Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 336

 

 

 

   

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 9 дүгээр

сарын 15-ны өдөр                                  Дугаар 336                                      Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, “Чулуун хороот”-ын 4-1 тоотод оршин суух, /РД:ЛМ67052412, утасны дугаар 95154555/, Норов овогт Өлзийтийн Батсайханы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь,

Хамтран хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт холбогдох,

 

“Нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 148.938.160 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 9 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч Ж.Батсуурь, З.Энхтөр, хариуцагч Ж.Батсуурийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Сүхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ард түмнийхээ болон Монгол улсын улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын намын гишүүд, дэмжигчдийн итгэлийг хүлээж, 2004, 2008, 2012 онуудад төрөлх сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон 2004, 2008 онд Эрдэнэцагаан сумын Засаг даргаар, 2004 оноос 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл Монгол Ардын намын хорооны даргаар ажилласан билээ. Монгол улсад 2012.11.21-ний өдөр явагдсан орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 27 суудлаас Монгол Ардын нам 14, Ардчилсан нам 13 суудал авсныг сонгуулийн хэсгийн салбар хороо батламжилсан боловч ойлгомжгүй шалтгаанаар Монгол Ардын намаас сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 3 нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг өгөлгүй түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсгээр шалгуулах, Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэх зэргээр Эрдэнэцагаан сумын ард түмний сонголтыг Цагдаагийн болон шүүхийн байгууллагын оролцоотойгоор өөрчлүүлэхээр санаархаж байсан. Мөн Сүхбаатар аймгийн Ардчилсан намын албан тушаалтнуудад үйлчилдэг, Цагдаагийн болон Прокурорын байгууллагад ажилладаг этгээдүүд нь Ө.Батсайхан миний урьд эрхэлж байсан сумын Засаг даргын албан тушаалд хамаарагдах асуудлуудад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нэрээр айлган сүрдүүлэх, дарамтлах, нэр төр, алдар хүндийг маань гутаан доромжлох зэргээр сонгуулиар томилогдсон болон намын хорооны ажил албан тушаалаас хөндийрүүлэх, цаашилбал ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2 жил гаруй хугацаанд улайрч байлаа. Дээрх хууль бус үйл ажиллагаа нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.12.04-ний өдрийн 130 дугаар цагаатгах тогтоол, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.21-ний өдрийн 15 дугаар магадлалд тусгагдаж, хуулийн хүчин төгөлдөр болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Ө.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг Батсайхан намайг цагаатгасугай гэсэн шийдвэрээр таслан зогсоогдсон. Улс төрийн өрсөлдөгч хүчин болох Монгол Ардын намын гишүүд, дэмжигчдийг үзэл баримтлал, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг сонгуулийн бус аргаар авахыг оролдсоор байгаа Сүхбаатар аймгийн Засаг дарга буюу аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь нь өөрийн зөвлөх Б.Сүхбаатар, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал, хуулийн хэлтсийн дарга У.Болдхүү нарын бүрэлдэхүүнтэй 2014.01.07-ны өдөр Эрдэнэцагаан сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр би наашаа гарахаасаа өмнө Цагдаа, Прокурорын нөхдүүдийг дуудаж уулзлаа. Танай сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Батсайхан 4 зүйл ангиар, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Нандинцэцэг 8 зүйл ангиар шалгагдаж, удахгүй эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон гэсэн агуулгатай мэдээллийг хийсэн нь Сүхбаатар аймгийн иргэд, Дорнод, Хэнтий, Улаанбаатар хотод амьдарч байгаа Сүхбаатар аймгийн уугуул иргэдийн дунд бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл тархах шалтгаан болсон юм. Тухайн уулзалтын дараа аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нь Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилчидтай уулзахдаа 10 жилийн нэг ангид хамт сурч байсан миний эхнэр Ө.Гэрэлчимэгийг оролцож байгааг мэдсээр байж нөгөө л мэдээллээ танилцуулж, тэрхүү мэдээллийг бусдад тараахыг үүрэг болгосон байдаг. Хуулийн хүчин төгөлдөр болсон Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.11-ний өдрийн 951 дугаартай шийдвэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.01.29-ний өдрийн 07 дугаар магадлалд нэхэмжлэгч Ө.Батсайханы нэр төр алдар хүнийг гутаасны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дурдаж, нээлттэй орхисугай гэж шийдвэр гаргасан байдаг. Эхний нэхэмжлэлд  нэр төр, алдар хүнд гутаагдсан гэж 100.000.000 сая төгрөг нэхэмжилсэн. Олон түмэн болон удирдах зөвлөлийн хүмүүст ийм мэдээлэл хийсэн нь намайг хүнд байдалд оруулсан. Мөн миний гэр бүл, ах, дүү, ээжийг минь хүнд байдалд оруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Үүгээр ч барахгүй миний 1-р ангийн хүүхдийн ангийнх нь хүүхдүүд “танай аав чинь Тамгын газрын мөнгийг хулгайлсан” гэх зэргээр шоолж байна гэж нэг өдөр гэртээ ирсэн. Мөн манай хүүхэд сургуулийн багш нар манай аавыг муу хэлээд яриад байсан, би тэрүүгээр нь юм ажиглаж байгаа хүний дүр эсгэж сонссон гэж гэртээ ирсэн нь миний гэр бүлийн доторх дулаан уур амьсгал, сэтгэл санааны хүнд байдалд оруулсан цаг хугацаа байсан. Энэ нэхэмжлэлд өмгөөлөгч авах хөлс болон энэ үйл ажиллагаатай холбогдсон бусад зардлыг нэмж 108.113.500 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байсан. 2 дахь нэхэмжлэлдээ цалингийн асуудлаар 48.150.120 төгрөгийг нэмэгдүүлж нэхэмжилсэн. Ингэхдээ энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.12.04-ний өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2015.01.21-ний өдрийн 15 дугаар магадлалд тусгагдаж, хуулийн хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шүүхийн Ө.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.Батсайханыг цагаатгасугай гэсэн шийдвэр гарснаар энэхүү хууль бус үйл ажиллагаа таслан зогсоогдсон. Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурьт өчүүхэн ч гэсэн улс төрийн соёл, төрийн албан хаагчийн ухамсар байсан бол Батсайхан миний бие 2012 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргаар томилогдох бүрэн боломжтой байсан гэж үздэг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан 159.115.091 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.01.29-ний өдрийн 07 дугаар магадлалд Ө.Батсайхан нь 2004.12.30-аас 2008.12.05-ны өдрийг хүртэл, 2008.12.05-ны өдрөөс 2013.01.02-ны өдрийг хүртэл тасралтгүй 8 жил Эрдэнэцагаан сумын Засаг даргаар ажиллаж байсан, мөн 2012 онд явагдсан орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, улмаар тус сумын Засаг даргад нэр дэвшиж тус албан тушаалд сонгогдох боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэсэн дүгнэлт байдаг. Дээр дурдагдсан хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж явуулсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсууриас 2013 оны 01 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болох 39.657.450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан зардлыг нэмээд нийт 40.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Дараагийн нэхэмжлэлийг 2016.09.09-ний өдөр гаргасан. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа 674.540 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 148.263.620 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ буудалд байрласан, хоол идсэн, Эрдэнэцагаан сумаас ирсэн унааны мөнгө, өмгөөлөгчийн Улаанбаатар хотоос ирсэн замын зардлыг тусгаагүй. Эрдэнэцагаан сумын Засаг даргаар хууль бусаар томилогдсон С.Амартайванг Захиргааны хэргийн 14 дүгээр шүүхийн 02 дугаар шийдвэрээр Засаг даргаар томилсон захирамжийг хүчингүй болгосон байдаг. Мөн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015.03.12-ны өдрийн 123 дугаар магадлал, Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 2015.04.22-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Эдгээр шийдвэр, тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай 2015.08.17-ны өдрийн 49 дугаар шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэтэл Эрдэнэцагаан сумын засаглал хууль бусаар ажиллаж байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүд нь Монгол Ардын нам болон Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид нь хууль зөрчөөгүй нь тогтоогдож шүүхийн шийдвэрүүд гарч байсан. Харин эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн этгээдүүд нь сумын иргэдийн дургүйцлийг хүргэж байсан нь илт мэдэгддэг. Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2015.12.11-ний 951 дугаар шийдвэр, мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016.01.29-ний өдрийн магадлалд нэр төр алдар хүндийн хохирлыг нээлттэй орхисугай гэж гарсан байдаг. Мөн дээрх шийдвэрүүдэд Эрдэнэцагаан сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Ө.Батсайхан нь тус сумын Засаг даргад нэр дэвшиж тус албан тушаалд сонгогдох боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэсэн байдаг. Эдгээр шүүхийн шийдвэрүүд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх бүрэлдэхүүн миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө гэдэгт найдаж байна. 2013 оны 01 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарын 30-ыг хүртэлх 42 сарын цалин буюу тухайн хугацаанд олох бүрэн боломжтой байсан орлого гэж үзэж 39.657.450 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хууль зүйн туслалцаа буюу өмгөөлөл авах зардал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарцуулсан зардал 9.280.710 төгрөг, нэр төрд учруулсан гэм хорыг арилгуулахад 50 сая төгрөг, алдар хүнд гутаагдан доромжлогдсоны хохиролд 50 сая төгрөг, нийт учирсан хохиролд 148.938.160 төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Миний бодол бол мөнгөндөө бус сонгуульд шударга өрсөлдөж, сонголтыг хүндэтгэж, олон аавын хүүхэд үе үеийн сонгуульд улс төрийн албан тушаалд сонгогдоно ажиллана. Энэ улс төрийн тогтолцоонд шударга тогтолцоо бий болоосой гэж хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн хорооны албан ёсны баталсан дүнгээр Монгол Ардын нам 14 суудал, Ардчилсан нам 13 суудал авч Монгол Ардын нам олонх бүрдүүлсэн. Гэтэл 2012.12.24-ний Сонгуулийн хороо шийдвэр гаргаж 3 нэр дэвшигчийн түр үнэмлэх олгох асуудлыг түдгэлзүүлсэн. Иргэдийн төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа Ардчилсан намын 13 төлөөлөгч, Монгол Ардын намын 1 төлөөлөгчийг оролцуулаад ирц бүрдүүлэн хийсэн. Үүгээрээ Батсайханыг улиран сонгогдох байсныг хязгаарласан. Энэ асуудал 2013 оныг дамжиж Ардчилсан намын даргын нэхэмжлэлтэй Зэмбэ, Самдан, Батсайхан гуравт холбогдох хэргийг 2013.01.21-ний өдөр шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Гүйцэтгэх ажил явагдаж байсан гэж ярьж байна. Гүйцэтгэх ажил бол эхлэх, үргэлжлэх, дуусгавар болох факт байх ёстой гэж ойлгож байгаа. Энэ факт 2012.02.25-нд дууссан гэж ойгож байгаа.  Хавтаст хэргийн 119-р хуудсанд мэдээллийг мөрдөн байцаах албанд Ганаагийн Идэрбат гэж шилжүүлсэн байгаа. Энэ хүн бол Батсуурь даргын туслахаар ажиллаж байсан Ганаагийн Идэрмөнхийн төрсөн ах. Сүхбаатар аймгийн цагдаагийн газар ашиг сонирхолын зөрчилдөөнд өртөхгүйгээр аливаа асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүний нөөц хангалттай байгаа. Энэ хүн хууль бус үйл ажиллагаа эхлэх эхлэлийг тавьсан. Идэрмөнх гэдэг хүнийг Батсуурь даргаас салгаж ойлгож болохгүй. Төрийн албаны зөвлөлийн тодорхойлолтоор байх ёсгүй орон тоонд, байх ёсгүй нэгжид ажиллаж байсан нь ноцтой асуудал. Монгол улсын Засгийн газар аймаг, нийслэлийн орон тоог баталж өгдөг. Янз бүрийн арга хэрэглээд энэ нь бүтэхгүй болохоор эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Эрүүгийн хэрэгт холбогдсон хүн эрхээ эдэлж чадахгүй болсон. 2011.12.21-ний өдрийн шүүх хуралдаан болохын өмнө буюу 2011.11.19-ний шүүхийн шийдвэр яаж ч гарч магадгүй, эрсдэлтэй. Би ажлаа өгдөг юм билүү гэж надад хэлж байсан. Ажлаа өгсөн тохиолдолд яах вэ гэхэд улс төрийн шахалт байхгүй болно гэсэн. Ингээд шүүх хуралдаан болохоос өмнө намын даргын ажлаа сайн дураараа өгсөн. Ийм учраас 2012.11.21-нд явагдсан Эрдэнэцагаан сумын орон нутгийн сонгуулийн үр дүн эргэлзээтэй. Эрдэнэцагаан суманд Монгол Ардын нам олонх болсон учраас намын дүрэмд зааснаар Батсайхан дахин улиран сонгогдох боломжтой байсан. Би 17 жил цагдаагийн байгууллагад ажилласан. Засаг дарга, орон нутгийн удирдлага гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, үйл ажиллагаанд оролцох, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрх байхгүй. Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага тодорхой нэг фактын талаар орон нутгийн удирдлагад танилцуулдаггүй. Гэмт хэргийн талаарх тоон мэдээлэл бол өөр асуудал. Энэ бол хийх ёсгүй үйлдэл байсан. Гэтэл бодит байдалд Батсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Үүнийг 4 зүйл ангиар гэж хэлэх ямар шалтгаан байна вэ? Тухайн үед Эрдэнэцагаан сумын нөхцөл байдал ямар байсан нь ойлгомжтой. Энэ хүний зорилго бол улс төрийн өрсөлдөгч хүчин Монгол Ардын намын гишүүд, ард түмний итгэлийг алдагдуулах, манлайлж байсан тодорхой хүмүүсийн нэр төрийг унагах гэж зохион байгуулсан гэдэг нь ойлгомжтой. Сүхбаатар аймгийн хэмжээнд 57 000 орчим хүн, Улаанбаатар хотод 10 000 орчим хүн, Дорнод аймагт 6 000 орчим хүн байна. Энэ хүмүүс Батсайхан ийм хэрэгт холбогдсон гэдгийг мэдэж байгаа хүн байхад мэдээгүй бас хүн байгаа. Мөн шүүхээр ороод цагаатгагдсан гэдгийг мэдэж байгаа хүн байхад мөн мэдээгүй хүмүүс байгаа. Шударга шүүх байгаагүй бол энэ хүний нэр төрийг өнөөдөр 500 сая төгрөгөөр ч сэргээж чадахгүй. Энэ мэдээлэл 6 настай хүүхэд нөлөөлж байгаа нь энэ мэдээлэл ямар түвшинд хүрж байгаа нь ойлгомжтой. Сүхбаатар аймгийн Засаг дарга гэдэг бол улс төрийн өндөр албан тушаалтан. Энэ хүн Сүхбаатар аймгийг гадаадад болон дотоодод төлөөлөх эрхтэй байдаг. Энэ хүний хэлсэн, ярьсан үгийг хэн нэгэн нотлох, шалгах шаардлага байхгүй шууд хүлээн авдаг. Батсуурь даргын хэлсэн үг Батсайханыг 4 жил хүнд байдалд оруулах шалтгаан болсон. Зарим нэг хүмүүс эрхээ мэддэггүй, зарим нэг хүмүүс эрхээ хамгаалуулах гэхээр ямар нэг байдлаар барьцаалуулсан байдаг. Батсайханы тавьсан асуудлыг маш зөв гэж үздэг. Энэ асуудлыг зөв шийдэж, зөв практик тогтоовол олон олон сонгуулийг дураараа засдаг асуудал байхгүй болно. Энэ бол миний төсөөлөл. Батсайхан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрдээ орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийнхээ жолоочийн жолооны үнэмлэхийг хуулбарлаж гарын үсэг зурж өгсөн нь боломжийн хэмжээнд албажуулагдсан материал бүрдүүлсэн байна гэж үзэж байгаа. Эрдэнэцагаан сумаас алхаад ирэхгүй нь тодорхой. Гэрчээс мэдүүлэг авахдаа хууль сануулдаг. Тэр хүний итгэл үнэмшил, үзэл бодол ямар байх нь хамаагүй. Хууль сануулсан бол үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хүний итгэм үнэмшилээр нь тухайн хүний өгсөн мэдүүлгийг няцаах нь хуучирсан арга гэж үзэж байна. Харин өгсөн мэдүүлэг нь бодит байдлаас зөрж байвал эргэлзээ төрж болно. Батсайхан эрхээ хамгаалуулах эрхтэй. Дүрс бичлэг хийсэн байна, гүйцэтгэх ажиллага явуулсан гэж байна. Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлд тодорхой байгаа. Ил болж байгаа үйл ажиллагааг бичлэг хийгээд баталгаажуулах эрх нь хэнд ч нээлттэй байгаа. Нэхэмжлэгч юу нэхэмжлэх нь энэ хүний бүрэн эрхийн асуудал. Харин асуудал нь үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдэг нь л байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч Ж.Батсуурь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн шүүх хуралдаан олон удаа хойшилж өнөөдөр шүүх хуралдаан нь эхэлж байгаад сэтгэл хангалуун байна. Би төр олон нийтийн албанд 20 гаруй жил ажиллаж байна. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. 2014.01.07-ны өдрийн хурал дээр би ямар нэгэн хүнийг гүтгэсэн зүйл яриагүй. Би Эрдэнэцагаан сум руу явахаасаа өмнө тэнд ямар асуудал болж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас асуусан. Тэгээд болж байгаа зүйлийн талаар хурлын зааланд ард иргэдэд мэдээлэл хийсэн. Дараа нь Засаг даргын тамгын газрынхантай уулзсан. Батсайханы эхнэр нь манай ангийн хүүхэд байсан. Яагаад асуудал үүсээд байгаа юм бэ? гэж надаас асуухаар нь “ийм зүйл болж байгаа гэнэ” ээ гэж хэлсэн. Энэ зүйлээ олон нийтэд зөвөөр ойлгуулаарай гэж би хэлсэн. Би тухайн үед хэлсэн үг, өмсөж явсан хувцсаа сайн санаж байна. Батсайхан Эрдэнэцагаан сумын Засаг дарга болох ёстой байсныг Батсуурь болгоогүй гэх зүйл ярьж байгаа. Монгол Улсын Үндсэн Хуульд сумын Засаг даргыг сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчид санал болгож, түүнийг нь аймгийн Засаг дарга баталдаг. Би энэ хурлыг олонхоор хуралдсан эсэх, бичиг баримт бүрэн эсэхийг нь шалгадаг. Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 27 төлөөлөгчтэй. Хэрвээ Эрдэнэцагаан сумын Засаг дарга Амартайваныг хууль бус гэх юм бол гаргасан тушаал шийдвэрийг өөрчлөх эрх нь дараагийн Засаг дарга, дээд шатны Засаг даргад бүрэн эрх нь байгаа. Ардчилсан нам анх 17 мандат авсан. Одоо хуралдаан хийхэд 14 төлөөлөгч хуралдаад асуудлыг шийдэж баталдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол олонхоороо хуралддаг. Нэр төр, алдар хүнд гутаасан гэдэг улс төрийн албан тушаалтны хувьд өдөр бүр сонсдог зүйл. Би энэ шүүх хуралдаанаас татгалзаад, зугтаагаад байгаа зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцох гээд ирэх бүрд нэхэмжлэгч тал шүүгчээс татгалзаж байдаг нь надад төвөгтэй байдаг. Батсайханы татгалзсан шүүгч Болормаа бол Батсайханы эхнэрийн ангийн хүүхэд. Батсайханыг Авилгатай тэмцэх газарт өгсөн гэх нь надад огт хамаагүй. Би өөрөөс нь энэ талаар мэдсэн. Намайг Улаанбаатар хотод явж байхад даргаа та хаана байгаа юм гэж яриад надтай уулзсан. Авилгатай тэмцэх газар энэ ажиллагааг гүйцэтгэх ажлын шугамаар хийсэн юм шиг байна лээ. Батсайханы нэр төрийг гутаагүй гэж үзэж байгаа. Батсайхан сая сонгуулиар хамгийн их санал авсан. Харин Батсайхан энэ үйлдлээрээ намайг л гутаасан. Улаанбаатар хот, Дорнод аймаг бусад газраас гэрч асуулгахдаа “чамайг гэрчээр асуулгана шүү нэрийг чинь өгсөн байгаа” гэж урьдчилан тохирсон байсан. Би энэ талаар нэг л хүнээс нь асуухад Эрдэнэцагаан сум хэл амтай байгаа гэдгийн нутгийн зөвлөлийн хурал дээр хэлдэг. Нэр төр гутаасан талаар мэдэхгүй гэсэн байсан. Эрдэнэцагаан суманд будилаан гарсан талаар л мэдэж байгаа, энэ талаар сайн мэдэхгүй гэсэн. Өөрөө л энэ талаар яриад яваад байгаа. Цагдаагийн газар шалгагдаж байсан нь надад огт хамаагүй асуудал. 2012 онд сонгууль болоход Самдан, Батсайхан нар бүх айлын гадаа нүүрс буулгаж, түүнийг нь цагдаагийнхан шалгасан. Тэр хэрэг яагаад замхарч алга болсон талаар би сонирхоогүй. Энэ талаарх гомдлыг нэр дэвшиж байсан өрсөлдөгч  хүн нь цагдаад гаргасан. Иймэрхүү мэдээллүүд орой болгон зурагтаар гардаг. Би Батсайхан ингэдэг, тэгдэг гэж ярьж байгаагүй. Энэ маргаан дуусах байх. Би Сүхбаатар, Болдхүү, Ариунжаргал нартай очоод хэлсэн үгээ мэдэж байна. Ингэхдээ би нутгийн иргэдэд мэдээлэл өгсөн. Тамгын газрын мөнгө хулгайлсан талаар хэн ч, тийм зүйл яриагүй. Тамгын газрын мөнгийг хулгайлсан гэж манай аавыг хэлж байна гэснийг хэн хэлсэн, гэр бүлийн дулаан уур амьсгал алдагдсан гэж байгааг хэн мэдэж байгаа юм, би энэ талаар мэдэхгүй. 2012 онд Засаг даргаар дахин томилогдох байсан гэж байна. Үүнийг хэн батлах юм. Батсайхан сонгуульд өөрөө нэр дэвшээгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргыг олонхоороо баталдаг. Гэрэлчимэгтэй утсаар ярьж байсан. Юу болоод байгаа юм гэхээр нь ийм зүйл байхгүй, би цагдаад өгөөгүй, та нар наад улс төрийн балай асуудлаа боль гэж хэлж байсан. Ямар хэргээр Авилгатай тэмцэх газар өгснийг би мэдэхгүй. Өмгөөлөгчөөсөө сая асуухад гүйцэтгэх ажлын шугамаар очсон юм шиг байна гэсэн. Би өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч байхгүй ч гэсэн оролцоё гэж бодож байсан. Би хуулийн зүйл заалтыг мэдэхгүй ч гэсэн амьдралын бодит үнэнийг хэлж чадна. Нэхэмжлэлд олон мөнгөний асуудал байгаа. Замын зардалд жолоочийн авсан мөнгөний баримтууд дандаа нэг хүний гарын үсэгтэй байгаа. Би санхүүгийн хүн учраас ийм зүйлийг хараад л мэднэ. Өмгөөлөгч энэ талаар нарийн хэлэх байх. Янз бүрээр хэлүүлэх зүйл бол улс төрч хүний хувьд өдөр бүр тохиолддог гэв. 

 

Хариуцагч Ж.Батсуурийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь миний үйлчлүүлэгчид хамааралгүй гэж үзэж байна. Батсайхан өмнө нь төрөөс 100 сая төгрөг, Батсууриас 50 сая төгрөг, нийт 150 сая төгрөг нэхэмжилж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Батсууриас нэхэмжилсэн 50 сая төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож, 32.451.480 төгрөгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэр гарч байсан. Давж заалдах шатны шүүх 2015.12.11-ний өдрийн 951 дугаар магадлалд 15 сая төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэж, Батсуурьт холбогдох бусад асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхисон байдаг. Гэтэл 50 сая төгрөгөө 2016 онд 100 сая төгрөг болгож, ажилгүй байсан хугацааны 42 сарын 37 сая төгрөг, замын зардал, хоол, буудлын зардал, бичиг хэргийн зардал гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлснээр 148.938.160 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ маргаан 2012.11.21-ний өдөр болсон орон нутгийн сонгуулийн дараа Эрдэнэцагаан сумын иргэдийн сонголтыг цагдаа болон шүүхийн байгууллагын оролцоотойгоор өөрчлүүлэхээр санаархаж байсан, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж 2 жил шахам эрүүдэн шүүсэн, нэр төрийг гутаасан гэж миний үйлчлүүлэгчид хамааралгүй зүйлээр буруутгаж байна. Эрдэнэцагаан суманд цагдаа болон шүүхийн байгууллагын оролцоотойгоор иргэдийн сонголтыг өөрчилсөн гэх зүйл нотлогдохгүй байна. Батсайханыг цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 150, 264 дүгээр зүйл ангиар шалгаж байсан. Сүхбаатар аймгийн эдийн засгийн төлөөлөгч ахмад Энхтөр гэж хүн гүйцэтгэх ажлын шугамаар харьяаллын дагуу мөрдөн байцаагчид өгч шалгуулсан байдаг. Энэ нь цагдаагийн байгууллагын хийсэн ажиллагааг гэм буруугийн талаар шүүх шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Өнөөдрийн гол асуудал бол 2014.01.07-ны өдрийн олон нийтийн хурал дээр нэр төр, алдар хүндийг гутаасан асуудал яригдаж байгаа. Мөн Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Улаанбаатар хотод амьдардаг уугуул иргэдийн дунд Батсайханы нэр хүндийг гутаасан гэж үздэг. Мөн 6 настай охиныг нь сурагчид, багш нар нь гадуурхаж, үүнээс нь болж зовж шаналж байсан учраас учирсан гэм хорд 100 сая төгрөг нэхэмжилж байгаа. Батсайхан гэрч асуулгах хүсэлт гаргасан байдаг. Энэ гэрчүүд Улаанбаатар хот, Дорнод аймаг, Баруун-Урт сумаас байдаг. Баруун-Урт сумаас гэрчээр асуулгасан  Зоригт, Сүнжид, Энхтайван нар нь Монгол Ардын намын идэвхтэй гишүүд байдаг. Эдгээр хүмүүс дам сонссон гэдэг болохоос нэр төрийг гутаасан талаарх асуудлыг тайлбартаа яриагүй байдаг. 6 настай хүүхдийг хэн гэж хүүхэд муулсан, ямар нэртэй багш гадуурхсан талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Батсайханд холбогдох хэргийн талаар 2014.02.13-ны өдөр Авилгатай тэмцэх газарт харьяаллаар шилжсэн материалууд байдаг. Хавтаст хэрэгт авагдсан CD бичлэг нь хэн юу хэлж байгаа талаар тодорхой мэдэгдэхгүй, сонсогдохгүй байна. Энэ бичлэгийг Батсайхан өөрөө хийсэн байдаг. 2014.01.07-ны өдрийн уулзалтанд очихоос өмнө цагдаа, прокурорын ажилтнуудтай уулзаж Батсайхан гэж хүн ямар асуудалд холбогдсон талаар мэдээлэл авсан байдаг. 2014.02.13-ны өдөр Авилгатай тэмцэх газар шалгагдаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. 2015 онд нэр төрөө 50 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2016 онд 100 сая төгрөгөөр үнэлж байгаа нь өөрийнх нь эрхийн асуудал. Иймэрхүү аргаар мөнгө авч болдог юм байна гэсэн бодлоор хандаж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

Хариуцагч З.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт огт хамаагүй. Шүүхээс хамтран хариуцагчаар татсан шүүгчийн захирамж гарсан. Танд холбогдуулан нэхэмжлэл ирсэн та гардаж ав гэсэн. Би ингээд л энэ хэрэгт холбогдсон. Өнөөдөр нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэснээр намайг энэ хэргээс чөлөөлж байна гэж ойлгосон боловч үгүй юм байна. Шүүхийн шийдвэр Засаг дарга гэсэн албан тушаалд хамааруулан гарвал би хүлээн авахад бэлэн байна. Би Сүхбаатар аймгийн Засаг дарга гэсэн албан тушаалыг 1 сар гаруй хугацаанд хашиж байна. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гаргаагүй учраас хэлэх үг алга. Шүүхийн шийдвэр яаж гарахыг хүлээж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Батсайхан нь хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурьт холбогдуулан анх нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 108.113.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Батсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 148.938.160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн байна.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, хамтран хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч Ө.Батсайхан нь “Улс төрийн өрсөлдөгч хүчин болох Монгол Ардын намын гишүүд, дэмжигчдийг үзэл баримтлал, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдлийг сонгуулийн бус аргаар авахыг оролдсоор байгаа Сүхбаатар аймгийн Засаг дарга буюу аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь нь өөрийн зөвлөх Б.Сүхбаатар, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал, хуулийн хэлтсийн дарга У.Болдхүү нарын бүрэлдэхүүнтэй 2014.01.07-ны өдөр Эрдэнэцагаан сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр би наашаа гарахаасаа өмнө Цагдаа, Прокурорын нөхдүүдийг дуудаж уулзлаа. Танай сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Батсайхан 4 зүйл ангиар, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Нандинцэцэг 8 зүйл ангиар шалгагдаж, удахгүй эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон гэсэн агуулгатай мэдээллийг хийсэн нь Сүхбаатар аймгийн иргэд, Дорнод, Хэнтий, Улаанбаатар хотод амьдарч байгаа Сүхбаатар аймгийн уугуул иргэдийн дунд бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл тархах шалтгаан болсон...” гэж байгаа боловч 2014 оны 01 сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр уг мэдээллийг тараасан хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурийн тэрхүү мэдээлэл үнэн зөв болох нь доорх бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 201317000068 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор нэхэмжлэгч Ө.Батсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан нь нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч Ө.Батсайхан нь “...тухайн уулзалтын дараа аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нь Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилчидтай уулзахдаа 10 жилийн нэг ангид хамт сурч байсан миний эхнэр Ө.Гэрэлчимэгийг оролцож байгааг мэдсээр байж нөгөө л мэдээллээ танилцуулж, тэрхүү мэдээллийг бусдад тараахыг үүрэг болгосон байдаг. Энэхүү уулзалтын дараагаас Сүхбаатар аймгийн иргэд болон Дорнод, Хэнтий, Дорноговь аймаг, Улаанбаатар хотод амьдарч байгаа Сүхбаатар аймгийн уугуул иргэдийн дунд бодит байдалтай нийцэхгүй, худал хуурмаг мэдээлэл тарааж тэрхүү байдал эцэстээ Ө.Батсайхан миний нэр төр, алдар хүнд гутаагдан доромжлогдож, улмаар гэр бүл, төрөл төрөгсөд дотны найз нөхдийн маань ажил амьдралд сөргөөр нөлөөлж ноцтой үр дагавар учруулсан...” гэж гэм хорын хохирол 148.938.160 төгрөгийг Засаг дарга асан Ж.Батсуурь, одоогийн засаг дарга З.Энхтөр нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нь 2014 оны 01 сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдтэй уулзалт хийх үедээ “танай сумын засаг даргаар ажиллаж байсан Ө.Батсайхан нь 4 зүйл ангиар шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг хийсэн байх боловч уг мэдээллийг хийснээр нэхэмжлэгч Ө.Батсайханы нэр төр, алдар хүндийг Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан ямар хэлбэрээр гутаасан, энэ нь ямар хор уршигт хүргэсэн, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заажээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар Ө.Батсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 148.938.160 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Ө.Батсайханы хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 148.938.160 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ө.Батсайхан анх шүүхэд гаргасан 108.113.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 698.517 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагаа 40 150 120 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ 358.701 төгрөгийг, мөн нэхэмжлэлийн шаардлагаа 674.540 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ 20739 төгрөг буюу нийт 1.077.958 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.077.958 төгрөгөөс  902.641 төгрөг /нэхэмжлэлийн нийт шаардлага 148.938.160 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/-ийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 175.317 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ө.Батсайханд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р баг, Чулуун хороотын 4-1 тоотод оршин суух Ө.Батсайханы нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт  холбогдох “Нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 148.938.160 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.077.958 төгрөгөөс 902.641 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 175.317 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ө.Батсайханд буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ

 

     ШҮҮГЧИД             Б.ТҮМЭНЦЭЦЭГ

М.ЭНХМАНДАХ