| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/02512/И |
| Дугаар | 210/МА2024/02157 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02157
2024 оны 12 сарын 13 өдөр Дуга 210/МА2024/02157
С.Н ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03788 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Н ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Дд холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амартүвшин, хариуцагч Б.Д, түүний өмгөөлөгч М.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.Д нь нэхэмжлэгчийн өр төлбөр, банкны зээлийг төлж өгөөд газар болон хашаа байшинг нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон
1.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 0007 дугаар Өмчлөлийн газар худалдах худалдан авах гэрээ, 0008 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 0009 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өөрийн өмч хөрөнгөө буцаан авахыг шаардсан нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/03755 дугаар шүүхийн шийдвэрээр шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангахгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ хариуцагч Б.Дг дээрх гэрээнүүдийн дагуу төлбөр төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Гэрээний үүргийг Б.Дгээс шаардахад тухайн шийдвэр саад болохгүй болохыг дурдсан.
1.3. Иймд 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 0007 дугаар өмчлөлийн газар худалдах худалдан авах гэрээ, 0008 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 0009 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Улсын бүртгэлийн Ү-***** дугаар 160 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын ***** дугаар 459 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Улсын бүртгэлийн Ү-***** дугаар 62,9 м.кв талбай бүхий хувийн сууцыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. 2021 оны 06 сарын 17-ны өдөр хашаа байшингийн урьдчилгаа төлбөр 15,000,000 С.Н ын дансанд байршуулан, 30,000,000 төгрөгийн зээл Х ББСБ ХХК-аас авсан. Үндсэн зээлдэгч С.Н тул түүний данснаас 45,000,000 худалдагч тал руу шилжүүлсэн ч тус хашаа байшингийн зээлийг Б.Д миний бие аав н.Б ын хамт төлж дуусгасан.
2.2. Хариуцагч Б.Д миний өөрийн данснаас тус хашаа байшингийн бүх мөнгө гараагүй ч миний аав бид хоёрын дундын данснаас мөнгө төлөгдөж дуусгавар болсон учир нэхэмжлэгч С.Н ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дд нэхэмжлэгч С.Н д Улсын бүртгэлийн Ү-***** дугаар 160 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын ***** дугаар 459 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Улсын бүртгэлийн Ү-***** дугаар 62.9 м.кв талбай бүхий хувийн сууцыг буцаан өгөхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Н ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н д олгож шийдвэрлэжээ
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч С.Н нь зээл авах боломжтой, хувиараа бизнес эрхэлдэг, барилгын материалын зах дээр модон хийц зардаг, банкны карт уншигч өдрийн орлоготой байсан тул түүний нэр дээр ХХХХХ тоот маргаан бүхий хашаа байшинг Х Банк бус санхүүгийн байгууллагын зээлээр С.Н ын нэр дээр хашаа байшингаа барьцаалан 45,000,000 төгрөгөөр худалдан авахдаа, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг Х ББСБ-ын зээлээр авсан байдаг.
4.2. Тус зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон хүн хариуцагч Б.Д түүний аав нарын хамтран ашигладаг байсан Р.О ын Хаан банкны ***** тоот харилцах дансаар Х Банк бус санхүүгийн байгууллагын ***** тоот данс руу С.Н ын зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон. Б.Дгийн аав н.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөх үүрэгтэй байсан учир өөрийн төрсөн дүү Р.О ын харилцах дансыг ашигладаг байсан ба үүнийг Р.О гэрчилдэг. н.Б 2022 оны 12 сард өвчний учир нас барсан.
4.3. Б.Д нь 0007, 0008, 0009 дугаар гэрээнүүдийн нийт төлбөр 45,000,000 төгрөгөөр худалдан авах эрх шилжүүлэн авсан. Дээрх гэрээнүүдийн төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн зээлийг төлж дуусгасан.
4.4. Түүнчлэн нэхэмжлэгч С.Н т нь Нийслэлийн тойргийн нотариатч С.Тт үл хөдлөх эд хөрөнгийн нэр шилжүүлэх хүсэлт гаргаж, Худалдах худалдан авах гэрээнүүдийн 3.3-т зааснаар төлбөр төлөх нөхцөл бүрэн төлж дуусгавар болгосныг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийг бүрэн төлж дуусгавар болгосон тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан нэхэмжлэгч хэлцлийн шинжийг бүрэн агуулсан байна.
4.5. Нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч С.Н нь 2024 оны 10 сарын 09-ний өдрийн гэрчийн мэдүүлэгтээ Худалдаа хөгжлийн банкны зээлгүй гэж мэдүүлсэн байдаг.
4.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Д 0007, 0008, 0009 дугаар гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг гаргуулах үндэслэлгүй байна гэж тогтоосон нь хэргийн материалд байгаа үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг үнэлж чадаагүй, Иргэний хуулийг буруу хэрэглэж, үндэслэл тогтоож тайлбарлаж чадаагүйгээс хариуцагч Б.Дгийн Х ББСБ-д төлсөн мөнгийг хэн төлсөн эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагч Б.Д Х ББСБ-ын мөнгийг төлж үүргийг дуусгавар болгоогүй байсан бол нэхэмжлэгч нь хэрхэн төлж чадах байсан юм бол гэдэг асуулт хоосон үлдсэн.
4.7. Шүүх тус маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийг хэт нэг талаас нь буюу зөвхөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг л үндэслээд байхаас биш гэрээний харилцаа тохиролцсон үндэслэл, нэхэмжлэгчийн зээлийг хэн хэрхэн, ямар аргаар, ямар данснаас төлбөрийг төлж дуусгавар болгосон эсэх нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлэг байгаа нөхцөл байдлыг эргэлзээгүй болгоход өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан 2024 оны 08 сарын 03 ний өдрийн 8/45 гаргасан хүсэлтийг хангаагүй.
4.8. Энэ бүхнийг шүүх хянаж үзээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хариуцагч талаас гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Энэ хэргийн тухайд 2023 оны 04 сард нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ гэрээ хүчин төгөлдөр байна, гэхдээ хариуцагч тал буюу Б.Д ямар нэгэн төлбөр төлөөгүй байна гэх дүгнэлтийг гаргасан.
5.2. Тухайн хугацаанаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрч байгаа тул гэрээ нэгэнт хүчин төгөлдөр, төлбөр төлөгдөөгүй учир гэрээнээс татгалзаж өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө буцаан гаргуулъя гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн.
5.3. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нь ямар нэгэн төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Маргаан бүхий хэрэг анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж байхад хариуцагч нар нь гэрээ хүчин төгөлдөр гэж маргаж байсан атлаа гэрээ хүчин төгөлдөр учир та нар мөнгөө төл гэхээр төлөлгүй дахин 1 жил өнгөрсөн. Тиймээс нэхэмжлэгч талын зүгээс мөнгөө төлөхгүй бол өмчлөлийн эд зүйлээ буцааж авъя гэхээр ямар нэгэн өөр үндэслэл гаргаж ирээд маргаж байгаа нь үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогддоггүй.
5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Өөрөөр хэлбэл гэрээ хүчин төгөлдөр бөгөөд төлбөр төлөгдөөгүй байна гэх анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд одоо тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үйлчилсээр байгаа тул хариуцагчийн гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч С.Н хариуцагч Б.Дд холбогдуулан 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 0007 дугаар өмчлөлийн газар худалдах худалдан авах гэрээ, 0008 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 0009 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, Улсын бүртгэлийн Ү- ***** дугаар 160 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын ***** дугаар 459 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Улсын бүртгэлийн Ү-***** дугаар 62.9 м.кв талбай бүхий хувийн сууцыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... С.Н ын данснаас 45,000,000 төгрөгийг худалдагч тал руу шилжүүлсэн, миний эцэг бид хоёр зээлийг төлж дуусгасан ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
4. Зохигч талуудын хооронд 2023 оны 01 сарын 02-ны өдөр 0007 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 0008 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 0009 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дараах хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохиролцжээ. Үүнд:
4.1. 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 0007 дугаар гэрээгээр ***** нэгж талбарын дугаартай, ХХХХХ тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, хариуцагч нь газрын үнэ 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон;
4.2. 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 0008 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах, 160 м.кв хувийн сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, хариуцагч нь хувийн сууцны үнэ 43,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон;
4.3. 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 0009 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах, 62.9 м.кв хувийн сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, хариуцагч нь хувийн сууцны үнэ 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
5. Анхан шатны шүүх дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.
6. Хариуцагч Б.Дгийн өмчлөлд ***** нэгж талбарын дугаартай, ХХХХХ тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах, 160 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах, 62.9 м.кв хувийн сууцыг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх бүртгэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
7. Харин, анхан шатны шүүх дээрх гэрээний төлбөр тооцоо дууссан гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлөөгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
2023 оны 01 сарын 02-ны өдрийн 0007, 0008, 0009 дугаар гэрээний 3.3-д ...Төлбөр төлөх нөхцөл хугацаа: 2023.01.02-ны өдөр төлбөр тооцоо дууссан гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлахад талуудын хооронд гэрээний төлбөр тооцоог гэрээ байгуулсан өдөр болон түүнээс өмнөх цаг хугацаанд төлж барагдуулсан гэж ойлгоно.
Гэрээний дээрх тохиролцоо, хэрэгт цугларсан төлбөр төлж байсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд хариуцагч талын ... С.Н ын данснаас 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийг худалдагч тал руу шилжүүлсэн, миний эцэг бид хоёр зээлийг төлж дуусгасан. гэсэн тайлбар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзнэ.
Хариуцагч нь ХХХХХ тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах, 160 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах, 62.9 м.кв хувийн сууцыг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/03788 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Дд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Улсын бүртгэлийн Ү-***** дугаар 160 м.кв талбай бүхий хувийн сууц, нэгж талбарын ***** дугаар 459 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, Улсын бүртгэлийн Ү-***** дугаар 62.9 м.кв талбай бүхий хувийн сууцыг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Н ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР