Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01536

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01850 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1743 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: О.Б

           Хариуцагч: Г.Н

           Хариуцагч: М.М

           Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлэдээ: Миний бие 2016-03-15 -ны өдөр Б.Ууганбаяраас худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, 74 байр, 77 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Улсын бүртгэлийн газраас уг орон сууцыг 2016-04-01 -ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрх О.Б миний нэр дээр олгогдсон. Гэвч уг орон сууцыг өнөөдрийн байдлаар Г.Н  өөрийн гэр бүлийн хамт хууль бусаар эзэмшиж ашиглаж, миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу Г.Н, М.М нараас 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

         Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.М Б.Чулуунхүүтэй 2016 оны 1 дүгээр сард анх уулзаж тухайн байрыг худалдаж авах санал гаргасан. Тухайн үед байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж хэлээд “Гангар инвест” ХХК-тай байгуулсан гэрээг үзүүлсэн. Энэ барьцааг чөлөөлж гэрчилгээг шилжүүлж өгөх, байрыг газраар арилжаалахаар харилцан тохиролцсон. 2016 оны 4 дүгээр сард хариуцагч М.М, эхнэр Г.Нгийн хамт байранд нүүж ороод одоог хүртэл амьдарч байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээр уг байр барьцаанд биш худалдах-худалдан авах гэрээгээр бусдад шилжсэнийг мэдсэн. 2016-03-15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Б.Чулуунхүү, М.М нар мэдээгүй. Үүнээс хойш бүтэн нэг жилийн хугацаанд  О.Б байрны өмчлөлтэй холбоотой асуудлыг гаргаагүй. Уг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01850 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, 74 байр, 77 тоотод байрлах  2 өрөө орон сууцыг  Г.Н, М.М нарын хууль бус эзэмшлээс  чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан  О.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.М, Г.Н нараас 70 200 төгрөг гаргуулан О.Бт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 02-ны өдрийн 1743 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх нотлох баримтууд болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нотлох баримтаас үзвэл гэрч Б.Чулуунхүү нь 2015 онд уг  77 тоот  үл хөдлөх эд хөрөнгийг ажил гүйцэтгэх гэрээний  хөлсөнд 110 сая төгрөгт тооцож “Гангар Инвест” ХХК-с авсан.  Б.Чулуунхүү “ЭКОКАПИТАЛ” ББСБ-аас зээл авах гэж уг орон сууцаа тус байгуулагын ажилтан Ш.Аварзадын нэр дээр шилжүүлж 60 сая төгрөгийн зээл авсан байдаг. Б.Чулуунхүү  ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнд тооцож авсан байраа найзынхаа нэр дээр шилжүүлэх, ББСБ-д тавьж зээл авч компанийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах гэж ажиллаж байхад найз Ш.Аварзад нь  зээл авахдаа зээлийн биш,харин  дудалдан авах гэрээ  байгуулж зээл олгосон байсныг тогтоолгох гэж гэрч асуулгахаар хүсэлтээ өгсөн. Зээлийн барьцаанд тавьсан 110сая төгрөгийн үнэ бүхий байрыг 20сая төгрөгөөр  худалдах-худалдан авах  гэрээ байгуулж  өөрийн нэр дээр шилжүүлж аваад байна. Хариуцагч нар нь Б.Чулуунхүүтэй харилцан тохиролцож уг байранд 1 жил амьдрах хугацаанд нэхэмжлэгч нь нэг ч удаа өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж уг байранд ирж байгаагүй. Б.Чулуухүүгийн найз Ш.Аварзадтай зээлийн гэрээ байгуулахгүйгээр худалдах  гэрээ байгуулж, дүр үзүүлэн гэрээ хйисэн. Энэ хэрэгт ач холбогдолтой үйл явдлыг гэрчлүүлэхээр  хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хурлыг хуралдуулсан. Б.Чулуунхүү нь 2 удаагийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөр ирэхэд хурал удаа дараа хойшлож шүүхээс гэрчийг дараагийн шүүх хурал дээр авч ир гэж гэрчийн мэдүүлэг авахгүй буцааж байсан. Гэрчийн мэдүүлгийг урьдчилан авах эсхүл гэрчийг албадан ирүүлж болох байсан  ч энэ ажиллагаа хийгдээгүй. Хариуцагч нар Б.Чулуунхүүтэй амаар харилцан тохиролцож дээрх байранд нүүж ирсэн, Б.Чулуунхүү нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг найз Ш.Аварзад худалдах худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн талаар бичгэн нотлох баримт байхгүй ч гэсэн энэхүү хэрэгт чухал ач холбогдолтой үйл явдлыг гэрчээр нотлуулж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэх боломжтой байсан. Мөн хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн байхад хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

         Ө.Баттөмөр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, 74 байр, 77 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Г.Н, М.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага тавьжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хариуцагч нар нэхэмжлэлийг ”... Ч уг байрыг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болгож авсан бөгөөд Чулуунхүүгээс би уг байрыг газраар сольж авах талаар тохиролцон байранд нүүж орсон... өр төлбөртэй холбоотойгоор байр барьцаалагдаж өмчлөх эрх шилжүүлж өгөөгүй гэж ойлгож байсан... гэтэл өмчлөх эрхийг А шилжүүлснээс цааш нь Ууганбаярт худалдсан байна...” гэсэн агуулгаар эс зөвшөөрснийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

         Ө.Баттөмөр Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намьянжугийн гудамж, 74 байр, 77 тоотыг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  гэрээний үндсэн дээр Б.Ууганбаяраас худалдан авсан тухай нэхэмжлэлдээ дурдсанаас үзвэл  гэрээний 4 болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхийг буюу гэрээний зүйлийг бодитой шилжүүлэхийг нэхэмжлэгч нь худалдагчаас шаардах эрхтэй юм.    

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1743 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Г.Н, М.М нарт захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ