Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 170

 

                                                                                                         Б.Б, Б.Ө,

Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Ө өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүгдэгч Б.Нн өмгөөлөгч Г.Адъяатогтох /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн 51 дүгээр магадлалтай, Б.Б, Б.Ө, Б.Н нарт холбогдох 2226000000014 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баатарсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 04ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2004 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

 

Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Ө.

 

Монгол Улсын иргэн, 2002 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Н.

 

Шүүгдэгч Б.Н нь санаачилж, төлөвлөн Б.Б, Б.Ө нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Альфа баарны орчим О.Өын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж Хувайвэй-20 загварын гар утас, тамхи, виза карт зэргийг авч 276.000 төгрөг, Хаан банкны виза картнаас 1.010.000 төгрөгийг уншуулан бэлэн авч, нийт 1.286.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Б, Б.Ө нар бүлэглэн дээр дурдагдсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ О.Өыг зодож эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чих, дух, баруун хөх, нуруу хэвлий хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж,

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар үйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож,

шүүгдэгч Б.Б, Б.Ө нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Нг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жил зургаан сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар үйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг жил гуч хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Өвөрхангай аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, түүнчлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Бт сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан нэг жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

шүүгдэгч Б.Нг нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг
хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь
шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хяналтын шатны шүүхэд Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баатарсүх бичсэн эсэргүүцэлдээ “... шүүгдэгч Б.Нн хувьд хохирогч О.Өыг урьд таньдаг бөгөөд түүнийг хэрэг учрал болсон цаг хугацаанд мөнгөтэй байгааг мэдсэн даруйдаа шүүгдэгч Б.Ө, Б.Б нарыг утсаар дуудаж, хохирогч О.Өтой танилцуулж, урьд өмнө огт уулзаж байгаагүй, бие биенээ сайтар танихгүй Б.Ө, Б.Б нартай бааранд орхиж гарсан үйлдэл, улмаар Б.Ө, Б.Б нарыг хохирогч О.Өын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсны дараагаар түүний биед байсан эд хөрөнгө болох арилжааны банкны виза картын нууц дугаарыг Б.Ө, Б.Б нарт хэлж улмаар уг картаас бэлэн мөнгө гарган авч, тухайн мөнгөнөөс хувь хүртсэн, нөгөөтэйгүүр хохирогчийн эсрэг чиглэсэн довтолгоон эхлэх үед болон довтолгооны дунд, төгсгөл үеүдэд хэрэв дээрэмдэх сэдэл, санаа зорилго байгаагүй бол тухайн үйлдлийг таслан зогсоох идэвхтэй ямар нэг үйлдэл хийх ёстой авч, тийм үйлдэл хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтуудаар тодорхойлогдсон хэргийн үйл баримтаас тэс өөр байдлаар дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэхээр заналхийлэх” шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бөгөөд ийнхүү айлган сүрдүүлсэн заналхийлэлд хохирогч орохгүй байгаа тохиолдолд хүч хэрэглэх байдал илт байдаг шинжээрээ бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэмт хэргээс ялгагдаж байдаг. Харин энэхүү заналхийлэх шинж тогтоогдож байхад хүч хэрэглээгүй гэсэн шинжээр дээрмийн гэмт хэргийг үгүйсгэж болохгүй юм.

Б.Нн хувьд дээр дурдсанаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө хохирогчийн арилжааны банкинд эзэмшдэг виза картын нууц дугаарыг мэдэж, улмаар довтолгоон дууссаны дараагаар урьд мэдэж авсан нууц дугаарыг ашиглан тухайн довтолгооны үр дүнд шүүгдэгч нарын гар дээр ирсэн банкны картыг ашиглан бэлэн мөнгө гаргуулан авч буй үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэх ёстой атал анхан шатны шүүхээс түүний үйлдлийг гагцхүү хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж дүгнэн бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дугаартай магадлал зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ө-н өмгөөлөгч П.Адьяасүрэн хэлсэн саналдаа “... өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэр зөв зүйтэй гарсан гэж үздэг. Учир нь миний үйлчлүүлэгч Б.Ө өөрийн гэм буруугаа хүлээсэн” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Нн өмгөөлөгч Г.Адъяатогтох хэлсэн саналдаа “... Б.Н нь бусад шүүгдэгч нартай хамтран хохирогчийг зодсон, цохисон, эд зүйлийг нь хүч хэрэглэж авсан үйлдэлгүй. Анхан шатны шүүх Б.Нг бусдын виза картын нууц кодыг бусдад хэлж мөнгө авах боломж өгсөн учир гэмт хэрэг үйлдлээрээ нэгдсэн гэж үзээд хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнд өмгөөлөгчийн санал нэг байгаа. Б.Н нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгөө хянах чадвар суларсан, юм түшиж зогссон, дугуйн дээр суусан зэрэг үйлдлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн бусад шүүгдэгч нар авсан 1.000.000 төгрөгөөсөө ямар нэг хувь хэмжээ өгөөгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Б, Б.Ө, Б.Н нар нь бүлэглэн, хохирогч О.Өын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, 1.286.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.Б Б.Ө нар дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийг журамлан дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэн бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Б.Нн үйлдлийг хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэсэн дүгнэлтийг хийж үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн байна. Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэний дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй боловч хуулийн нэмэлт өөрчлөлтийн улмаас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжгүй” гэж дүгнэн хууль зөрчсөн шийтгэх тогтоол хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал нь хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн, Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласантай холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосон. Энэ агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгосон. Үүнээс харахад хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд зөвшөөрсөн заалтыг хэвээр үлдээж, харин бусад шатны шүүх хуралдаанаас “хэргийг прокурорт буцаах” заалтыг хориглохын тулд урьдчилсан хэлэлцүүлгийн шат руу хэргийг шилжүүлэхгүй байхаар нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгосон боловч хуулийн гол үзэл санаа нь шүүхийн шатнаас хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй, прокурорт буцаахгүй гэсэн агуулга илэрхийлэгдэж байх тул хууль зөрчсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлэх нь нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн суурь зарчмыг зөрчихгүй гэж дүгнэж байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар хууль зөрчсөн тогтоол, магадлалыг зөвтгөж шийдвэрлэх эрх, үүрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэвээр хадгалагдаж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх үүргээ биелүүлээгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байх тул хяналтын шатны шүүхээс хууль зөрчсөн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд хүчингүй болгож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, нийцсэн байх учиртай.

 

Гэтэл анхан шатны шүүх Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэн шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ.

 

Энэхүү хууль хэрэглээний ноцтой алдааг Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх олж тогтоосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн улмаас засч, залруулах хууль зүйн боломжгүй гэж үзсэн нь анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн хуульд заасан эрх, үүргийг гажуудуулснаас гадна Эрүүгийн хуулиар тогтоосон хууль ёсны болон шударга ёс, гэм буруугийн зарчимд харшилсан шийдвэр болсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй ба яллах тал болох прокурорын эсэргүүцлийг хуульд заагаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Н нь санаачилж төлөвлөн Б.Ө, тухайн үед 18 насанд хүрээгүй байсан Б.Б нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Альфа” шөнийн цэнгээний газар хамт архи уусан О.Өийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж гар утас, тамхи, банкны карт зэргийг нь дээрэмдэн авч, улмаар банкны картыг уншуулж 1.010.000 төгрөг авсан, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцад Б.Ө, өсвөр насны Б.Б нар нь О.Өийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх энэхүү нэг цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн гэмт хэргийг санаачилсан буюу зохион байгуулж хамтран оролцсон Б.Нн үйлдлийг “хүч хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ “... Нэргүй нь картны кодыг хэлж өгсөн үйлдлээрээ мөнгө авах боломжийг олгосон идэвхтэй үйлдлийн улмаас Б.Б, Б.Ө нар хохирогчийн мөнгийг авсан нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна.

 

Мөн түүнийг "... Б.Б, Б.Ө нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон” гэж дүгнэсэн атлаа “... О.Өийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэж утга агуулгын хувьд авцалдаагүй, ойлгомжгүй дүгнэлт хийж зүйлчлэлийг хөнгөрүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэх шинжийг 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг булаах” гэмт хэргийн шинжтэй адилтган ойлгох бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны 13 дугаар тогтоолд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Б.Ө нарын дээрэмдэх, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм бурууг зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хяналтын прокурорын эсэргүүцэл, шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлт  нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчимтай тул шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг Б.Б, Б.Ө нарт холбогдох хэргээс тусгаарлан, шийтгэх тогтоол, магадлалын Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21ий өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19ий өдрийн 51 дүгээр магадлалын шүүгдэгч Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, шүүгдэгч Б.Б, Б.Ө нарт холбогдох хэсгийг тус тус хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                 ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                       Б.ЦОГТ