Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02088

 

 

 

 

 

 

 

2024 12 02 210/МА2024/02088

 

 

Э.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03715 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,315,655 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох баталгаажуулалт хийлгэх тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК-д хүний нөөцийн менежерээр 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажилд орсон, тус компанийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/124 дугаартай тушаалаар ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

1.2. Тус тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахад уг хорооноос шүүхэд хандана уу гэсэн хариу өгсний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

1.3. ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны цалин 7,064,996 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр болж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00602 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. ******* ХХК-иас 7,064,996 төгрөгийн цалинг олгосон боловч хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилоогүй.

1.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00602 дугаартай шүүгчийн захирамж гарсны дараагийн ажлын өдөр болох 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 59 хоногийн цалин хөлс олгоогүй намайг хохироосон.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,315,655 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-иас шүүгчийн захирамжийн дагуу цалин, татвар хураамж зэрэгт 7,064,996 төгрөг олгосон. Мөн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд ажилд эгүүлэн авах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг гардуулж өгсөн.

2.2. Э.*******ээс 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гурван нөхцөл өөрчлүүлэх тухай хүсэлтийг и-мэйлээр ирүүлсэн. Хөдөлмөрийн гэрээнд тусгуулах хүсэлтэй байгаа нөхцөлүүд нь бүгд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ******* ХХК-ийн үндсэн ажилтантай хийгддэг хөдөлмөрийн гэрээнд бүгд тусгагдсан байсныг тайлбарласан боловч ирж уулзаагүй, ажилдаа ороогүй.

2.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00602 дугаар шүүгчийн захирамжийг ХХК бүрэн биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч ******* ХХК-иас цалин хөлстэй тэнцэх олговорт 6,315,655 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Э.*******т буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаартай тэмдэглэлийг бичгээр гарсан дариуд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гардан авч, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу 9 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.2. Тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 11304 дугаартай захирамжаар итгэмжлэл алдаатай байсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг бичгээр гарсан дариуд 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гардан авч, 1 хоногийн дотор буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. гэж заасан. Иймд, нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн захирамж гарах хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тасалдсан.

4.3. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж заасан. Иймд өмнө өнгөрсөн хугацааг дахин шинээр тоолох тул нэхэмжлэгч нь 11304 дугаартай захирамж гарсан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 6 хоногийн дотор, захирамжийг бичгээр гарсан 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03715 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын гаргаж буй нэхэмжлэл нь хуурамч буюу нэхэмжлэлийг гаргасан этгээд нь тодорхойгүй. Учир нь нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан буюу өөрөө гадаад улсад байсан гэдэг нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогддог.

5.2. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.******* гэх хүн шүүхэд хандсаныг анхан шатны шүүх энэ хүн нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байна гэж дүгнэсэн. Гэтэл 3 хоногийн дараа өөрийн биеэр нэхэмжлэл гаргаж байна гэж хуулбарласан гарын үсэг зурагдсан баримтыг шүүхэд гаргаж өгдөг.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн гарын үсгийг өөрөө зурж, хүнээр дамжуулан гадаадаас илгээсэн гэж тайлбарладаг атлаа энэ нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуурамч тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

5.3. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3 сарын туршилтын хугацаагаар ******* ХХК-д хүний нөөцийн менежерээр ажилд орсон атлаа ажлаа хийхгүй, удаа дараа мэдэгдэл авсан байж 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр та ажлаа танилцуулна уу, бид таныг цаашид ажиллуулах боломжгүй байна гэж хэлэхэд би өөрөө тушаалаа гаргачихъя гэж хэлээд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрөө тушаалаа гаргасан.

2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийг хүний нөөцийн менежерээр жинхлэн ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийе гэсэн тул эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж тухайн өдөр гарсан бөгөөд тухайн өдөр нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцоогүй тул өмгөөлөгч н.*******ад тушаалыг гардуулан өгсөн талаар шийдвэрт тусгагдсан.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар хэрэв нэхэмжлэгч шийдвэрийг аваагүй тохиолдолд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд нь буцаан авна гэсэн шийдвэрийг гаргасан байхад нэхэмжлэгч нь ямар шийдвэрт гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 болон 154.2.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч нь өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн тохиолдолд 30 хоногийн дотор гурван талт хороонд гомдол гаргаж, гурван талт хороо 10 хоногийн дотор шийдвэрлэж тэмдэглэлийг өгнө гэсэн. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гарсан анхан шатны шүүхийн шийдвэр нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бүрэн биелэгдсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан и-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно.

Гэтэл нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд аваагүй гэж гомдол гаргадаг. Түүнчлэн нэхэмжлэгч 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ажилд эгүүлэн томилогдсон тушаалыг гардаж авсан болох нь 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд би 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн тушаалыг гардаж авч танилцаж, мөнгөө авсан, харин одоо та нарын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр явуулсан хөдөлмөрийн гэрээний загварт гаргах санал байна гэх баримтууд хэрэгт авагдсан.

Нэхэмжлэгчийг ажилдаа орох мэдэгдлийг хариуцагчийн зүгээс 13 удаа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь нэг ч удаа ирээгүй учир үүнд хөөн хэлэлцэх хугацаа ярих шаардлагагүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,315,655 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00602 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ийг хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 7,064,996 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 9-10 дугаар тал/

3.2. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23/5-359 дугаартай тогтоолоор дуусгавар болсонд тооцсон байх ба ******* ХХК-ийн захирлын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/155 дугаартай Албан тушаалд жинхлэн ажиллуулах тухай тушаалыг үндэслэсэн талаар зохигч тайлбарласан. /хх-ийн 13, 39 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, талуудын маргааны хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримт болон тэдний тайлбарыг үндэслэн үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

4.1. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

Дээрх нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/11304 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, улмаар нэхэмжлэгч 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэжээ. /хх-ийн 21 дүгээр тал/

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсэгт зааснаар тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, уг хугацааны тасалдал нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилж, мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл хугацаа буюу ажлын 10 өдөр шинээр тоологдоно.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

4.2. Хэргийн 39 дүгээр талд авагдсан ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/155 дугаартай тушаалд Хүний нөөцийн менежер албан тушаалд туршилтаар ажиллаж буй *******ы *******ийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг албан тушаалд жинхлэн ажиллуулсугай. гэжээ. /хх-ийн 39 дүгээр тал/

Дээрх тушаалыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан эсэх асуудлаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй боловч хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 08, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд талуудын цахим шуудангаар харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар Э.*******ээс ирсэн зурваст ...Шүүхийн шийдвэр гарсан 2023.02.17-ны өдөр байгууллагаас жинхлэн ажиллуулах тухай тушаал танилцуулж, 3 сарын 16-ны өдөр НДШ, ЭМД-ын дэвтрийн нөхөн бичилт болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шилжүүлсэн. ... гэжээ. /хх-ийн 128-129 дүгээр тал/

Түүнчлэн, талууд дээрх тушаалыг дахин гаргах болон хөдөлмөрийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах асуудлаар өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон этгээдээр дамжуулан харилцаж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан байна. /хх-ийн 178-183 дугаар тал/

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилсон тушаалын талаар түүнийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Улмаар дээрх тушаалыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23/5-359 дугаартай тогтоолоор ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

4.3. Нэхэмжлэгч хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллах туршилтын хугацаа 2022.11.08-ны өдөр дууссан, уг хугацаа дууссан боловч ажиллаж байхад үндэслэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэж үзэн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасныг /хх-ийн 9/ хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг зөвшөөрлийг шүүгчийн захирамжаар баталсан, үүний дагуу хариуцагч байгууллагаас 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/155 дугаартай тушаалыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх тушаалаар талуудын хооронд үүссэн өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжлэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцаа үүссэн гэж үзэхгүй.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний зарим нөхцөлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан бол хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхолд нийцэхгүй байгаа талаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой, харин ажил үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Нэгэнт ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн томилсон, улмаар хөдөлмөрийн гэрээнд оруулах ажилтны саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлж, хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, ажилдаа орох талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан цахим зурвасаар /хх-ийн 129/ тогтоогдож байх тул хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр өөрөөс шалтгаалах үйлдлийг хийсэн гэж үзнэ.

5. Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгээгүй байдалд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/03715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас цалин хөлстэй тэнцэх олговорт 6,315,655 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох баталгаажуулалт хийхийг даалгах тухай Э.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.ГАНДИЙМАА