| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0372/Э |
| Дугаар | 378 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж И овогт Ч-ын Б-т холбогдох эрүүгийн 1810029740267 дугаартай, 187/2019/0372/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......настай, эмэгтэй, дээд боловсролтой, ...........мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............ хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И овогт Ч-ын Б /РД:ХК85050606/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хороолол 1013 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр автомашины зогсоол таглаж машинаа тавьлаа гэх шалтгаанаар Т.Ч маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж, шилбэнд нь өшиглөж, зүүн гарын чигчий хурууг мушгих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хороолол 1013 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр автомашины зогсоол таглаж машинаа тавьлаа гэх шалтгаанаар Т.Ч маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж, шилбэнд нь өшиглөж, зүүн гарын чигчий хурууг мушгих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Т.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1013 дугаар байранд 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед нөхөр Намхайгийн хамт машинтайгаа иртэл нэг машин зогсоол таглаад тавьчихсан. Байхаар нь машин дээрээ тавьсан утас руу нь манай нөхөр залгатал өөдөөс нь уурлаад байна гэсэн. Удалгүй нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч ирсэн ба эрэгтэй нь машиндаа суугаад эмэгтэй нь бидэн дээр ирээд манай нөхрийг шууд заамдаж аваад нүүрийг нь маажих гээд байхаар нь би гүйгээд очтол намайг шууд үсдэж доош дараад миний зүүн шилбэнд өшиглөсөн. Тэгээд би тэр эмэгтэйг зөрүүлээд үснээс нь зулгаатал миний зүүн гарын чигчий хурууг мушгиад гэмтээсэн. Тэгтэл манай нөхөр болон хоёр үсчин биднийг салгасан. Дүгнэлтэд заасан гэмтлийг надад тэр жирэмсэн эмэгтэй учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/
3. Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 8 цагийн үед Буянт-Ухаа 2 хорооллын 1013 дугаар байрны 1 дүгээр давхрын үсчинд байж байхад гадаа хүмүүс дуугараад байхаар нь цонхоор хартал нэг том биетэй эмэгтэй өмнө нь манайхаар үйлчлүүлж байсан эмэгтэйг /Чулуунцэцэг/ үсдээд доош нь дарчихсан байхаар нь ажлын эгч Золзаяагийн хамт гарч тэр хоёрыг салгасан. Тэр том биетэй эмэгтэй Чулуунцэцэгийн үсийг гартаа хэд хэд ороогоод барьчихсан тавихгүй байсан ба арай гэж болиултал тэр том биетэй эмэгтэй орилж хашхичаад байхаар нь Чулуунцэцэгийг үсчиндээ оруулж ирэхэд гарын хуруу нь гэмтсэн юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/
4. Гэрч М.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг машинаас буугаад очтол тэр эмэгтэй манай эхнэртэй үснээсээ зулгаалцсан байдалтай, харин нөхөр нь манай эхнэрийн хоёр гарын хуруунаас бариад зулгаагаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/
5. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Соната 6 маркийн автомашин зогсоол хаагаад зогсчихсон байхаар нь машин дээрээ тавьсан байсан утас руу нь залгатал нэг эмэгтэй хүн авахаар нь би “та машинаа гаргах юм уу, эсвэл би зөрөөд орчихъё, зогсоол хаачихсан байна” гэхэд “би зогсоол хаагаагүй, зогсдог газраа зогссон пизда минь” гээд утсаа салгасан. Тэгэхээр нь дахиад залгатал “яах гээд байгаа хулгайч вэ” гээд удалгүй жирэмсэн эмэгтэй гарч ирэхээр нь “та нэг бол ухарчих, нэг бол урагшилчих” гэтэл намайг юу гээд байнаа гээд шууд заамдаад авсан. Би тэр эмэгтэйг жирэмсэн болохоор нь хүрч чадахгүй зогсож байтал манай эхнэр хүрч ирээд “чи яаж байгаа юм бэ” гэхэд намайг тавиад шууд манай эхнэрийг үсдээд авсан. Тэгтэл тэр эмэгтэйгийн нөхөр нь ирчихсэн надтай хэрэлдээд зогсож байсан. Тэгээд эргэж хараад тэр хоёрыг арай гэж салгацгаасан. Мөн хоёр үсчин хүүхэн ирж салгалцсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
6. Гэрч Х.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ажиллуулдаг үсчиндээ Эрдэнэсувдын хамт 21 цагийн үед сууж байтал гадаа хүмүүс хашгиралдаад байхаар нь би цонхоор хартал манай үйлчлүүлэгч Чука гээд эмэгтэй /Чулуунцэцэг/ нэг том биетэй эмэгтэйтэй /Б / маргалдаад Чулуунцэцэгийн үснээс гараараа ороож бариад татаад байсан. Тэгээд хоёр нөхөр нь ирээд тэднийг салгасан. Чулуунцэцэг нөхөртэйгөө манай үсчинд орж ирсэн ба Чулуунцэцэг гартаа багц том үс барьчихсан байсан ба толгойг нь хартал толгойны орой хэсэгт нь алга дарам газар үс нь халцарсан цус шүүрсэн байсан ба аль гарынх нь билээ нэг гарынх нь чигчий хуруу хавдсан байдалтай байсан. Чулуунцэцэгт учирсан гэмтлийг тэр согтуу жирэмсэн эмэгтэй учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№56/-ний дүгнэлт:
-Т.Ч-ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 37/
8. Шүүгдэгч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Шинжээчийн дүгнэлт болон яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Чулуунцэцэгийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№56/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хороолол 1013 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр автомашины зогсоол таглаж машинаа тавьлаа гэх шалтгаанаар Т.Ч маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгааж, шилбэнд нь өшиглөж, зүүн гарын чигчий хурууг мушгих зэргээр зодож түүний биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Т.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Т.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “......Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, түүний хувийн байдал /...34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Т.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ч-ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Ч-ын Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Т.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Б-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР