Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0034

 

ХУД-ийн ПГ-ын дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Э.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0763 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч харицагчийн гаргасан давж заалдах гомдлоор Х-У дүүргийн П-ын газрын дүгнэлттэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0763 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч Х-У дүүргийн П-ын газрын гомдлыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0175417 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх заалтаар Ариун цэврийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихаар заасан бөгөөд Ариун цэврийн тухай хууль нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдож,  2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл ахуйн тухай хууль болон шинэчлэгдэн батлагдсан. Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмээр хяналт чиглэлийг маш тодорхой заасан.  Шалгалтаар Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно”, 20.1.8-д “нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах” гэж заасныг зөрчсөн байсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9-д зааснаар Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0175417 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Э-ыг “зориулалтын бус цэгт хог хаягдал тээвэрлэн хаясан” гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9-д зааснаар 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

           Прокурорын дүгнэлтэд дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ “Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг хуулийн этгээд гаргасан байхад хууль буруу хэрэглэж хувь хүнд шийтгэл оногдуулсан” гэж тодорхойлсон байх бөгөөд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тодруулбал,

Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 6.17 дугаар зүйлийн 9-д “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бол Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно: 20.1.8 “нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөрш заан хотхоны хойд талд “Т И” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын сууриас гарсан үнс, хог хаягдлыг “Х” урьдчилан цэвэрлэх байгууламжийн хашаанд асгаж байсан нь тогтоогдсон байх бөгөөд энэ тохиолдолд тухайн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчлийн гэм буруугийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “эрүүл ахуйн нөхцөл, шаардлага” гэдгийг эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг ойлгох бөгөөд энэхүү дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангуулах зорилготойгоор хуулиар хориглосон үйлдлийг нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчинд гаргасан бол Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9-д заасан зөрчилд тооцохоор, Хог, хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 “Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ: 10.2.11-д “Барилга барих...үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг...тээвэрлэх...эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлж, үйлчилгээний хөлсийг хариуцах” гэж хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж барилга барих үйл ажиллагаа явуулахдаа гарсан хог, хаягдлаа зориулалтын бус газарт байнга хаяж байгаа зөрчлийн тухайд илүү нарийвчилсан зохицуулалт нь хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил болно.

Түүнчлэн, хариуцагч улсын байцаагч  нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчиж  хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгалгүйгээр иргэн Б.Энхбатад шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасантай нийцээгүй.

Мөн хариуцагч нь Хог хаягдлын тухай хуулийн хүрээнд байгаль орчны хяналтын улсын байцаагч арга хэмжээ авдаг, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн хяналтын чиглэл таарахгүй гэж үзсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналаа зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0763 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “6.1 дүгээр зүйлийн 1 дэх” гэснийг  “1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 3 дахь” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Э.Д-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА  

                ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН