Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/0052

 

Дд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

   Даргалагч, шүүгч:    Ц.Цогт

   Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

   Шүүгчид:                     М.Батсуурь

                                           Х.Батсүрэн

      Илтгэгч шүүгч:      Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0050 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0154 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ШХТ2024/0152 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1949/2022 дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”-ийг хүчингүй болгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: “Дд” ХХК-ийн орон сууц барих хүсэлтийг үндэслэн гарсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баталсан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 2015 оны магадлалын ерөнхий дүгнэлтийг анхан шатны шүүх илт хууль бус болохыг тогтоож, дахин магадлал гаргуулахаар даалгасны дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1949/2022 дугаар “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гаргасан.

3.Нэхэмжлэгчээс “... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль болох нь тогтоогдсон шийдвэрийг үндэслэн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргасан” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх байсан тул тухайн цаг хугацаанд мөргөгдөж байсан хууль, дүрмийн дагуу магадлалын ерөнхий дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулсан” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зөвхөн зохион байгуулж, техникийн шинжтэй чиг үүргийг гүйцэтгэдэг, дүгнэлтийн улмаас үүсэх үүрэг хариуцлагыг хариуцагч бус мэргэжлийн эксперт хариуцахаар байна, нэгтгэл нь эрх зүйн үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжүүдийг агуулаагүй, нэгтгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх үндэслэлүүдээр Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй“ гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц гомдолдоо:

6.1.Анхан, давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу хэрэглэсэн.

6.2.Хариуцагчийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь дагаж мөрдөх боломжгүй, манай байгууллагад хохирол учруулж, ажил хийх боломжгүй болгосон захиргааны акт юм.

6.3.Захиргааны хэргийн гурван шатны шүүхүүд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын магадлалыг “захиргааны акт” гэж дүгнэсэн байхад энэ удаа шүүх “магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь захиргааны акт биш” гэж дүгнэсэн шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6.4.Хариуцагч нэгтгэлээ хууль дүрэмд нийцүүлж гаргаагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэдгээ тус тус хүлээн зөвшөөрсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй.

6.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 154 дүгээр тогтоолд “нэгтгэлийг эрх зүйн үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй гэж шууд дүгнэх боломжгүй” гэж дүгнэснийг шүүхүүд анхаараагүй, зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй нь хууль хэрэглээний алдаа болсон.

6.6.”Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 1949/2022 дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийн шаардлагад нийцээгүй бөгөөд энэ нь албажсанаар барилга барих боломжгүй болж, цаашид хохирлын хэмжээ улам нэмэгдэхээр байна.

6.7.Магадлалын нэгтгэл нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан үйл ажиллагаанд хамаарах тул захиргааны акт юм.

6.8.Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ШХТ2024/0152 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр ”Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 416/2015 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, “Г-О” ХХК-ийн гүйцэтгэсэн “Хүүхдийн цэцэрлэгтэй, 40 айлын орон сууц”-ны барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гаргахыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн.

11.Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах иргэн Б.Ц-ын “хүүхдийн цэцэрлэгтэй, 40 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөл”-д магадлал хийх ажлыг зохион байгуулж, нэр бүхий 6 экспертийг томилон тус тусын магадлалын дүгнэлт гаргуулсны үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”-ийг гаргаж, 1949/2022 дугаар олгон баталгаажуулжээ.

12.Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 “Энэ хуулийн 25.2, 25.3-д заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 27 дугаар зүйлийн 27.3. “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана: ...27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй;” 28 дугаар зүйлийн 28.2. “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:.. 28.2.2.барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;” гэх заалтуудад барилгын ажлын зөвшөөрөл олгоход зураг төсөлд магадлал хийлгэсэн байх шаардлагыг тодорхой хуульчилсан.

13.Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах”, “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох” нь Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг бөгөөд барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг хуулийн 34.1.10-д заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр зохицуулсан байна.

14.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор “Барилгын тухай хуулийн ...34.1.4,... 34.1.10...”-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрснөөр захиргааны дээрх чиг үүргийг хариуцагч байгууллага хэрэгжүүлэх болжээ.

15.Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.1-д “Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна”, 6.15-д “Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна” гэж заасан.

16.Үүнээс гадна хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам батлах” бүрэн эрхийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар тушаалаар холбогдох журмыг баталж, магадлал хийх иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага, тэдгээрийг сонгон шалгаруулах, эрх олгох, олгосон эрхийг цуцлах зэрэг асуудлыг зохицуулжээ.  

17.Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудаас үзвэл барилгын ажлын зөвшөөрөл олгох гол нөхцөлүүдийн нэг болох барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх нь захиргааны гүйцэтгэх чиг үүрэг бөгөөд энэ хүрээнд экспертүүдийг сонгон шалгаруулж, эрх олгох, олгосон эрхийг цуцлахаас гадна барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах хүрээнд эксперттэй гэрээ байгуулж, томилох, гүйцэтгэлд нь хяналт тавих, экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож, баталгаажуулах ажлыг гүйцэтгэх нь, тодруулбал, тодорхой нэг барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж гаргасан магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.

18.Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5 дахь хэсгийн эксперт болон экспертийн эрх бүхий хуулийн этгээдээс барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт гаргасан магадлалын дүгнэлтдээ мэргэжлийн хариуцлага хүлээхээр заасан нь магадлалын дүгнэлтийг нэгтгэн баталгаажуулсан этгээд хариуцлага хүлээхгүй гэсэн утгыг илэрхийлээгүйгээс уг нэгтгэлийн цаашид барилгын ажлын зөвшөөрөл олгох эсэхэд нөлөөлөх эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон, зөвшөөрсөн, эсхүл татгалзсан байх шинжийг үгүйсгээгүй байна.

19.Анхан шатны шүүх энэ талаар “...магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх, захирамжилсан шийдвэр байх гэсэн захиргааны актын шинжүүдийг агуулаагүй...” гэж Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна тухайн дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болжээ.

20.Шүүхийн шийдвэр болоод нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ маргаан бүхий Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргах ажлыг зохион байгуулахдаа эксперт нар нэхэмжлэгчийн урд нь бүрдүүлж өгсөн баримтууд буюу Дархан-Уул аймгийн Ерөнхий архитекторын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, “ДДС” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 100/2013 дугаар Дулаан хангамжийн, “Д У с” ХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 018 дугаар Усан хангамж, ариутгах татуургын, “ДСЦТС” ТӨХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06/418-2013 дугаар Цахилгаан хангамжийн, “МХС” ТӨХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 27/2014 дүгээр Холбоо дохиоллын техникийн нөхцөлүүд зэргийг үндэслэснийг буруутгаагүйгээс гадна уг нэгтгэл зөвшөөрсөн хэлбэртэй гарч, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаснаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болно.

21.Өөрөөр хэлбэл, “Дд” ХХК-ийн гаргаж өгсөн баримтад үндэслэж магадлал хийсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

22.Энэ тохиолдолд буюу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаас өөр үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаагүй үед тухайн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хууль бус гэх боломжгүй.

23.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

24.Нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд барилгын зураг төслөө шинэчлэн, дахин магадлал хийлгэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0050 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0154 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч Дд” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ЦОГТ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                          М.БАТСУУРЬ

                                                                                                        Х.БАТСҮРЭН

                                                                                                        Д.БАТБААТАР