| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0373/Э |
| Дугаар | 416 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Ч.О , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч О-т холбогдох эрүүгийн 1810025560221 дугаартай, 187/2019/0373/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .....дугаар сарын ........ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..... хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ч О /РД:........................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хороололд Г.Э-ыг айлын хашаанд орж ирлээ гэж уурлан, улмаар түүнийг хашаанаас гаргах гэж гарыг нь нурууны ард нь мушгиж, баруун гарын богтос ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хороололд Г.Э-д “айлын хашаанд орж ирлээ, та эзэнгүй хашаанд юу хийж байгаа юм бэ” гэж уурлахад “би танил өвгөнийд орох гэсэн юм, манай найз байгаа юм, чи мэдэж байгаа биз дээ” гэж хэлтэл түүнийг хашаанаас гаргах гэж гарыг нь нурууны ард нь мушгиж, баруун гарын богтос ясыг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ч.О ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 9 цагийн үед нутгийн өвгөн Баярмаагийн гэрт очиж 0,5 л савалгаатай Ерөөл архи хувааж уучихаад гэр рүүгээ буцаад явж байгаад Намхай гээд найз өвгөний гэрт орох санаатай хашаанд нь ортол гэр нь цоожтой болохоор нь хашаанаас нь гарах гэтэл хажуу талынх нь хашааны залуу гарч ирээд намайг “та эзэнгүй хашаанд юу хийж байгаа юм бэ” гэхээр нь би танил өвгөний гэрт орох гэсэн юм, манай найз байгаа юм чи ч өөрөө мэдэж байгаа гэж хэлтэл миний баруун гарыг мушгиж нурууны ард бариад хашаанаас гаргасан. ...Гарыг маань мушгисан чигээрээ хойно бариад 100 метр орчим газарт түрж явсан. Энэ үед эхнэр нь ирээд миний нүүрэнд алгадаад хоолой боох гээд дайраад байсан. Тэгээд би хашаанаас гарсан байсан болохоор гэртээ харьсан. Тэгээд би ням гаригт нь гэртээ өнжих үед миний баруун гар өвдөөд байхаар нь маргааш нь буюу 1 дэх өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзүүлж зургаа авахуултал миний баруун гарын шуу хугарсан байхаар нь цагдаад хандсан юм. Дүгнэлтэд дурдсан богтос ясны далд хугарал гэмтлийг тэр залуу мушгиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/
3. Гэрч Д.П-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 9 бил үү 10 дугаар сарын сүүлээр Энхтайвантай уулзахад О гэдэг хуучин бууж байсан хашааны шинэ манаачид зодуулаад гараа хугалсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12332-ний дүгнэлт:
-Г.Э биед баруун богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 36/
5. Шинжээч эмч Б.Д-ийн “...Богтос яс гэдэг нь хүний гарын шууны савхан ясыг хэлнэ. Хүний гарыг мушгих, мушгиж нурууны ард барих үед уг гэмтэл үүсэх бүрэн боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/
6. Шүүгдэгч Ч.О ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай хашаанд өмнө нь харуул хийж байсан хөгшин ороод ирчихсэн явж байхаар нь би тэр хүнд “та яах гэж яваа юм бэ” гэхэд өөдөөс “чамд ямар хамаатай юм бэ” гээд манай гэрт орсон. Тэгээд би тэр хүнийг гар гэтэл гарсан ба хашаан дотор “та нар намайг хөөдөг хэн бэ” гээд гарахгүй байхаар нь би тэр хүний зүүн мөр хэсгийн хувцаснаас нь татаж чирээд хашааны хаалгаар гаргаад хаалгаа хаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12332/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ч.О нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хороололд Г.Э-д “айлын хашаанд орж ирлээ, та эзэнгүй хашаанд юу хийж байгаа юм бэ” гэж уурлахад “би танил өвгөнийд орох гэсэн юм, манай найз байгаа юм, чи мэдэж байгаа биз дээ” гэж хэлтэл түүнийг хашаанаас гаргах гэж гарыг нь нурууны ард нь мушгиж, баруун гарын богтос ясыг нь хугалж түүний биед баруун богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ч.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч эмчилгээний зардал нэхэмжлээгүй, түүний хувийн байдал “...45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг...” гэсэн тайлбар зэргийг харгалзан Ч.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.О ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Ч.О т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ч.О т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.О т сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР