| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0341/Э |
| Дугаар | 387 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Хашбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 387
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Ц.Хашбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ч , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Б.Ө , түүний өмгөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г овогт Б-ийн Ө-д холбогдох эрүүгийн 1903001360142 дугаартай 187/2019/0341/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..........оны ...... дугаар сарын .....-нд ........ аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, ............ боловсролтой, мэргэжилгүй, .......... жолооч ажилтай, ам бүл ........... хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ...... тоотод оршин суух, урьд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлөгдөж суллагдсан, Г овогт Б-ийн Ө /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талын замд Тоёота Хэйс маркийн 2573 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Ж.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талын замд Тоёота Хэйс маркийн 2573 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Ж.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Гэмт хэрэг болсон өдөр би ажлын газрын гүйцэтгэх захирал, зураглаач, хөтлөгч нийт 3 хүний хамт Өмнөговь аймаг руу ажлаар Буянт-Ухаа цогцолбороор зүүн гар тийш эргээд Петровисын шатахуун түгээх станц өнгөрөөд Буянт-Ухаа 2 замаар явж байсан. Буянт-Ухаа 2 замаар явж байхад автобусны буудал өнгөрөөд явган хүний гарцны урд талд автобус 1 дүгээр эгнээ нь дээр зогсож байсан. Автобус руу би машинтайгаа ойртож очиход автобусны урд талд хүн байсан үгүйг би хараагүй. Тухайн үед би шатахуун түгээх станцаас гарч явж байсан тул хурд 50-55 км/ц хурдтай явж байхад хохирогч Баасанжав гэнэт автобусны урд талаас гарч ирсэн тул би тормозоо гишгээд эгнээгээ сольж 3 дугаар эгнээр рүү шилжих зуур хохирогчийг зог тусаад цочих үед нь зогсчихлоо гэж бодоод замын хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Гэтэл хохирогч Баасанжав гэнэт жолооч талын урдуур гарч ирээд шүргүүлсэн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Хохирогч маань ослын үед нүүрний ясаараа газар унасан тул дээд 5 шүд, доод 6 шүд нь гэмтсэн. Хэрэв хохирогч 1 шүдээ янзлуулах байсан бол хямд өртгөөр шүдээ утсаар тогтоолгож эмчлүүлж болно. Харин хохирогч хүнд гэмтсэн тул гэмтсэн бүх шүдийг нь эрүүний ясанд нь тогтоож, суурилуулж эмчлэх тул нэг шүдний зардал нь 2.500.000 төгрөг болно. Одоогоор эмчилгээний бодит зардал нь 8.016.649 төгрөг болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлттэй байна. Хохирогч хэвтэрт байгаа, тархиндаа гэмтэлтэй, доор нэг шүд байхгүй, дээд 5 шүд байхгүй, эрүү гэмтэлтэй, 6 шүд нь эмчлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 3-9/
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Тээврийн цагдаагаас манай эгч Ж.Б-ыг ...осолд орсон талаар анх нээсэн хэлсэн. ...Тэгээд эмнэлэгт ухаангүй 13 хоноод ухаан орсон. Гэхдээ юм ярьж чадахгүй, өөрөө явж чадахгүй, хүний ярьсныг бол ойлгоод байгаа. ...” /хх-16/
5. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн орчим Өмнөговь аймаг явах гээд ажлынхаа ...автомашинтай ...автомашиныг Б.Ө бариад ...2 дугаар эгнээгээр 50 орчим километр цагийн хурдтай явж байтал замын нэгдүгээр эгнээнд автобус зогсож байсан. Тэр автобусны урдуур улаан куртиктэй эмэгтэй гараад ирсэн. Тэр эмэгтэйг манай жолооч Ө хараад тоормос гишгээд хурдаа хастал нөгөө эмэгтэй манай машиныг хараад зогссон. Тэгтэл Ө эгнээгээ солиод 2 дугаар эгнээгээс 3 дугаар эгнээ рүү шилжээд хурдаа нэмтэл нөгөө явган хүний гарцан дээр зогсож байсан гэнэт гүйгээд миний сууж явсан машины баруун урд багана хэсэгт шүргэгдээд газар унасан...” /хх-34/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2197/-ний дүгнэлт:
- Ж.Баасанжавын биед тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, аалзан хальсны доорх цус харвалт, баруун, зүүн талын уушгины эдийн няцрал, гялтангийн хөндийд цус, хий хурагдалт, 2 нүдний ухархайн дотор хана, доод хана, гадна хана, 2 талын гайморын хөндийн бүх хана, хамар яс, хамрын таславч, 2 талын хацар ясны нум, түүшэн яс, эрүү, яс хамарсан нийлмэл хугарал, дээд үүдэн шүдний 3 шүдний булгарал, нүүр, уруул, хүзүүнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Дээд үүдэн 3 шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 10 %-р алдагдуулна. Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 44-45/
7. 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай магадлагаа
-2573 УНИ улсын дугаартай Т.Haice маркийн автомашины жолооч Б.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.
-Явган зорчигч Ж.Баасанжав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй.
-Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 68/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ө нь урьд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлөгдөж суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136, 137-151/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бүхэлд нь хасч, ялтай байдлын талаарх ойлголт хамаарахгүй болсон байх тул шүүгдэгч Б.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2197/-ний дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа №76 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Ө ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын зүүн талын замд Тоёота Хэйс маркийн 2573 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Ж.Б-ыг мөргөж, түүний биед тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, аалзан хальсны доорх цус харвалт, баруун, зүүн талын уушгины эдийн няцрал, гялтангийн хөндийд цус, хий хурагдалт, 2 нүдний ухархайн дотор хана, доод хана, гадна хана, 2 талын гайморын хөндийн бүх хана, хамар яс, хамрын таславч, 2 талын хацар ясны нум, түүшэн яс, эрүү, яс хамарсан нийлмэл хугарал, дээд үүдэн шүдний 3 шүдний булгарал, нүүр, уруул, хүзүүнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ө ын жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоовол зохино.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг, түүний хувийн байдал /...22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Малчин телевиз” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Ө ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө ын 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Малчин телевиз” ХХКомпаниас 1.845.400 /нэг сая найман зуун дөчин таван мянга дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ч д олгохоор шийдвэрлэснийг “Малчин телевиз” ХХКомпани нь төлж барагдуулсан болохыг дурдъя.
Хохирогч нь эмчилгээний болон гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Б.Ө ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Ө ын 1009740 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Г овогт Б-ийн Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө ын 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Б.Ө ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Б.Ө ын 1009*** дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Хохирогч нь эмчилгээний болон гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Ө ад сануулсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ө ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР