Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 09

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би иргэн Д.Хүрэлбаатарын “Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн ИНХ-ын 2016 оны 11 сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, Баянгол багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн ИНХ-д холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч иргэн Д.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн үндсэн харъяат иргэн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуульд заасан багийн засаг даргад өрсөлдөх болзол шаардлагыг хангасан тул 2016 оны багийн засаг даргын сонгуульд Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багт нэр дэвшиж өрсөлдсөн юм. Миний өрсөлдсөн багт нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд Өмнөговь сумын Баянгол 4-р багийн Засаг даргыг сонгох багийн Иргэдийн нийтийн хурал 2016 оны 11 сарын 13-ны өдөр хуралдсан юм. Иргэдийн нийтийн хурлыг нээж, Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэнпил үг хэлэхдээ “Багийн засаг даргын сонгуульд 18 нас хүрсэн иргэн санал өгөх бөгөөд хуралд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдоно” гэж танилцуулсан юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10-д ”Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” 26.2–д ”Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9-д “Иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй, сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэж тус тус заажээ. Гэтэл Баянгол 4-р багийн 2016 оны 11 сарын 13-ны өдөр хуралдсан Иргэдийн нийтийн хуралдаанд тус багийн 17 настай нэр бүхий 5 иргэн, өөр багийн буюу Намир багт оршин суух 5 нэр бүхий иргэн, нийт 10 иргэнийг нэр дэвшигч Ж.Буян-Орших машинаараа ачиж ирж сонгуульд оролцуулсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тул Баянгол багийн Иргэдийн нийтийн хуралдааныг хууль бус гэж үзэж байна. Баянгол багийн засаг даргын сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс нэр дэвшигч Д.Хүрэлбаатар миний бие 121 иргэний, нэр дэвшигч Ж.Буян-Орших 123 иргэний санал авч, би 2 саналын зөрүүгээр ялагдсан. Үүнийг хууль бус санал хураалт явагдсан гэж үзэж шүүхэд хандаж байна. Учир нь 2016 оны 11 сарын 13-ны өдөр хуралдсан Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол 4-р багийн Иргэдийн нийтийн хуралд сонгуулийн насанд хүрээгүй А.Нандинцэцэг /ОЙ99061307/, П.Наранмандах /ОЙ99081717/, З.Сувдаа /ОЙ99060503/, П.Хуншагай /ОЙ99020414/ нарыг, мөн Баянгол багт оршин суух хаяггүй, тус багийн иргэдийн нийтийн хуралдаанд оролцох эрхгүй Увс аймгийн Өмнөговь сумын Намир буюу 5-р багт оршин суух Г.Даваажав /ОЙ62072910/, З.Дуламсүрэн/ОЙ62051006/, У.Дүүдэй /ОЙ59052812/, Б.Батсүх /ОЙ59032100/, Ховд аймгийн харъяат иргэн Р.Галмандах нарыг нэр дэвшигч Ж.Буян-Орших өөрийн машинаар авч ирж, хууль зөрчин  хуралд оролцуулснаас болж миний сонгогдох эрх ашиг хохирсон тул шүүхэд хандаж байна. Иймд Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 11 сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож,  Баянгол багийн засаг даргын сонгуулийг дахин явуулахыг тус багийн Иргэдийн нийтийн хуралд  даалгаж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар 2017 оны 02 сарын 14-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар миний бие тус шүүхэд Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, Баянгол багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг тус багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар нь Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн ИНХ-ын 2016 оны 11 сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, Баянгол багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзснаа бичгээр илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна. 

    Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Хүрэлбаатарын “Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн ИНХ-ын 2016 оны 11 сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, Баянгол багийн Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4,  69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ОЮУНГЭРЭЛ