| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0330/и |
| Дугаар | 345 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 345
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 09 дүгээр
сарын 28-ны өдөр Дугаар 345 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 1-9 тоотод оршин суух, /РД: ЛБ61111007, утасны дугаар: 99822696/, Жоожоо овогт Доржсүрэнгийн Улаанхүүхэний
“Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Улаанхүүхэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1961 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн. Одоо 55 нас хүрч тэтгэвэрт гарах болоход миний хөдөлмөрийн дэвтэр дээр нэрийг маань Улаан гэж дутуу бичсэн тул шүүхээр зөрчлийг арилгуулж, хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагатай байна. Миний бусад бичиг баримт бүгд Улаанхүүхэн гэсэн нэртэй байгаа. Иймд 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Улаанхүүхэн мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Мөн хүсэлтдээ: Миний бие Улаанбаатар хотод амьдардаг. Манай өвгөн бие муутай хагалгаанд орох шаардлагатай байнга сахиур хэрэгтэй байгаа бөгөөд миний бие шүүх хуралдаанд орох боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Жоожоо овогт Доржсүрэнгийн Улаанхүүхэн нь Хэнтий аймгийн ХАА-н ТМС-ээс 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон Доржсүрэн овогтой Улаан нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Улаанхүүхэн нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, Улаанбаатар хотод амьдардаг. Манай өвгөн бие муутай хагалгаанд орох шаардлагатай байнга сахиур хэрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд миний бие орох боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Жоожоо овогт Доржсүрэнгийн Улаанхүүхэн нь Хэнтий аймгийн ХАА-н ТМС-ээс 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон Доржсүрэн овогтой Улаан нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний Иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, 62 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 000106402 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-гэрч Игнэн овогт Дамдинжавын Энхцэцэг /РД: ЛБ61121735,/-ийн Д.Улаанхүүхэнийг бага наснаас нь танина. Нэг сумын хүмүүс, хамт ажиллаж байсан. Д.Улаанхүүхэн нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан. Намайг 1983 онд анх сургуульд ажилд ороход Д.Улаанхүүхэн нь ажилд орчихсон байсан. 1990 оныг дуустал ажиллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуульд 1983-2004 хүртэл жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан. Д.Улаанхүүхэнийг бид нар Улаан гэж дууддаг байсан. Жинхэнэ нэр нь Доржсүрэнгийн Улаанхүүхэн гэдэг гэх мэдүүлэг,
-гэрч Хэрээд овогт Цэвэгмидийн Аваасүрэн /РД:ЛЮ71080437/-гийн Д.Улаанхүүхэн эгчийг хүүхэд ахуй цагаас нь мэднэ. Айл саахалт амьдарч байсан. Д.Улаанхүүхэн нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын сургуульд цэвэрлэгч, үйлчлэгчээр 1981-1990 оныг дуустал ажилласан. Би Тэр үед 8 жилийн сургуульд сурч байсан. Д.Улаанхүүхэн эгчийг гэрийнхэн болон бид нар Улаан эгч гэж дууддаг байсан. Жинхэнэ нэр нь Улаанхүүхэн юм. Тэднийх Борхүү, Халзанхүү, Отгонхүү гэдэг 3 эрэгтэй, Борхүүхэн, Улаанхүүхэн гэдэг 2 эмэгтэй хүүхэдтэй айл байсан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Улаанхүүхэний хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Д.Улаанхүүхэн нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Жоожоо овогт Доржсүрэнгийн Улаанхүүхэн нь Хэнтий аймгийн ХАА-н ТМС-аас 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олгосон Доржсүрэн овогтой Улаан нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Улаанхүүхэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ