Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,  

улсын яллагч Н.Нарангэрэл,  

шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д  овогт А  Б-д  холбогдох эрүүгийн 1810005840368 дугаартай, 187/2019/0389/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ........оны .....дугаар сарын ..........-нд Төв аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, “Их тамир” амралтын газарт барилгын туслах ажилтай, ам бүл ........... хамт, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 14-56 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д  овогт А  Б /РД:.....................

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б  нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/5-43 тоотод оршин суух Э.-ийн гэрт нь ирээд явахдаа “Apple Macbook Pro” маркийн зөөврийн компьютерийг нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Б  нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/5-43 тоотод оршин суух Э.-ийн гэрт нь ирээд явахдаа “Apple Macbook Pro” маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч А.Б ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Э.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-ийг би ширээн дээрхийг цэвэрлэчих гэсэн чинь Б аяга, тавга угааж байсан. Тэгээд намайг зурагт үзэж байхад Б ах “аяга, таваг угаачихлаа явлаа” гэхээр нь “за”  гэсэн. ...23 цагийн үед унтах гээд унтлагын өрөөнд орсон чинь ширээн дээр байсан нөүтбүүк байхгүй болсон байсан. ...Б өөрөө утсаар залгаад “би таны нөүтбүүкийг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан, авчихлаа, одоо аваад очиж байна” гэж яриад ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/  

          3. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянжаргал овогтой Батзориг нь найзын хамт ирж Macbook Pro  13.3 Mid 2012 маркийн нөүтбүүкийг 700.000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай Б.Б-ийн нэр дээр тавьсан. ...хэд хоногийн дараа Батзориг найзын хамт дахин ирж өөрөө хөдөө явах болсон  тул тухайн барьцаанд тавьсан эд зүйлийг Алтай овогтой Билгүүний нэр дээр шилжүүлж өгөх хүсэлт тавьсан. ...анх барьцаанд тавьсан мөнгө болох 700.000 төгрөг, дээр нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөөс 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүү болох 98 хоногийн 480.000 төгрөг нийт 1.180.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

          4. Гэрч З.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нөүтбүүкийг нь хулгайлж авч явсан гэж байсан. ...Тэрнээс хойш нилээд удсаны дараа миний гар утсанд Нарандэлгэрийн нөүтбүүкийг ломбарданд тавьсан бичиг, Билгүүний иргэний үнэмлэхний лавлагаатай нь хамт манай байрны 13 дугаар давхрын паарны завсар үлдээсэн гэж Б мессеж бичсэн байхаар нь би гарч паарны хажуу талаар үзэхэд ломбардны бичиг, Билгүүний иргэний үнэмлэхний лавлагаа байсан. Тэгээд уг бичгийг Нарандэлгэрт өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

           5. Гэрч Б.Б-ны  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б рүү залгасан чинь авахгүй байж байгаад оройхон миний утсыг аваад “Чи яагаад Нарандэлгэрийн компьютерийг авч явсан юм бэ, яагаад ийм үйлдэл хйисэн” гэсэн чинь Б уучлаарай дүүд нь хэрэг болоод аваад гарчихсан юм гэхээр нь “чи хэлээд авч гарахгүй яасан юм, хулгай хийж авч явдаг чинь яаж байгаа юм” гэсэн. Б Нарандэлгэрийн нөүтбүүкийг ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

          6. “…Ашид Б ХХК-ны 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №ХУД016 дугаартай 1.850.000 төгрөгөөр үнэлсэн, хөрөнгө даатгалын үнэлгээний хуудас... /хх-ийн 43/

          7. Бат магнат ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх-47/

          8. Эд мөрийн баримт хураан авсан болон эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-48-50/

          9. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэртэйгээ маргалдаад гэртээ бичиг баримтаа орхиод гараад ирсэн байна, энэ нөүтбүүкийг ломбарданд бичиг баримтаараа тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь Билгүүний хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Натур төвийн хойд талаар явах замын хойно байрлах ломбарданд очиж цагаан саарал өнгийн нөүтбүүкийг барьцаанд би өөрийнхөө нэрээр тавьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108/

          10. Шүүгдэгч А.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нарандэлгэр ах бид 2 архи ууж байгаад Нарандэлгэр ахын гэрт ширээн дээр байсан Apple брэндийн Macbook нөүтбүүкийг аваад гарч явсан. Тэгээд тэр өдрөө зүүн дөрвөн замын ломбарданд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр мөнгө нэмж авах гээд Нарандэлгэр ахын гэрээс авсан нөүтбүүкийг тавьсан ломбарднаас аваад Натурын замын хойд талд байдаг ломбарданд 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Б  нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/-аар тогтоогдлоо.  

             Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч А.Б  нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/5-43 тоотод оршин суух Э.-ийн гэрт нь ирээд гэрийг нь цэвэрлээд явахдаа “Apple Macbook Pro” маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Б ий гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Э.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад шүүхээс улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б ий урьдчилан цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 224 цагийг хасч 76 /далан зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

            Шүүгдэгч А.Б ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

А.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д  овогт А  Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д  овогт А  Б-ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.         

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б ий урьдчилан цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийн  нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн 224 цагийг хасч 76 /далан зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.     

            4. А.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Б д сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР