| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0319/Э |
| Дугаар | 399 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
хохирогч П.Ч , түүний өмгөөлөгч М.Идэрхангай,
шүүгдэгч З.Б , түүний өмгөөлөгч О.Анхбаяр,
шинжээч Г.Энхбаатар, Б.Ундармаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт З-ын Б-т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810012860131 дугаартай 187/2019/0319/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны ..........дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ........ боловсролтой, мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл ........ хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А овогт З-ын Б /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хабитатын гудамжинд иргэн П.Ч тай маргалдан улмаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч З.Б нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хабитатын гудамжинд Оюунчимэгтэй маргалдахад П.Ч дундуур нь орж З.Б ийг “болио хөгшин хүн шүү дээ, чи дуугүй бай” гэж хэлэхэд нь Б “та дуугүй бай” гээд цээж рүү нь гараараа түлхэж унагаан түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч З.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2018 оны 3 дугаар сарын 04-ны өдөр Баяраа гэх ахтай утсаар яриад уулзахаар явж байхад Оюунчимэг эгчтэй таараад намайг архи, дарс хүмүүст уулгаад байна гэж яриад байж байхад Чинбат ах ирсэн. Тухайн үед Оюунчимэг эгчтэй ярьж байхад Чинбат голоор ороод байхаар нь би гараараа түлхсэн. Би Чинбат ахыг гэмтээх гэж түлхээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч П.Ч ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би Оюунчимэг, Б нарын маргаанаас болоод гэмтсэн. Тухайн үед Оюунчимэг намайг шууд ухаан алдсан гэж хэлсэн. Би шүүгдэгчид хугацаа өгсөн. Тэр хугацаанд намайг хүн шиг эргэж тойрсон бол өнөөдөр ширээний ард байхгүй байх байсан. Оюунчимэг эгч тухайн үед Бүрэндэлгэртэй “яах гэж дандаа архи уудаг юм бэ эхийгээ бодооч” гэж хэлээд маргалдаж байсан. Б намайг “худлаа шаагаад байгаарай гэж хэлээд түлхсэн. Намайг эмнэлэгт очиход Б над руу залгасан. Тухайн үед би ярих тэнхээгүй байсан. Намайг эмнэлэгээс гараад гэртээ байж байхад Б нэг шил архи аваад өөр хүмүүстэй ирсэн. Тэр үед Б санаа зовж байсан талаар хэлэхэд намайг Б унагаасныг мэдсэн. Би бариачид 2, 3 удаа бариулаад эм тариа авч уусан. Б 3 дугаар сарын сүүлээр 1.460.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч П.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би дахиад хажуунаас нь бүрнээ ахын дүү дуугүй бай хөгшин хүнтэй маргалдаад яах вэ гэж хэлтэл та дуугүй бай гэж хэлснээ миний нүүр рүү гараараа нэг удаа ёворсон. Тэгээд Оюунчимэг эгч Б хоёр үргэлжлүүлээд муудалцаад байсан. Тэгэээр нь би Б-т болио хөгшин хүн шүү дээ чи дуугүй бай гэж хэлтэл та дуугүй бай гээд Б цээж рүү гараараа түлхтэл би арагшаа унасан. Тэгээд би ухаан алдаад унасан байсан...Тухайн үед толгой их өвдөж зүүн талын нүд жаахан хавдсан байсан...Б хашааны гаднаас дуудаад яасан бэ зүгээр үү гэж асууж байсан. Мөн байдал намайг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж өгнө, би эмчилгээний зардлыг бүрэн даана, чи цагдаад битгий хандаач гэсэн учраас нэлээн хугацаа алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 25/
4. Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Хэд хоногийн дараа Б манай хашааны гадаа гарчихсан 0.75 граммын архи, ундаа барьчихсан ирээд Чинбаттай гадаа уулзчихаад орж ирэхдээ Бүрнээ намайг түлхээд унагаасан юм байна, би юу ч санахгүй байна. Бүрэндэлгэртэй таарснаа ч мэдэхгүй байна. Б санамсаргүй унагаснаа хэлж байна гэж орж ирээд хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгэж өгнө гэж байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/
5. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тэгээд 10-15 минутын дараа ирэхэд Б Оюун эгчтэй маргалдахаар нь Чинбат нь дундуур орохоор нь Чинбатыг түлхтэл уначихлааа гээд түшчихсэн зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
6. Гэрч Р.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Б уурлаад танай нөхөртэй угаагүй гэхлээр нь би ер нь чи энд тэнд хүмүүстэй архи ууж байх юм аа гэтэл танд хамаагүй гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас Чинбат настай хүний өөдөөс яаж байгаа юм бэ гэтэл Б Чинбатыг түлхтэл Чинбат арагшаа саваад унасан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/
7. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Цаанаас Чинбаа ах ирээд Бүрнээг жаахан дарлах маягтай согтуурхсан байдалтай аархаж яриад байсан. ...Гэтэл Бүрнээ та зүгээр бай гэж хэлээд гараараа цээж рүү нь түлхсэн чинь Чинбаа ах хойшоо газар унасан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/
8. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1346/-ний дүгнэлт:
-П.Ч ын биед зулай ясны баруун ар хэсгээс суман заадас дайрч зүүн чамархай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлөгийн духны хэсгийн тархины эдийн зөөлрөл /энцефаломаляци/ гэмтэл учирчээ.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой
-Дээрх зулай ясны шугаман хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байна.
-Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
-Зулай ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Дээрх зулай ясны хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Дээрх зулай ясны шугаман хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай бөгөөд ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.
-ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 6389 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 60-62/
9. Шинжээч эмч Г.Энхбаатарын “...П.Ч ын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр авахуулсан комьпютерийн зургийг дахин уншуулахад зулайн баруун ар хэсэг чих судсан заадас дайрч чамархай руу үргэлжилсэн шинэ хуралттай байсан ба хоёр духны дэлбэнд зөөлөрсөн голомттой байсан. Тухайн зөөлрөл нь гэмтэл авах үед тархинд үүссэн цус хуралт, няцрал зэрэг нь эдгэрсний дараа үүсдэг үлдэц голомт энэ цус хуралт няцралын хэмжээ нь тухайн хүний биеийн ерөнхий эсэргүүцлээс шалтгаалан 14 хоногоос сар хүртэл хугацаанд үүсдэг ба иймээс Чинбатын тархинд үүссэн зөөлрөл нь тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” мэдүүлэг /хх-71/
10. Шүүгдэгч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Чинбат Оюунчимэг эгч бид хоёрын голоор ороод намайг түлхээд боль гээд байхаар нь би түүнийг “та хойшоо байж бай” гэж хэлээд цээж хэсэгт нь нэг гараараа түлхтэл газарт унаад ухаан алдчихсан. Тэгэхээр нь би түүнийг сэгсэрч сэрээгээд Мөнхөө гээд залуутай хамт хоёр талаас нь сугадаад гэрт нь хүргэж өгсөн. ...Би тэдэнд та нарыг хохиролгүй болгоноо, эмчилгээний зардал, эм тарианы мөнгийг нь өгнө, битгий цагдаад хандаара, таныг түлхсэн нь миний буруу гэж хэлсэн. Чинбат ах зүгээр газрын гадаргуу дээр дагзаараа унасан ба нээх айхтар хүчтэй унаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1346/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч З.Б нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хабитатын гудамжинд Оюунчимэгтэй маргалдахад П.Ч дундуур нь орж З.Б ийг “болио хөгшин хүн шүү дээ, чи дуугүй бай” гэж хэлэхэд нь Б “та дуугүй бай” гээд цээж рүү нь гараараа түлхэж унагаан түүний эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч З.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон бөгөөд “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан тус тус байна.
Шүүхээс шүүгдэгч З.Б т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Б ийг анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /хохирогч П.Ч ад 3.328.579 төгрөг/ төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал /31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ice tower” цамхагт хамгаалагч ажилтай /1.000.000 төгрөгийн цалинтай/, ам бүл 3, эх, эхнэрийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Б ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Б т оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж хуульчилсан бөгөөд энэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй буюу биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын саналыг үндэслэн хуульд заасан журмаар хорих ялыг биечлэн эдлүүлдэг хууль зүйн үр дагавартай болохыг сануулъя.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тодорхой зааж зохицуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Ч ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.328.579 /гурван сая гурван зуун хорин найм таван зуун далан ес/ төгрөгийг шүүгдэгч З.Б ээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба З.Б нь хохирогч П.Ч ад 3.328.579 /гурван сая гурван зуун хорин найм таван зуун далан ес/ төгрөг төлснийг дурдъя.
Хохирогч П.Ч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.
З.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт З-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт З-ын Б-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Б т оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. З.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь хохирогч П.Ч ад 3.328.579 /гурван сая гурван зуун хорин найм таван зуун далан ес/ төгрөг төлснийг дурдсугай.
6. Хохирогч П.Ч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг З.Б т сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР