Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/02184

 

 

 

 

 

 

  2024 12 16 210/МА2024/02184

 

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03860 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох

*******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/618 дугаар тушаалын М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 3 сараас 7 сарыг дуустал цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги 2,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж байх үед ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б/618 дугаар тушаал гаргаж, орон тоог шилжүүлэх, ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай асуудлыг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.4, 78 дугаар зүйлийн 78.1.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасанд нийцэхгүй бөгөөд хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх, эрх чөлөөг илтэд зөрчсөн.

1.2. Мөн дээрх тушаал нь Захирлын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын шийдвэр, ******* ТӨХК-ийн бүтэц, зохион байгуулалт, байгууллагын дотоод журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

1.3. Тухайн тушаалыг 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гомдол гаргасан, ******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт зааснаар ...талууд тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба хурлын тэмдэглэлийг 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахад 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24/09 дугаар шийдвэрээр ...хөдөлмөрийн эрхийн маргааныг аль болох харилцан тохиролцуулж шийдвэрлэх гэж оролцсон боловч гаргасан гомдол, түүний шаардлагын хүрээнд ажил олгогч талтай харилцан тохиролцож чадаагүй тул урьдчилсан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй болно... гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.4. Иймд ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажил, албан тушаалыг бүр мөсөн шилжүүлэх, өөр ажил, албан тушаалд томилох тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1, 49.1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд өөрчлөгдөх, хөдөлмөрлөх, эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсч байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/618 дугаар тушаалын М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 3 сараас 7 сарыг дуустал цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги 2,040,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2016 оноос компанийн зорчигч үйлчилгээний бараа, бүтээгдэхүүнийг импортоор шууд худалдан авалт хийдэг байсныг зогсоож, ТБОНӨХБАҮХАТ хуулийн дагуу дотоодод тендер зарлаж авдаг болсонтой холбогдуулан Хангамжийн хэлтсийн гаалийн үйл ажиллагаа хариуцаж ажилладаг 2 гаалийн бүрдүүлэгчийн ажлын ачаалал эрс багассан.

Хангамжийн хэлтсийн даргын зүгээс ажлын ачаалал бага байгаа тул дээрх 2 ажилтнаар Хангамжийн хэлтсийн худалдан авалтын зарим ажлуудад туслуулах, жижиг худалдан авалтыг хариуцуулах зэргээр аль болох ажилтай байлгах зохицуулалтыг хийж ирсэн.

2.2. Компанийн 2024 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг боловсруулж, хэлэлцсэн Захирлын зөвлөлийн хурлаар компанийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотой орон тоо нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн ба Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газраас гадны агаарын хөлөгт техник, үйлчилгээ үзүүлж нэмэлт орлого олж, үйл ажиллагаа нь өргөжиж байгаатай холбоотой өөрийн болон гадны авиа компанийн агаарын хөлгийн сэлбэг хэрэгслийг гаалийн бүсээр нэвтрүүлэх, бүрдүүлэлт хийх Гаалийн бүрдүүлэгчийн орон тоо шаардлагатай байгааг танилцуулсан.

******* ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Гаалийн баталгаат үйлдвэрийн газар-ын тусгай эрхтэй Гаалийн ерөнхий газраас гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд агаарын хөлгийн сэлбэг, хэрэгслийн бүрдүүлэлтийг тухайн газрын инженер, техникч нар давхар хавсарч ажилладаг байсан.

Иймд, Гүйцэтгэх захирлын зүгээс компанид гаалийн бүрдүүлэлтийн эрхтэй 2 ажилтан байгаа учраас дотоод зохион байгуулалтын хүрээнд судалж, асуудлыг шийдвэрлэх үүрийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст өгсөн.

Гаалийн бүрдүүлэгч болон Гаалийн баталгаат агуулахын эрхлэгч нь гаалийн бүрдүүлэлт хийх тусгай эрхтэй, гаалийн мэргэшсэн ажилтны үнэмлэх бүхий ажилтнууд ба гаалийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахад Хангамжийн хэлтсийн даргаас илүүтэй Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт буюу Техникийн хангамжийн хэлтэст харьяалуулан ажиллуулж мэргэжлийн ажлыг нь гүйцэтгүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах нь илүү үр дүнтэй байсан. Энэ үндсэн дээр 2 ажилтныг техникийн хангамжийн хэлтэст шилжүүлж томилсон.

2.3. Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.******* хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.*******ийг байлцуулан Гаалийн баталгаат агуулахын эрхлэгч Н.*******, Гаалийн бүрдүүлэгч М.******* нартай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан өрөөндөө уулзаж, тэдгээрийн ажлын ачаалал ямар байгаа болон компанийн гаалийн үйл ажиллагааг Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт нэгдсэн харъяалуулж мэргэжлийн ажлыг нь гүйцэтгүүлэх болж байгаа, мөн тэдгээр ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүйгээр харъяалах нэгжийг өөрчилж байгаа талаар мэдэгдсэн. Уг уулзалтын үеэр М.*******гийн зүгээс харьяалагдах хэлтэс өөрчлөгдөж байгаатай холбоотой тусгай санал, хүсэлт гаргаагүй.

2.4. Компанийн ажилтнуудын 2023 оны ээлжийн амралтын хуваарь баталсан Гүйцэтгэх захирлын 2023 оны А/82 дугаар тушаалын дагуу М.*******гийн ээлжийн амралт авах хуваарь нь 2023 оны 5 дугаар сар байсан ба тэрээр албан ёсоор хуваарийн дагуу өргөдөл өгч захиргаанаас 5 дугаар сард ээлжийн амралтаа албан ёсоор тооцуулж амралтын мөнгөө хүлээн авсан.

Иймд ажил олгогчийн зүгээс ажилтнуудын ажлын ачааллыг харгалзан тэдгээрийн эзэмшсэн мэргэжил, тусгай эрхийн дагуу үндсэн ажил, үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор урьдчилан мэдэгдэж, Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт буюу Техникийн хангамжийн хэлтэст харьяалуулж шилжүүлсэн, ингэхдээ хөдөлмөрийн нөхцөлийг дордуулаагүй харин ч үндсэн цалингийн зэргийг 1 зэргээр ахиулж шилжүүлсэн Гүйцэтгэх захирлын 2023 оны Б/618 дугаар тушаалыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

М.*******гийн хувьд түүний ажлын байрыг хасаагүй, цөөрүүлээгүй ба зөвхөн ажил, үүргийн дагуу харьяалах нэгжийг өөрчилсөн арга хэмжээ юм. Эцэст нь Гүйцэтгэх захирлын 2023 оны Б/618 дугаар тушаал гарснаар нэг талаас Гаалийн баталгаат агуулахын эрхлэгч, Гаалийн бүрдүүлэгч нар мэргэжлийн ажил, үүргээ гүйцэтгэх болсон, нөгөө талаас ажил хавсран ажиллаж байсан инженер-техникийн ажилтнууд мэргэжлийн ажил, үүргээ гүйцэтгэх болсон зэрэг тал талын ач холбогдолтой шийдвэр болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү .

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар ******* ТӨХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/618 тоот тушаалын М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, хангамжийн үйлчилгээний хэлтсийн гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоох, 2024 оны 3 сараас 7 сарыг дуустал цалин хугацаандаа олгоогүйн алданги 2,040,000 төгрөг гаргуулах тухай М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч М.******* нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/618 тоот тушаал нь тус компанийн захирлын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар хурлын шийдвэрийг үндэслэсэн байдаг. Энэхүү 7 дугаар хурлаар Хангамжийн хэлтсийн гааль татвар бүрдүүлэлтээр мэргэшсэн 1 хүнийг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний хэлтэст шилжүүлэх ажлыг Т.*******д хариуцуулсан шийдвэр гарах үед ******* ТӨХК-ийн зохион байгуулалт бүтэц, орон тоо баталсан 2022 оны шийдвэр хүчинтэй хэрэгжиж байсан.

Энэхүү захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу 1 орон тоог Н.******* өөрөө зөвшөөрснөөр шилжүүлэхдээ М.*******тай зөвшилцөж тохиролцохгүйгээр зөвлөлийн 7 дугаар хурлын шийдвэрийг зөрчсөнөөс М.*******гийн эрхийг зөрчих үндэслэл болсон. Хавтаст хэрэгт Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн 2022 оны бүтэц, орон тоо, албан тушаалын нэрсийг схемээр гарган баталсан баримт бичгийг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч бүрэн эхээр нь гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гарган өгсөн.

Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй, гэтэл шүүх хариуцагчийн аман тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Мөн шүүх маргаан бүхий Б/618 тушаал гаргах үндэслэл болоогүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасан.

4.2. Шүүх ******* ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлд гүйцэтгэх удирдлагын эрх үүргийг тодорхойлсон бөгөөд 8.8.9, 8.8.11-д зааснаас үзэхэд ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлага, зохион байгуулалтын бүтцэд баталсан орон тоог дур мэдэн гүйцэтгэх захирал өөрчилсөн гэх байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн.

Гэтэл ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны Б/618 дугаар тушаал гарах үед дүрмийн 8.8.9-д Гүйцэтгэх захиралд орон тоог шилжүүлэх болон нэгжийн бүтцийг өөрчлөх, нэг хэлтсээс нөгөө хэлтэс рүү орон тоо нэмэх хасах асуудлыг шийдвэрлэж тушаал гаргах эрх компанийн дүрэм болон дотоод журмаар олгогдоогүй байх тул шүүхийн дээрх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Мөн компанийн Захирлын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар хурлаар Хангамжийн хэлтсийн гааль татвар бүрдүүлэлтээр мэргэшсэн 1 хүнийг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний хэлтэст шилжүүлэх-ээр шийдвэрлэсэн ба тухайн үед 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан бүтэц орон тоогоор үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл гүйцэтгэх захирал дур мэдэн ТУЗ-өөс баталсан бүтэц орон тоог өөрчилж, компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 8.7, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.3.6 зэрэг заалтуудыг илтэд зөрчиж тушаал гаргасан.

4.3. М.******* нь ажлын шаардлагаар 2023.05.01-2023.05.26-ны хооронд ээлжийн амралтаа эдэлж чадаагүй, ажил үүргээ гүйцэтгэсэн, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны хооронд ээлжийн амралтаа биеэр эдэлж амарсан, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ээлжийн амралттай ажлын байрандаа байгаагүй зэрэг нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, тайлбараар нотлогдож байхад шүүх энэхүү бичгийн баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ээлжийн амралттай байхад ажлын байрыг хэвээр хадгалаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-д заасны дагуу үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

4.4. Нэхэмжлэгч М.******* нь 2023 оны Б/618 дугаар тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5, 154, 158-д заасан эрхээ хэрэгжүүлсний төлөө удирдлагын зүгээс цалинг хугацаанд нь олгохгүй байх, ширээ сандал ажлын байраа чөлөөлөхийг шаардаж, ажлын цагаа бүртгүүлэх цахим системээс хасах зэргээр ажлын байранд дарамт шахалтыг үзүүлж байсан.

Ийнхүү бодитоор цалинг хоцроосон, олгоогүй хугацааг харуулсан баримтыг цалингийн цэс байгууллагын дотоод сүлжээнээс гарган авч 2024 оны 3 сараас 7 сарыг дуустал цалинг хугацаанд нь олгоогүйн алданги 2,040,000 төгрөг гаргуулахаар хоног хугацаа, гаргуулах алдангийн хэмжээг тодорхой тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч татгалзаагүй, үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэмэгдүүлсэн шаардлагыг үгүйсгэсэн татгалзсан баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлал үгүйсгэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлага тодорхойгүй, тодруулахад хариулаагүй гэх мэтээр нэг талыг барьж хариуцагчид ашигтайгаар хууль бус дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

4.5. Хариуцагч ******* ТӨХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/597 дугаар тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн.

Иймээс давж заалдах шатны шүүх М.*******г ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/597 дугааp тушаалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д зааснаар хянан үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03860 дугаар шийдвэрийг хянан үзэж гомдлыг хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь М.*******г хангамжийн хэлтэст гаалийн бүрдүүлэгчээр ажиллаж байхад нь Агаарын хөлгийн засвар үйлчилгээний хэсэгт гаалийн бүрдүүлэгчээр томилсон тушаал нь үндэслэлтэй. 2012 оноос хойш хэрэгт авагдсан нотлох баримтаар үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, тодорхой хэлтэс нэгжүүдийн орон тоог нөгөө хэлтэс рүү шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх захирал бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх эрхтэй.

Төлөөлөн удирдах зөвлөл нь манай компанийн дүрмийн 7.3.4-д зааснаар компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоо, удирдлагын зардлын цалин хөлсний дээд хязгаарыг баталдаг.

Харин компанийн дүрмийн 8.8.9, дотоод журмын 2.1.6, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.4-т бүрэн эрхийн хэмжээ байгаа тул гүйцэтгэх захирал шилжүүлэх бүрэн эрхтэй. Иймд манай компанийн зүгээс М.*******гийн хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан, хөдөлмөрлөх эрхийн хязгаарласан асуудал байхгүй.

5.2. Ээлжийн амралтын асуудлаар нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн тогтоогдох тул хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн санхүүгийн хэлтсээс нэхэмжлэгчийн хувьд тодорхой ямар нэг хэлтэст харьяалагдахгүй, гүйцэтгэх захирлын томилсон техникийн хэлтэст ажлаа хийхгүй байсан учраас цалингийн тооцоо хийх бүртгэл байхгүй байсан.

5.3. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б/597 дугаар тушаал гаргаж ажлаас халсан нь энэ маргаанд хамааралгүй өөр асуудал тул энд яригдахгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/618 дугаар тушаалын М.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 3 сараас 7 сарыг дуустал цалин тогтоосон хугацаанд олгоогүйн алданги 2,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон.

3.1. Хэргийн 4, 81-96, 97-109, 110-112 дугаар талд авагдсан баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх ба уг баримтуудыг хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангахгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй тул хариуцагч байгууллагын зүгээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр авагдсан гэж үзэхгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна.

Мөн хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй тайлбартайгаа холбогдуулан гаргаж өгсөн гэх хэргийн 217-234 дүгээр талд авагдсан нотлох баримтууд нь дээрх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

3.2. Түүнчлэн, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/17875 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ТӨХК-ийн ТУЗ-ийн 2023.04.06-ны өдрийн 07/23 дугаар тогтоолоор баталсан компанийн бүтэц, зохион байгуулалтын баримтыг хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг баримтыг авалгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

Дээрх нотлох баримтыг хариуцагч байгууллагаас гаргаж өгөөгүйтэй холбогдуулан 2022 оны 6 сард батлагдсан гэх бүтэц, зохион байгуулалтын талаарх компанийн үндсэн зааварт үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан байх ба энэ талаар хариуцагч маргахгүй гэсэн тайлбарыг үндэслэн уг хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн маргахгүй гэж буй үйл баримтад нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргуулахыг хүссэн баримт хамаарах эсэх нь тодорхой бус нөхцөлд 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/17875 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэлгүй.

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03860 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА