| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/06469/и |
| Дугаар | 0007 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 12, Жуулчны гудамж 7-д байрлах Худалдаа хөгжлийн банк /РД:2635534/-ны нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Шагдарсүрэн /РД:ФБ63082113/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Я.Шагдарсүрэн нь тус банктай 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2014/000384/0200 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 6 000 000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай 1,4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч Я.Шагдарсүрэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, улмаар 2015 оны 07 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг төлөхгүй байсан болно.
Я.Шагдарсүрэн нь “Алтайн хүдэр” ХХК-д ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. Я.Шагдсарсүрэн нь өөрийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн талаар “Алтайн хүдэр” ХХК-иас тус банкинд мэдэгдсэн. Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Я.Шагдарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, 2 478 618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Гэвч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/08950 дугаар захирамжаар Я.Шагдарсүрэн нь Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 4-869 тоотод оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Тус банкны зүгээс Я.Шагдарсүрэнгийн оршин суух хаягаар очиж боловч тухайн хаягт амьдардагүй болох нь тогтоогдсон. Мөн гар утас нь холбогдох боломжгүй болсон. Бид өөрсдийн боломжоороо хайсан боловч, түүний оршин суугаа газар, хаяг мэдэгдэхгүй, олох боломжгүй байна. Иймд Я.Шагдарсүрэнг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шнжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банк нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Шагдарсүрэн /РД:ФБ63082113/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Шагдарсүрэн нь Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 4-869 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/08950 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Я.Шагдарсүрэнг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх заалтыг баримтлан Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 4-869 тоотод оршин суух /хаягийн бүртгэлтэй/ Их зуутраг овгийн Янживын Шагдарсүрэн /РД:ФБ63082113/-г эрэн сурвалжилсугай.
2. Я.Шагдарсүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ