| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0336/и |
| Дугаар | 351 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 351
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 09-р сарын 29 Дугаар 351 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо “Жанжин”-ы 22-457 тоотод оршин суух, /РД:ЛБ81101009, утасны дугаар 98871392, 98657570/, Халбагад овогт Даваагийн Цагаанхүүхэний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт оршин суух, /РД:ЛИ77033079, утасны дугаар 98719761/, Ханхар овогт Пагмын Азбилэгт холбогдох
“Машины төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Халбагад овогт Даваагийн Цагаанхүүхэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 2014 онд банкнаас зээл авч TOYOTA PROBOX маркийн 97-29 УБА дугаартай суудлын машин худалдаж авсан юм. 2016 оны өвөл нөхөр Атарбаяр бид нар Түмэнцогт сум руу нутагруугаа явсан. Цас ихтэй байсан учраас ах Мөнхбаяртаа машинаа орхиод ирсэн. Хавар машинаа авахаар буцаж ирэхэд машиныг эвдлээд хашаандаа хучиад тавьсан байсан. Яагаад ийм юм болов гэхэд Мөнхбаярыг машинаа асаалттай хашааны гадаа орхиод гэр рүүгээ ороод ирэх хооронд найз Б.Азбилэг гэдэг залуу машиныг нь дураараа зөвшөөрөлгүй унаж яваад замын гэрлийн шон мөргөж гэмтээсэн байсныг чирүүлж, хашаандаа авчирч тавьсан, төлбөрт нь 5 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэсэн байсан. Гэхдээ тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хоорондоо тохиролцоод өнгөрсөн юм билээ. Бид нарт ч машиныг чинь эвдчихсэн гэж хэлээгүй нуучихсан байсан. Ингээд Атарбаяр Азбилэгтэй уулзахад машиныг эвдсэнээ зөвшөөрч, төлбөрийг төлнө гэж данс авч үлдсэн. Утсаар ярихаар төдийд өгнө, өдийд өгнө, та нар машинаа засуулчих, засварын мөнгийг би төлнө гэх зэргээр нааш цааш хэлж төлбөрөө төлөхгүй байсан учраас бид машинаа ачуулж авчираад засварт өгч өөрийн зардлаар засуулаад унасан. Засварын ажлын хөлс, сэлбэг хэрэгсэл зэрэгт 5 000 000 төгрөгийн зардал гарсан. Гэхдээ эвдэрхий машиныг ачиж зөөсөн тээврийн хөлс, шатахуун, хоолны болон бусад зардлыг оруулж тооцоогүй. Азбилэг нь манай машиныг өөрийн буруугаас эвдэж бидэнд хохирол учруулсан, хохирлоо төлөхийг зөвшөөрсөн боловч одоог хүртэл төлөхгүй хохироож байгаа учраас машины төлбөр 5 000 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Ханхар овогт Пагмын Азбилэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Цагаанхүүхэний нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлнө. Тайлбар гаргасан П.Азбилэг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Халбагад овогт Даваагийн Цагаанхүүхэн нь хариуцагч Ханхар овогт Пагмын Азбилэгээс “Машины төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 /таван сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цагаанхүүхэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Азбилэгээс 5 000 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 95 000 төгрөгний тал хувь болох 47 500 төгрөгийг, үлдэх 47 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Цагаанхүүхэнд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Халбагад овогт Даваагийн Цагаанхүүхэний нэхэмжилсэн машины төлбөр 5 000 000 төгрөгийг хариуцагч Ханхар овогт Пагмын Азбилэг нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цагаанхүүхэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Азбилэгээс 5 000 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 95 000 төгрөгний тал хувь 47 500 төгрөгийг, үлдэх 47 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Цагаанхүүхэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ