| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0317/и |
| Дугаар | 347 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 347
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 09 дүгээр
сарын 29-ний өдөр Дугаар 347 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг “Хээшин” гэх газар нутаглах, /РД:ЛГ61121907, утасны дугаар 99513979/, Хээрднүүд овогт Чүлтэмийн Цагааны
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Цагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ч.Цагаан шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 1981 оноос 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Дарьганга сумын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч орсон гарсан тушаал олдохгүй байгаа учир шүүхээр баталгаажуулах шаардлагатай байна. Иймд тухай үеийн цалингийн түүвэрийг үндэслэн Дарьганга сумын нийтийн ахуй үйлчилгээнд 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Хээрднүүд овогт Чүлтэмийн Цагаан нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нийтийн ахуй үйлчилгээнд 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Цагаан нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нийтийн ахуй үйлчилгээнд 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 215/15 тоот лавлагаа, 214435 дугаартай 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2/157 тоот архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Боржигон овогт Ренчиндоржийн Эрдэнэцэцэг /РД: ЛГ68061401/-ийн: Ч.Цагаантай 1987 оноос Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ахуйн үйлчилгээнд хамт ажиллаж эхэлсэн. Энэ үеэс таньдаг болсон. Намайг нийтийн ахуйн үйлчилгээнд ажилд орохоос өмнө Ч.Цагаан эгч ахуй үйлчилгээнд ажиллаж байсан. Намайг 1990 онд ажлаасаа гарахад Ч.Цагаан эгч ахуйн үйлчилгээнд ажлаад үлдсэн. Хэдэн он хүртэл ажилласныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
-гэрч Боржигон овогт Сугарын Алтанцэцэг /РД: ЛГ54021007/-ийн: Намайг 1986 онд Дарьганга сумын Ахуйн үйлчилгээнд ажилд ороход Ч.Цагаан нь ажиллаж байсан. Ер нь багаасаа оёдолчноор ажилласан байх. Манайх 1994 онд аймаг орж ирсэн. Тэр үед ч Ч.Цагаан нь сумын ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан. Би Дарьгана сумын ахуйн үйлчилгээнд 1986 оноос 1994 он хүртэл захиалга хүлээн авагч, тооцоологч хийдэг байсан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Хээрднүүд овогт Чүлтэмийн Цагааны Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нийтийн ахуй үйлчилгээнд 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Цагаан нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хээрднүүд овогт Чүлтэмийн Цагаан нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нийтийн ахуй үйлчилгээнд 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Цагааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ