015 оны хичээлийн жилд 12 ангийн сурагч Н.С физикийн, мөн ангийн сурагч Б.А монгол хэлний хичээлээр аймагт 1 дүгээр байранд шалгарч, улмаар улсын олимпиадад оролцож 6-10 дугаар байрт шалгарч, 11 ангийн сурагч Н.Е 2-р байр, багш Н.Ц 3-р байранд тус тус шалгарч, 12-р анги төгссөн бүх сурагч их, дээд сургуульд хуваарь авсан юм. Тус сумын сургууль нь мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан, нийт багшийн 50 хувь мэргэжлийн зэрэгтэй ажилладаг юм. 2015 онд тус сургуульд шинээр 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж, үүнээс 62,0 сая төгрөгийг шинээр барих сургуулийн барилга байгууламжийн зураг, хөрсний шинжилгээний төсвийг хийлгэж, дэлхийн зөн олон улсын байгууллагаас дотуур байранд 22,8 сая төгрөгийн хатуу зөөлөн эдлэлээр хангасан юм. Дээр дурдсан нөхцөл байдал нь Д.Ц би эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, байгууллагын ажлыг хэвийн хэмжээнд авч явсныг нотолж байна. Энэхүү нөхцөл байдал нь намайг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон аймгийн Засаг даргын захирамж илт хууль бус, үндэслэл муутай болохыг нотолж байна. Миний ажлыг хангалтгүй гэж ямар нэгэн байгууллага, албан тушаалтан үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм. Би хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд аймгийн Засаг дарга Х.Д нь томилогдсон цагаас хойш надтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй юм. Намайг аймгийн Засаг дарга үүрэгт ажлаас хууль бусаар халсан нь зөвхөн улс төрийн зорилготой, үзэл бодол, яс үндсээр гадуурхсан балмад үйл ажиллагаа гэж дүгнэж байна. Иймд Д.Ц намайг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Буянт сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаар захирамжаар Буянт сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдсон. Би захирлаар 7 жил 5 сар ажилласан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/172 дугаар захирамжаар ажлаасаа чөлӨдсөн. Би ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа тууштай, хоёргүй сэтгэлээр, ард түмний хүүхдэд чанартай боловсрол олгож, тав тухтай орчин төлөвшүүлэх, таатай орчин бий болгох, зөв хүмүүжил олгох чиглэлээр ажиллаж ирсэн. Төрийн албаны зөвлөлийн байгууллагуудын ерөнхий менежерүүдийн ажлыг дүгнэх үзүүлэлтийн дагуу миний ажлыг жилийн эцэст үнэн бодитоор дүгнэхгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хууль бус гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын Засаг даргаар ажлаа дүгнүүлдэг байсан. Мөн аймгийн Засаг дарга, аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажлаа дүгнүүлдэг байсан. Энэ удаад аймгийн Боловсрол соёлын газрын арга зүйн нэгжийн мэргэжилтэн Еркегүл ажлыг маань дүгнэсэн явдалд сэтгэл дундуур байна. Би ажиллаж байх хугацаандаа 2015 оны аймгийн шилдэг захирлуудаар шалгарч байсан. Мөн өөрийн авьяас чадвараар сумын шилдэг төрийн албан хаагчаар шалгарч байсан. Аймгийн аудитын газраас тус сургуулийн 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд шалгалт хийж зөрчилгүй гэх дүгнэлтийг өгсөн. Манай сургуулийн сурагчид урлаг, спортоор аймаг нийслэлийн олимпиадад оролцож амжилт гаргаж байсан. 2015 онд Буянт сумын бүрэн дунд сургуульд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний 62 сая төгрөг нь шинээр хичээлийн байр бариулах зураг төслийн ажилд зарцуулагдсан. Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусламжаар сургуулийн дотуур байранд 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас сургуулиудын хүүхдүүдийн мэдлэг чадвараар байр эзлүүлэхэд тус сургууль нь аймаг 4 дүгээр байранд шалгарсан. Дээрх амжилттай ажиллаж байхад намайг ажлаас чөлөөлсөн явдлыг хууль бус гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга бид нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би 2012 оноос 2015 онуудад хөдөлмөрийн гэрээгүйгээр ажлаа гүйцэтгэж ирсэн. 2014 онд сургуулийн захирлуудын удирдах ажилтны цугларалтад ирэхэд хөдөлмөрийн гэрээний төслийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Е танилцуулсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээний үг үсгийн алдааг би засаж байсан. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байхад хийсэн мэтээр баримт хавсаргасан нь шударга бус байна гэж үзэж байна. Хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогч хоёр тохиролцож, гарын үсэг зурсан өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болдог. Тухайн үед хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж, гарын үсгээ зурсны дараа нэгдсэн журмаар хөдөлмөрийн гэрээг байгуулаад нэг хувийг өгнө гэсэн боловч 2 жилийн турш хөдөлмөрийн гэрээг өгөөгүй. Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.3, 21.4, 21.7, 24.1, 45 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл надад бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж нэг хувийг ажилтанд олгох ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Төрийн албан хаагчийн ажил дүгнэх үзүүлэлтийг зөрчсөн гэж үзэж байна. Жилийн эцсийн ажил дүгнэхэд хоёр тал байлцаж нэг бүрчлэн дүгнэх ёстой байтал тэгж дүгнээгүй. Би хийсэн ажлаа зургаар баталгаажуулан өгсөн байтал аймгийн Боловсрол соёлын газрын дарга харж үзээгүй. Үр дүнгийн гэрээг үнэн бодитоор дүгнээгүй гэдгийг хэлмээр байна. Би хийсэн ажлынхаа тайланг зургаар баталгаажуулж гаргаж өгсөн тул ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Уг тайлангийн хойд талын хуудсанд шинээр барих хичээлийн байрны зургийг баталгаажуулж 2015 оны орон нутгийн хөгжлийн сангаас 57 сая төгрөгийг хуваарилуулж шийдвэрлүүлэх шатанд явж байсан. Уг асуудал маань орхигдож байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч Д.Ц тус аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б/172 дугаар захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн юм. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д сургуулийн захирлыг Боловсрол соёлын газрын саналыг үндэслэн томилж чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай. Иймд хуулийн дагуу Д.Цтэй Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Харин мэргэжлийн байгууллага болох аймгийн Боловсрол, соёлын газар үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний 4.5-д зааснаар үр дүнгийн гэрээнд заасан байгууллагын манлайллын зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтуудын талаар өөрөө санаачилга гарган ажиллах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан ажил үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж үр дүнгийн гэрээний биелэлтийг 70%-ийн үнэлгээнээс дээш байх үүрэг хүлээдэг юм. Уг хүлээсэн үүргийг хангалтгүй биелүүлсэн нөхцөлд Хөдөлмөрийн гэрээний 6.3-д зааснаар үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 70%-иас дээш байх үзүүлэлтийг биелүүлээгүй бол хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамрахаар заасан юм. Өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээг F буюу хангалтгүй биелүүлсэн тул аймгийн Боловсрол, соёлын газраас хариуцлага тооцуулах санал ирүүлсэн. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ө.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Буянт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/172 дугаар захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн ажлаас нь чөлөөлсөн. Боловсролын тухай хуулийн дагуу боловсролын байгууллагын захирал эрхлэгч нарыг аймгийн Засаг дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж чөлөөлөх эрхтэй. Үүний дагуу сургуулийн захирал, эрхлэгч нартай аймгийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт захирлын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж заасан. Үүний дагуу тухайн ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуульд үр дүнгийн гэрээний талаар заасан. Үр дүнгийн гэрээг 69 доошгүй хувь биелүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 4.5 дүгээр зүйл дээр үр дүнгийн гэрээнд заасан байгууллагын манлайллын зорилго, мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар өөрөө санаачилга гарган ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөнд заасан ажил үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах, ажил үүргээ дээшлүүлнэ гэж заасан. Үүний дагуу аймгийн Боловсролыг газраас жил бүр сургуулийн захирал эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг дүгнэж дүнг мэдээг аймгийн Засаг даргад ирүүлдэг. Үр дүнгийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй бол хариуцлага тооцдог. Аймгийн Боловсрол соёлын газраас үр дүнгийн гэрээг дүгнээд үүргээ хангалтгүй биелүүлсэн сургуулийн захирлуудад хариуцлага тооцно уу гэх албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу аймгийн Засаг дарга үр дүнгийн гэрээг хөдөлмөрийн гэрээнд заасан хувьд биелүүлж чадаагүй хэд хэдэн сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Цг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн учир аймгийн Засаг дарга үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж ойлгож болно. Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээг сумын Засаг даргатай байгуулж байсан гээд нотлох баримт гаргаж өгсөн байна. Хууль журмын дагуу үр дүнгийн гэрээг сумын Засаг даргатай байгуулдаггүй, тухайн ажил олгогч буюу боловсролын байгууллагатай үр дүнгийн гэрээг байгуулж дүгнүүлдэг. Бүх сургуулийн захирлууд дээрх зарчмаар ажилладаг. Сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг нотлох баримтыг хүрээнд үнэлэхгүй байхыг хүсэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч байгуулаагүй гэж тайлбарлаж байна. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Засаг дарга Д.Цтэй хугацаагүй байгуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг хөдөлмөрийн гэрээнд аймгийн Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан байна. Иймд уг хөдөлмөрийн гэрээг Д.Ц тамга дарж баталгаажуулах асуудал байхгүй. Тухайн үед ажилтан уг хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Цг 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 42 дугаартай захирамжаар тус сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилсон байх ба Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 3 сарын 30-ны өдрийн Б/172 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Д.Ц нь аймгийн Боловсрол соёлын газартай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагчид хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хариуцагч хүлээсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, татгалзаж байгаа нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

Баян-Өлгий аймгийн Засаг Даргын 2016 оны 3 сарын 30-ны өдрийн Б/172 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай захирамжаар захирал Д.Цг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хөдөлмөрийн харилцааг зогсоож гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, ажилтны гаргасан зөрчил нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай.

Гэтэл хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2013 оны 01 сарын 01-ний өдрийн дугааргүй Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч Аймгийн Засаг дарга ажилтан Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Д.Цтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Ц миний бие аймгийн Засаг даргатай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, захирлуудын сургалтад ирэхэд хөдөлмөрийн гэрээ гэж тарааж өгөхөд нь би уг гэрээний найруулга зүйн алдааг тухайн үед хэлж өгч байсан ба хөдөлмөрийн гэрээний нэг хувийг надад өгч байгаагүй гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарласан боловч хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний нэг хувийг Д.Цд өгсөн талаар нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэснийг ажил олгогч зөрчсөн байна.

Ажил олгогч, ажилтантай 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн хөдөлмөрийн гэрээний 6.3-т үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 69%-иас доош биелүүлсэн бол хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээндээ дурджээ.

Гэтэл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нь үр дүнгийн гэрээг дүгнэх журмуудад зааснаар дүгнэсэн эсэх нь эргэлзээтэй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх болон Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмуудын 6.5-д менежерийн төсвийн шууд захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн шууд захирагч түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас-нд тайлбарыг хавсарган менежерийн хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно гэсэн ба Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралд үр дүнгийн гэрээгээр авсан бүх оноо 59.0, үсгэн үнэлгээ F, ерөнхий үнэлгээ хангалтгүй биелүүлсэн талаарх илтгэх хуудсыг танилцуулж тухайн үнэлгээнд санал нийлсэн эсэх болон санал нийлээгүй асуудлыг дахин авч хэлэлцсэн талаар болон мөн журмуудын 6.7-т гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас бичиж, уг илтгэх хуудсанд талууд тус тус гарын үсгээ зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэсэн ба Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсанд талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр болсон илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгч чадаагүй болно.

Уг журмуудын 6.8-д илтгэх хуудсыг 3 хувь үйлдэж, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна гэж журамд тодорхой заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 01 сарын 25-ны өдрийн Сумдын 2015 оны ажлыг агентлагуудаас дүгнэсэн үнэлгээний талаарх нотлох баримтаар Боловсролын газар-Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь эхний 4 дүгээр байранд, мөн Д.Ц нь Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудын холбооноос 2015 оны аймгийн ерөнхий боловсролын сургуулийн Шилдэг захирал-аар шалгаруулсан Батламжаар, 2015 оны Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн жилийн эцсийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бекений аудитын гэрчилгээ, Буянт сумын бүрэн дунд сургуулийн 2015 оны гэрээний биелэлтийн тайлан зэрэг бичгийн нотлох баримтаар Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ажил нь сайн үнэлгээгээр үнэлэгдэж байсан байхад хариуцагч талаас гаргаж өгсөн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын Үнэлгээ батлах тухай 03 дугаартай тушаал гаргаж, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын Боловсрол, соёлын газрын даргатай байгуулсан 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний үнэлгээг нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба уг хавсралтад 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэж өгсөн оноо, үнэлгээ гэх хүснэгтийн 8 дугаарт Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, авсан бүх оноо 59.0, үсгэн үнэлгээ F, ерөнхий үнэлгээ хангалтгүй, Баян-Өлгий аймгийн БСГ-ын Мэргэжил арга зүйн нэгж гэж үнэлсэн нь учир дутагдалтай, үр дүнгийн гэрээг чухам яаж үнэлсэн нь, Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуультай нийт 68 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хийсэн байх ба энэ 68 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний чухам ямар төрөл нь хангалтгүй буюу биелэгдээгүй болох нь тодорхой бус ба энэ талаарх нотлох баримт байхгүй байхад аймгийн Засаг дарга Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь үр дүнгийн гэрээгээр ямар үндэслэлээр хангалтгүй үнэлгээ авсан талаар тодруулахгүйгээр Боловсрол, соёлын газрын даргын хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар уламжилж байна гэсэн албан бичгийн дагуу шууд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Цг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлӨдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Цг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлӨдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ