| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/05851/И |
| Дугаар | 210/МА2024/02183 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/02183
2024 12 16 210/МА2024/02183
Г.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/04488 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.*******д холбогдох
Гэм хорын хохирол 3,652,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний эзэмшлийн лексус жи эс 300 /Lexus GS300/ маркийн ******* УБҮ улсын дугаартай автомашиныг үеэл дүү Э.******* жолоодож, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Сүмбэр тауэр /tower/-ын замын хойно Эс Өү салоны /SO.Salon/ хойд хогийн цэгийн урд автомашинаа зогсоосон байх үед 14:30 цагийн орчимд тоёота прадо-120 /Toyota Prado-120/ маркийн ******* УНК улсын дугаартай автомашин ухрах үедээ автомашиныг мөргөж зүүн урд их гэрэл болон купер гэмтээсэн.
1.2. Ингээд тохиролцоод мөнгөө өгнө гэж гуйж салаад мөнгөө өгөөгүй тул Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газарт хандсан, Б.******* буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
1.3. ******* ХХК-ийн гаргасан хохирлын төлбөр болох зүүн урд 3 салаа их гэрэл 3,200,000 төгрөг, купер 45,000 төгрөг, будах зардал 140,000 төгрөг, эд анги солих 15,000 төгрөг нийт 3,400,000 төгрөг, мөн үнэлгээний төлбөр болох 252,000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 3,652,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн болсон үйл явдлын талаар маргаан байхгүй. Тухайн үед гэрэл хагараагүй ердийн байдлаар ашиглах боломжтой байсан, их гэрлийн гэмтлийг 300,000 төгрөгөөр засварлах боломжтой байсан, засварлах боломжтой гэдгийг нь албан ёсны засварын газарт хандан 300,000 төгрөгийн ханштай гэдгийг мэдсэн. Иймд ******* ХХК-ийн үнэлгээнд дурдсан зүүн урд гурван салаа их гэрлийг 3,200,000 төгрөгөөр солих шаардлага байхгүй гэж үзэж байна.
Автомашины гэмтэж хагарсан гэх гэрэл нь 3,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий оргиналь их гэрэл мөн эсэхэд эргэлзээтэй, мөн гэм хор учруулахаас өмнө байсан байдал нь бүтэн байсан эсэх нь тодорхой биш, мөн засварлаж өгөх саналыг хүлээж авахгүй, түүнчлэн ижил төрлийн эд хөрөнгөөр сольж тавих шаардлага тавихгүй зөвхөн 3,200,000 төгрөг нэхээд байгаа нь хууль бус шаардлага юм.
Иймд хариуцагч Б.******* миний хувьд гэмтсэн гээд байгаа 3 салаа их гэрлийн одоо байгаа байдалд нь шүүхээр үзлэг хийлгэж хэрэгт хавсаргах, мөн засварлах боломжтой эсэх, зайлшгүй солих шаардлагатай эсэх, түүнчлэн 3,200,000 төгрөгийн үнэтэй гэх 3 салаа их гэрэл нь Тоёота компанийн үйлдвэрлэсэн оргиналь их гэрэл мөн эсэх зэрэгт хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны эцэст бодит хохирлыг төлөх саналтай байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас гэм хорын хохиролд 3,652,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,382 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 73,382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн хувьд гэм буруутай эсэх үйл баримт дээр маргадаггүй хэдий ч учирсан хохирлын хэмжээ эргэлзээтэй, хэт их байгаа тул эвдэрсэн гэх эд хөрөнгөнд шүүхээр үзлэг хийлгэж хэрэгт хавсаргах, оргиналь их гэрэл мөн эсэх болон бусад асуудлаар дүгнэлт гаргуулах шаардлагатай, нэхэмжлэгчээс ирүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн.
4.2. Үүнээс гадна хэргийн оролцогчоос гаргасан шинжээч томилуулах, үзлэг хийлгэх зэрэг хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд онцгой ач холбогдолтой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудал байхад уг нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/04488 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч гэрлийг мөргөж хагалсан, купер бас мөргөсөн. Иймд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан автомашинд учирсан хохирол 3,652,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Б.******* нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Сүмбэр тауэр /tower/-ын урд замд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд тоёота прадо-120 маркийн ******* УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасныг зөрчсөний улмаас Э.*******гийн жолоодож явсан Г.*******ын өмчлөлийн лексус жи эс 300 /Lexus GS-300h/ маркийн ******* УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 4-6, 8-10 дугаар тал/
3.2. ******* ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд уг машины зүүн урд 3 салаа гэрэл хагарч, урд купер зурагдсан, гэрлийн эвдрэлийн зэргийг их гэж тодорхойлж, солих зардлыг гэрлийн үнэ 3,200,000 төгрөг, ажлын хөлс 15,000 төгрөг, куперийн гэмтлийг засварлах зардлыг 185,000 төгрөг нийт хохирлыг 3,400,000 төгрөг гэж тогтоосон, уг ажлын хөлс 252,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 17-19 дүгээр тал/
3.3. Хариуцагч Б.******* нь дээрх зам тээврийн ослыг гаргасан гэм буруугийн асуудлаар маргаагүй, харин 3 салаа гэрлийг солих шаардлагатай эсэх буюу хохирлын хэмжээний асуудлаар маргажээ.
4. Дээрх үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4.1. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зарчимтай.
Хариуцагч нь үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирлын хэмжээний асуудлаар маргасан боловч уг баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй, холбогдох тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй.
Түүнчлэн, хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар автомашинд учирсан хохиролтой холбоотойгоор хүсэлт гаргах эрхтэй, энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг үнэлгээний байгууллагын дүгнэлт болон ажлын хөлсний хэмжээгээр нийт 3,652,000 төгрөг гэж шүүх тогтоосон нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн гомдол мөн хангагдахгүй.
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэргийн үйл баримтын талаар нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, энэ талаарх тайлбар, татгалзлаа нотлох, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй. Шүүхээс хэргийн оролцогчийн дээрх эрх, үүргийн талаар хариуцагчид танилцуулсан байна. /хх-ийн 23, 25 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шүүх гагцхүү хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох, үзлэг хийх ажиллагааг явуулах зохицуулалттай.
Хариуцагч энэ талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй байх ба шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны эцэст бодит хохирлыг төлөх саналтай гэх агуулга бүхий тайлбар гаргасныг хүсэлт гэж шүүх тодорхойлох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нь хэргийн оролцогчийн хүсэлтээр тодорхойлогдох тул энэхүү хүсэлт нь хүсэл зоригийн хувьд ойлгомжтой, тодорхой илэрхийлэгдсэн байх нь талуудын зарчимд нийцнэ.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэх агуулга бүхий хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
6. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, гаргасан дүгнэлт нь бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан бол төлнө гэх агуулгатай байх ба анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн талаараа дурдсан байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2024/04488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,382 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА