| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/06579/И |
| Дугаар | 210/МА2024/02166 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02166
2024 12 13 210/МА2024/02166
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03685 дугаар шийдвэртэй,
*******- ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох
******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, дугаарыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******- ХХК-ийн эзэмшилд байсан ******* дугаарыг 2021 оны 12 сарын 16-ны өдөр 377 тоот албан бичгээр манай компанитай ямар ч хамааралгүй *******-д андууран шилжүүлсэн. Дугаарыг андуурч шилжсэнийг 2022 оны 05 сарын 25-ны өдөр мэдэж 73 тоот албан бичгээр ******* корпораци ХХК-д хандан *******-гийн эзэмшлээс буцаан шилжүүлж өгөхийг хүссэн ч одоог хүртэл өгөөгүй. *******- нь манай компанид ажилладаггүй, хамааралгүй хүн юм. *******- нь тухайн ******* дугаарыг өөрийн найз болох Дархан хотын Э ц-ийн үйлдвэрт эмчээр ажилладаг *******-ээс түр авч хэрэглэж байсныг төв компанийн зүгээс мэдэлгүй түүнд шилжүүлсэн байдаг. Энэ талаар *******- нь 2022 онд мэдээд манай компанид ирж дугаарыг нь өөр хүнд шилжүүлсэн гэж хэлснээр бид ******* компанид бичиг явуулсан ч шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Иймд манай компанийн эзэмшилд байсан ******* дугаарыг хариуцагчаас буцаан гаргуулж, манай компанийг шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү. Хариуцагч нь зан суртахуунд харшилсан хэлцэл хийгээд дугаарыг авсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ын ******* дугаарын шударга эзэмшигч нь намайг мөн болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр тогтоосон, уг шийдвэр одоо хүчинтэй байгаа. Энэ шийдвэрт *******- давж заалдаагүй. Одоо дахиад нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрхгүй. ******* ХХК-аас өөрөө залгаад дугаарыг шилжүүлж ав гээд өгсөн, *******- нь өөрөө уг дугаарыг шилжүүлж өгсөн. Тэгээд *******оос шилжүүлээд дугаарыг авсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******- ХХК-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгох, дугаарыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ... 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 377 дугаартай ******* корпорац ХХК-д гэсэн албан бичгээр нэхэмжлэгч *******- ХХК нь Э-ХХК-ийн цементийн үйлдвэрийн ******* дугаарыг хариуцагч *******-гийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж хариуцагчид шилжүүлэхээр хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд уг хүсэлтийн дагуу дугаар эзэмших эрх шилжсэн байх тул ёс суртахуунд харшилсан хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд харалгүй зөвхөн нэг талыг барьсан буруу дүгнэлт болсон. Учир нь хариуцагч *******- манай компанитай ямар ч хамааралгүй бөгөөд үнэхээр л маргаан бүхий ******* дугаарын шударга эзэмшигч байсан бол өөрийн нэр дээр аль эрт шилжүүлж авах байсан. Гэтэл тийм хүсэл зориг түүнд өмнө нь байгаагүй бөгөөд манай компанийн үйл ажиллагаа хумигдаж, компанийн жагсаалтад байгаа дугааруудыг тухайн үед ашиглаж байсан ажилтнуудын эзэмшилд шилжүүлэх үед буюу 2021 оны 12 сарын 16-ны өдөр өөрийг нь танихгүй төв оффисын ажилтан дүүнрүү ярьж, дугаараа шилжүүлж аваарай гэхэд *******-ийн дугаар гэж хэлэлгүй итгэл эвдэн шилжүүлэх бичиг хийлгэж авсан. Хариуцагчийн дээрх үйлдэл нь өөрийн эзэмшиж байгаа дугаарыг албан ёсоор идэвхитэй үйлдлээр өөрийн нэр дээр шилжүүлж авалгүй бусдын мэдээлэлгүй, компанийн дотоод зохион байгуулалт сулрах үеийг далимдуулан дүр үзүүлэн бусдыг төөрөгдүүлсэн нь түүний шүүхэд өгсөн тайлбараас тодорхой харагдана. Гэтэл шүүх хэргийн талаар өнгөц дүгнэж, нотлох баримтыг зохих ёсоор үнэлсэнгүй.
4.2. Мөн шийдвэрт ...нэхэмжлэгч уг албан бичгийг андууран олгосон нь 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 73 дугаартай ******* корпораци ХХК-д хандан залруулга хийх тухай албан бичгээр тогтоогдож байна гэсэн боловч уг дугаарыг эзэмшигч *******- нь өөрийн хүсэл зоригийн дагуу хариуцагчид дугаарыг ашиглуулж байсан нь түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж зөв дүгнэсэн ч хариуцагчийг маргаан бүхий дугаарын шударга эзэмшигч гэж үзсэн нь гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, тодорхойгүй дүгнэжээ. Учир нь маргаан бүхий дугаарын сим картыг *******-ээс хариуцагчид өгсөн үйл баримт, хүсэл зориг нь гэрчийн мэдүүлгээс тодорхой илэрхийлэгдэж байхад шүүх энэ тухай хэлэлцэлгүй, ойлгомжгүй дүгнэлт гаргасан. Зүй нь гэрч *******- нь өөрийн эзэмшлийн дугаарыг өөрийн хүсэлтээр үйлдвэрийн багцад оруулан төрсөн охин нь эзэмшиж байгаад гадаадад явсан үед нь өөрийн найз *******-д охиноо иртэл түр ашиглуулахаар өгсөн нь түүний мэдүүлгээс харагдана. Гэтэл шүүх энэ үйл баримтыг огт авч үзэлгүй нэгэнт анхны эзэмшигч өөрөө шилжүүлж өгчсөн гэх өнгөц дүгнэлт хийсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны явцад *******- нь уг дугаарын шударга эзэмшигч болохыг 2 удаа тогтоосон. Мөн *******- ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшилд байгаа дугаарыг *******-д эзэмшүүлнэ, *******- тухайн дугаарыг эзэмших эрхгүй гэх албан бичгийг ******* корпораци ХХК-д хүргүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн нотлох баримтууд болон хэрэгт холбогдох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******- ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан ******* дугаарын шударга эзэмшигчээр тогтоолгож, дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, намайг тухайн дугаарын шударга эзэмшигч болохыг шүүх тогтоосон, *******- ХХК-аас яриад энэ дугаарыг өөртөө шилжүүлж ав гэсний дагуу эзэмшиж байгаа гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
3.1. Маргаан бүхий ******* дугаарыг анх Э-ХХК-ийн Дархан-уул аймаг дахь ц-ийн үйлдвэрийн ажилтан *******-ээс тус компанийн эзэмшилд 2010 онд шилжүүлснээр Э-ХХК нь маргааны зүйл болсон ******* дугаарын эзэмшигч болсон нь тус компанийн 2010 оны 08 сарын 31-ний өдрийн 3/173 тоот, мөн ******* корпораци ХХК-ийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 4/4163 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
3.2.Улмаар Э-ХХК -ийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 377 тоот албан бичгээр ******* дугаарыг *******-гийн эзэмшилд шилжүүлэн бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн ******* корпораци ХХК нь дээрх дугаарыг *******-гийн эзэмшилд шилжүүлсэн байна.
3.3.Нэхэмжлэгчийн зүгээс тухайн ******* дугаарыг хариуцагч нь иргэн *******-ийн зөвшөөрлөөр ашиглаж байсныг компанийн ажилтан мэдэлгүйгээр *******-гийн эзэмшилд шилжүүлсэн гэж тайлбарлах боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч тухайн дугаарын эзэмших эрхийг хариуцагчид өөрийн хүсэл зоригоор шилжүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.4. Түүнчлэн, хариуцагч *******- нь нэхэмжлэгчтэй ямарч хамааралгүй атлаа энэ байдлаа илэрхийлэлгүй зан суртахуунд харшилсан хэлцэл хийх замаар ******* дугаарын эзэмшигч болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, *******-г дээрх дугаарыг эзэмшилдээ авсан үйлдэлд шударга бусаар хандсан, хууран мэхлэх замаар олж авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
4. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч *******-г шударга эзэмшигч гэж үзсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03685 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ