| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/04719/И |
| Дугаар | 210/МА2024/02155 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02155
2024 оны 12 сарын 13 өдөр Дуга 210/МА2024/02155
Ч.Ц гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/03749 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Ц гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.У , Б.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 761,769,570 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Ч.Ц миний бие 2021 оны 08 сарын 26-ны өдөр Д.У Б.Э нартай харилцан тохиролцож Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 430,000,000 төгрөгийг эхний 2 сард сарын 2,2 хувийн хүүтэй, сүүлийн 6 сард сарын 1,8 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай буюу 2021 оны 08 сарын 26-ны өдрөөс 2022 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн.
1.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 08 сарын 26-ны өдөр 2571 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Д.У гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, ХХХХХ тоот хаягт байршилтай, 70 м.кв оффис үйлчилгээний талбайг, мөн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 2592 дугаар Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр зээлдэгч Б.Э ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай, ХХХХХ тоот хаягт байршилтай, 70 м.кв оффис үйлчилгээний талбайг тус тус барьцаалсан.
1.3. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хүү болох 47,300,000 төгрөгийг төлсөн. Улмаар Б.У , Б.Э нар гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу талууд зээлийн гэрээг 2022 оны 04 сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойш зээлдэгч нь 1,000,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй.
1.4. Иймд Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу хариуцагч Д.У , Б.Э нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 424,746,562 төгрөг, зээлийн хүү 83,099,818 төгрөг, алданги 253,923,190 төгрөг, нийт 761,769,570 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:
2.1. Б.Э , Д.У нар нь Ч.Ц той 2021 оны 08 сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 430,000,000 төгрөгийг, эхний 2 сард 2,2 хувийн хүүтэй, сүүлийн 6 сард 1,8 хувийн хүүтэйгээр зээлсэн.
2.2. Талууд харилцан тохиролцож 2022 оны 11 сарын 16-ны өдөр дээрх гэрээг 2022 оны 04 сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар сунгаж нөхөн гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээ нь 2021 оны 10 сарын 26-ны өдөр зээлийн гэрээний болон барьцааны гэрээний салшгүй хэсэг ба сунгалтын гэрээ нь өмнөх гэрээний нөхцөлөөр байгуулагдсан.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлдэгч нарыг зээлийн хүүд 48,300,000 төгрөг төлснөөс өөр ямар ч төлөлт хийгээгүй гэжээ. Гэвч зээлдэгч нар үндсэн зээлийн хүүд 2021 оны 09 сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 62,780,000 төгрөг төлсөн. Зээлийн үндсэн гэрээгээр тохиролцон төлбөл зохих нийт хүү 65,360,000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс 62,780,000 төгрөг төлж, 2,580,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Мөн гэрээний хугацаа сунгаснаас хойш зээлийн хүү 1,000,000 төгрөг төлснөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй гэжээ. Гэтэл бид зээлийн хүүд 2022 оны 05 сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 30,240,000 төгрөг төлсөн.
2.4. Зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу Д.У гийн ХААН банк дахь ***** тоот данснаас нийт 23 удаагийн шилжүүлгээр 91,420,000 төгрөгийг Ч.Ц гийн нэрлэн заасан ХААН банк дахь н.Ц ын ***** тоот дансанд шилжүүлсэн.
2.5. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т зааснаар зээлдэгч нараас төлсөн 93,020,000 төгрөгийг үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцох үндэслэлтэй байх тул зээлдэгч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь үндсэн зээл 424,746,562 төгрөг, төлбөл зохих хүү 127,280,000 төгрөгөөс төлсөн 93,020,000 төгрөгийг хасаж тооцоход үлдэгдэл 34,260,000 төгрөг, нийт 459,006,562 төгрөг байна. 3ээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч алданги 253,928,190 төгрөг нэхэмжилж байгаа тооцооллын талаарх баримтгүй, тодорхой бус ойлгомжгүй байна.
2.6. Манай улсад нийтийг хамарсан цар тахал /Ковид-19/ гарснаар 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээр, хөл хорионы хязгаарлалт тогтоосны улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож зогсонги байдалд орсон. Энэ хүнд нөхцөл байдлын үед эхнэр Д.У гийн өмчлөлийн ХХХХХ хороонд байрлах газар дээр Хүүхэд хөгжлийн төв-ийн барилга барих барилгын санхүүжилтэд зориулж 2021 онд 8 сард Ч.Ц гоос зээл авсан юм. Гэтэл барилга барих явцад О СӨХ болон оршин суугчид нь барилга бариулахгүй гэж маргаан үүсгэж, гомдол гаргасны улмаас өнөөдрийн /2020-2024 он/ хүртэл хугацаанд барилгын ажил зогсонги байдалд орсноос шалтгаалан авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
2.7. Анзын хэмжээ илт их байвал шүүх түүнийг багасгаж болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зохицуулжээ. Иймд зээлийн гэрээний хугацаа хэтрэхэд нөлөөлсөн хучин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан, тохиролцсон хугацаандаа зээлийн хүүгийн дийлэнх хувийг төлж байсан зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан дээрх хуулийн заалтыг хэрэглэж гүйцэтгээгүй үнийн дүнгийн 459,006,562 төгрөгийн 0.5 хувь болох алданги 229,503,281 төгрөгийн 50 хувиар /459,006,562+114,751,640=573,758,202/ багасгаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Д.У , Б.Э нараас 674.630.858 /зургаан зуун далан дөрвөн сая зургаан зуун гучин мянга найман зуун тавин найман/ төгрөг гаргуулж Ч.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87.138.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Д.У гийн өмчлөлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах 224,12 мкв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай хөрөнгө, Б.Э ын өмчлөлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, ХХХХХ тоотод байрлах 70 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,037,000 төгрөг улсын орлогод хэвээр, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 3,601,304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хүрээнд тал бүрээс нь шинжлэн судалж үнэн зөв эргэлзээгүй байдлаар хандах ёстой байдаг. Хариуцагчийн зүгээс авсан зээлд маргадаггүй бөгөөд зээл авсан цаг хугацаанаас хойш зээлийн гэрээгээр тохирсны дагуу зээлийн хүүгээ төлсөөр ирсэн. Улмаар зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь үндсэн зээл 424,746,562 төгрөг ба төлбөл зохих хүү 127,280,000 төгрөг юм.
4.2. Хариуцагчийн зүгээс төлбөл зохих хүүг 2021 оны 09 сарын 24-ний өдрөөс, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн хооронд 23 удаагийн үйлдлээр нийт 91,420,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ***** тоот дансанд шилжүүлсэн байдаг. Шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга дээр У гаас аль эсхүл 99097380 гэх өөрийн утасны дугаараа бичиж шилжүүлдэг байсан.
4.3. Энэхүү 23 удаагийн гүйлгээнээс 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 2,880,000 төгрөг, 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 360,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 3,240,000 төгрөг, 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 1,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 3,000,000 төгрөг 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 3,240,000 төгрөгийг Б.Э , Д.У гийн охины зээлийн төлөлт гэж үзэн хасаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Охин болох Э.Х нь Ч.Ц гоос зээл авсан нь үнэн боловч энэхүү зээлээс тусдаа зээл ба хариуцагч нарын зээлтэй огт хамааралгүй, хариуцагч нарын зээлийн хүүнд төлсөн хүүгийн төлбөрийг Э.Х ы зээлийн төлөлт гэж үзэж зээлийн хүүд төлсөн төлбөрөөс хасаж тооцож байгаа нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна.
4.4. Мөн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 5,000,000 төгрөгийн төлөлт хийсэн боловч энэхүү мөнгөн дүнг огт шийдвэрт тусгаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт эргэлзээтэй байдлыг харуулж байна.
4.5. Энэ бүгдээс харвал хариуцагч нар нь зээлийн хүүд төлөх ёстой 127,280,000 төгрөгөөс 91,420,000 төгрөг төлсөн ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулганаас харагдаж байна. Төлбөл зохих ёстой зээлийн хүүгийн үлдэгдэл 35,860,000 төгрөг байтал анхан шатны шүүх 74,980,000 төгрөг төлөх ёстой гэж дүгнэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрээс зээлийн хүүд төлөх 74,980,000 төгрөгөөс 39,120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Талууд зээлийн хүү болон төлөлтөд гарын үсэг зурж эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулдаг. Хариуцагчийн гомдолд дурдсан зээлийн хүү нь Э.Х ы зээлийн эргэн төлөлтөөс хасагдсан гэх 05 сарын 06-ны өдрийн 3,240,000 төгрөг Э.Х ы зээлийн эргэн төлөлтийн хуваариас хасагдсан болох нь хэрэгт авагдсан Д.У , Б.Э , Э.Х нарын гарын үсэг зурсан зээлийн эргэн төлөлтийн баримтаас харагддаг.
5.2. Түүнчлэн 07 сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөг, 07 сарын 27-ны өдрийн 5,000,000 төгрөгийг тус тус Э.Х ы зээлийн эргэн төлөлтөөс мөн хассан. Гэхдээ Э.Х ы эргэн төлөлтөөс хасагдсан зээлийн хүү нь Д.У , Б.Э нарын зээлийн эргэн төлөлтөөс хасагдсан гэж үзэх үндэслэлгүй, мөн 23-ны өдрийн 1,000,000 төгрөг, 28-ны өдрийн 3,000,000 төгрөгөөр төлөлт хийсэн нь шүүхэд өгсөн баримтаар нотлогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Д.У , Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 761,769,570 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь үндсэн төлбөр 424,746,562 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү, алдангийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2021 оны 08 сарын 25-ны өдөр 2572 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.У , Б.Э нар нь 8 сарын хугацаатай, 430,000,000 төгрөгийг эхний 2 сар сарын 2,2 хувийн хүүтэй, дараагийн 6 сар сарын 1,8 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон;
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 08 сарын 26-ны өдөр 2571 дугаар Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Д.У гийн өмчлөлийн ХХХХХ 4 тоот, 70 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 2021 оны 08 сарын 27-ны өдөр 2572 дугаар Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Б.Э ын өмчлөлийн ХХХХХ 4 тоот, 70 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ;
3.3. Мөн 2022 оны 11 сарын 16-ны өдөр, 2022 оны 11 сарын 21-ний өдөр талууд дээрх Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүдийн хугацааг тус тус сунгасан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Анхан шатны шүүх Д.У , Б.Э нараас 674,630,858 төгрөг гаргуулж Ч.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87,138,712 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
6. Хариуцагч талын ... зээлийн хүүд төлөх 74,980,000 төгрөгөөс 39,120,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1. Хэргийн үйл баримтаар дээрх зээлийн гэрээнээс гадна нэхэмжлэгч Ч.Ц болон Э.Х нарын хооронд 2021 оны 10 сарын 21-ний өдөр 1946 дугаар 180,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний төлөлтийг Д.У гийн дансаар дамжуулан төлдөг байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
6.2. Анхан шатны шүүх хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргасан дээрх хоёр зээлийн гэрээний төлөлтийн талаар баримтаас Д.У , Б.Э болон Э.Х ы зээлийн гэрээний төлөлтийг зааглан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцжээ. /хх-154-155/
6.3. Давж заалдах гомдолд дурдсан зээлийг гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Э.Х ы зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцсон 32,000,000 төгрөгт хамаарч байна.
Хариуцагч тал өөрөө зээлийн гэрээний үүргийг заагласан тооцоолол нь нэг талын баримт бөгөөд давж заалдах гомдолд өөрийн гаргасан баримтыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.
7. Хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/03749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР