Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Энхмэнд,   

шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Ч-ын  Б.-дхолбогдох эрүүгийн 1910005060333 дугаартай, 187/2019/0388/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .........оны ..... дугаар сарын .........-нд Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, ............ боловсролтой, ........ мэргэжилтэй, ..........газарт ........ ажилтай, ам бүл .......... хамт, Баянзүрх дүүргийн .........дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Ч-ын  Б /РД:................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Атланта” зочид буудалд хамт байсан А.Х Ай пад /I pad/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Эрдэнэтуяад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Атланта зочид буудалд хамт байсан А.Х Ай пад /I pad/-ыг хулгайлан авч Д.Эрдэнэтуяад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Америкаас 8250 доллараар 2014 онд авч байсан. Ямар нэгэн эдэлгээний сэв байхгүй, ажиллагаа бүрэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/

            3. Гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнөх мэдүүлэг өгөхдөө гэрийнхнээсээ айгаад гарнаас булаагаад зугтаасан гэж мэдүүлсэн. Тухайн залуу бид хоёр 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг 19-ийн үйлчилгээний төвийн урд талын Атланта зочид буудалд орсон. Яг хэдэн давхарт хэдэн тоотод орсноо санахгүй байна. Тэгээд буудалд ороход тэр залуу мөнгийг нь төлөөд буудалд орсон. Тэгээд буудлын өрөөнд ороод юм ярьж сууж байхдаа би I pad-аа цэнэглээд ширээн дээр тавьчихаад угаалгын өрөө орсон.Тэгээд хэсэг хугацааны дараа угаалгын өрөөнөөс гараад ирсэн чинь нөгөө залуу ширээн дээр байсан. I pad-ыг аваад гараад явчихсан байсан. Тэгээд би шууд доошоо буугаад зочид буудлын камерыг шүүж үзэхэд тухайн залуу гартаа миний I pad-ыг бариад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд маргааш нь бичлэгийг хуулж авна шүү гэж хэлчихээд яваад өгсөн. Манай нагац эгч Эрдэнэтуяагийн эзэмшлийн тухайн үед түр барьж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-22/

          4. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Хонгорзул эхэндээ бид нараас нуугаад хэлэхгүй байсан. Тэгээд хэлэхдээ зочид буудалд манай охин Хонгорзул нөгөө залуугийн хамт байж байхад тэр залуу  I pad-ыг аваад зугтаагаад явчихсан гэж хэлж байсан. Тэгээд би зочид буудалд очиж камерийн бичлэгийг үзэх гэсэн чинь буудлын хүн танай охин бичлэгийг үзээд плашаар хуулж авна гэж хэлчихээд буцаж ирээгүй одоо камерийн бичлэг утстсан байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

          5. Ашид билгүүн ХХК-ийн ...I pad 1.850.000 төгрөг ... гэсэн үнэлгээ /хх-32/

          6. Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур Odsessey bold нэртэй фэйсбүүк хаяг нээсэн байсан юм. Зулаа гэх нэртэй Монголжингоо гэсэн фэйсбүүк хаягтай охинтой танилцаж чат бичдэг байсан юм. 7-8 хоног хоорондоо чат бичиж байгаад уулзахаар болсон юм. Би Хан-Уул дүүргийн 19 дүгээр үйлчилгээний төв дээр уулзахаар болсон юм. Бид хоёр уулзаад үйлчилгээний төв дээр байрлах Атлас нэртэй зочид буудалд орсон юм. Бид хоёр зочид буудалд орж тамхи татаж юм ярьж байгаад Зулаа 00 өрөө орох үед нь ширээн дээр байсан цагаан өнгийн I pad-ыг аваад гараад явчихсан юм. Тэгээд тэр чигтээ яваад PC тоглоомын газарт очиж сууж байгаад 120 мянгатад байрлах ажил дээрээ яваад очсон. Би өөрийгөө Эрка гэж танилцуулсан. Жинхэнэ нэрээ бол хэлээгүй. Би дээрх I pad-ыг ажил дээрээ аваачиж тавьсан байсан чинь ажлаас алга болсон. Одоо надад байхгүй. Энэ зураг дээр байгаа зураг бол миний зураг одоогоос 4-5 жилйин өмнөх зураг юм. Би энэ зургаа Зулаа гэх охин луу чатаар явуулж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Б  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/-аар тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ч.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Атланта” зочид буудалд хамт байсан А.Х Ай пад /I pad/-ыг хулгайлан авч Д.Эрдэнэтуяад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ч.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан харриуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Б-ийг  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.Б  нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-63/, түүний хувийн байдал /...24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “berber shop”  үсчний газарт үсчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам ээж, дүү нарын хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.     

Ч.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ч-ын  Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ч-ын  Б.-дхорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Ч.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР