Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/02190

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр Дуга 210/МА2024/02190

 

 

П.О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 184/ШШ2024/05293 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.О ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М т холбогдох,

 

2,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.М тай харилцан тохиролцож Б дүүрэгт байрлах Ю эмнэлэгээс ХХХХХ дүүрэгт байрладаг Ц хогийн цэг гэх хог асгадаг газар эмнэлгийн гаднах замын шороог зөөх ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

1.2. Тус ажлын хөлс нь нэг удаагийн тээвэрлэлт 150,000 төгрөг байхаар тохиролцсон ба 2022 оны 09 сарын 06-ны өдрөөс 09 сарын 08-ны өдөр хүртэл нийт 17 удаагийн тээвэрлэлтээр шороо зөөх ажлыг гүйцэтгэж, ажлын хөлс нийтдээ 2,550,000 төгрөг болсон.

1.3. Гэвч хариуцагч Б.М нь тус төлбөрөөс нэг ч төгрөгийг надад төлөөгүй. Мөн анх намайг энэ ажилд дуудсан хүн нь Б.М тул түүнд холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан.

Иймд хариуцагч Б.М аас ажлын хөлс болох 2,550,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Б.М нь 2022 оны 09 сард У ХХК-д инженерээр ажиллаж байсан. Тус компани нь тухайн үед Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ю эмнэлгийн гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

2.2. Нэхэмжлэгч П.О нь уг ажилд зам талбайн хуулсан материалыг Ц хогийн цэг гэх газар асгаж өгөхөөр У ХХК-тай тохиролцон ажлыг хийж гүйцэтгэсэн.

2.3. Б.М т компанийн зүгээс тухайн шороог тээвэрлэх машин ол гэж үүрэг болгосны дагуу өөрийн танил болох П.О т тус ажлыг санал болгосон. Ингэхдээ нэг рейсийг 150,000 төгрөг гэх үнэлгээг П.О өөрөө хэлсэн бөгөөд үүнийг захирал н.Г ад танилцуулахад зөвшөөрсөн тул уг ажлыг гүйцэтгүүлсэн.

2.4. Нийт 17 удаагийн рейс хийсэн гэдэгтэй маргахгүй. Хариуцагч нь ажил үүргийнхээ дагуу хяналт хийж, ажиллаж байсан боловч төлбөр тооцоо хариуцах ажилтан биш тул уг нэхэмжлэлийг зөв хүн байгууллага руу нь хандуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар П.О ын нэхэмжлэлтэй, Б.М т холбогдох, 2,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.М аас 2,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.О т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М аас 55,750 төгрөг гаргуулж, нэхэмжпэгч П.О т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч талаас тодорхой тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж, нотлох баримтууд гаргаж өгсөн боловч шүүх хэрэгт авагдсан материалыг бодитой үнэлээгүй, хариуцагч Б.М нь У ХХК-д ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байхад буруу дүгнэлт хийсэн, гуравдагч этгээдийн буюу У ХХК захирал н.Г ын асуудал хөндөгдөж байхад шүүх энэ талаар огт авч хэлэлцэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.3-т Нэхэмжлэгч нь уг гэрээг хариуцагч Б.М тай амаар байгуулж, гүйцэтгэх ажил үүрэг, 1 удаагийн ачилтын хөлсөө түүнтэй тохиролцож, ажил үүргээ гүйцэтгэсэн гэж, хариуцагч Б.М нь У ХХК-ийн нэрийн өмнөөс ажил үүргийн хуваарийн хүрээнд уг гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын санал тавьж хөлсийг тохирохдоо У ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэл хийж байгаагаа мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс, ажил үүргийн хуваарийн дагуу хэлцэл хийсэн гэдгээ нотолж чадаагүй болно. Хариуцагч Б.М аас гарган өгсөн Ю интернэйшнл ХХК, У ХХК нарын хооронд 2022 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан 22/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Б.М ын 2022 оны 04 сараас 2023 оны 04 сарын хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар зэрэг баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг компанийн нэрийн өмнөөс, түүнийг төлөөлөн ажил үүргийн хуваарийн хүрээнд байгуулсан гэж дүгнэх боломжгүй байна... гэжээ.

4.3. Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн гэрээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтын цаг хугацаа нь өөрөө хариуцагчийн У ХХК-д ажиллаж байсан, мөн талуудын нэхэмжлэлийн шаардлага болон хариу тайлбарт дурдаж байгаа үр шилжүүлэн суулгах эмнэлэг буюу Ю эмнэлэг нь нэг газар болох нь аль аль талын тайлбараар нотлогдож байгаа, тухайн үед ажиллаж байсан байгууллагын удирдлагын өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байсан болох нь хариуцагчийн тайлбар шимтгэл төлсөн баримтаар нотлогдсоор байтал шүүх хүлээж аваагүй, нийтэд илэрхий үйл баримт хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой бол дахин нотолдоггүй.

4.4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрийг гаргалгүй зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн үгээр нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл 118.4-т заасныг ноцтой зөрчсөн, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ талуудын гаргасан тайлбар, бичмэл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлээгүй.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч П.О ыг хохироосон этгээд нь ажил олгогчийг төлөөлж ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан биш, эрх бүхий албан тушаалтан буюу У ХХК болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогдож байна.

4.6. Хариуцагчийг зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөөр байтал татан оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн. Дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 184/ШШ2024/05293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Б.М т холбогдуулан 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. П.О нь 2022 оны 09 сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 сарын 08-ны өдрийн хооронд Б дүүрэгт байрлах Ю интернэшнл ХХК-ийн эмнэлгийн гаднах замын шороог ХХХХХ дүүрэгт байрладаг Ц гэх хогийн цэг рүү тээвэрлэн асгах ажлыг гүйцэтгэх, Б.М нь 1 удаагийн тээвэрлэлтийн хөлсийг 150,000 төгрөгөөр тооцон төлөхөөр аман хэлбэрээр харилцан тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

5. Дээрх тохиролцсоны дагуу нэхэмжлэгч П.О нь Б дүүрэгт байрлах Ю интернэшнл ХХК-ийн эмнэлгийн гаднах зам, талбайгаас ХХХХХ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Ц гэх хогийн цэг рүү нийт 17 удаагийн тээвэрлэлтээр шороог зөөж асгасан ажлыг гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

6. Хариуцагчийн ... У ХХК-ийн нэрийн өмнөөс ажил үүргийн хуваарийн хүрээнд уг гэрээг байгуулсан, жинхэнэ хариуцагч У ХХК гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч талаас Ю интернэшнл ХХК болон У ХХК-ийн хооронд 2022 оны 08 сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-г баримтаар гаргасан боловч У ХХК-тай П.О нь гэрээний харилцаанд орсон байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар П.О туслан гүйцэтгэгчийн эрх зүйн байдалтайгаар Ю интернэшнл ХХК болон У ХХК-ийн хооронд 2022 оны 08 сарын 03-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний тодорхой ажлыг гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Тодруулбал, хариуцагч нь У ХХК-д ажилладаг ба нэхэмжлэгч талд ажлын санал тавьж, хөлсийг тохирохдоо тус компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийж байгаа тухайгаа мэдэгдээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс ажил үүргийн хуваарийн дагуу хэлцэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ. гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.О нь хариуцагч Б.М ыг У ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэл хийж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй буюу үүрэг хүлээгээгүй байсан тул зохигч нарыг уг хэлцлийг байгуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Б.М аас 1 удаагийн ачилтын хөлсийг 150,000 төгрөгөөр тооцож, нийт 17 удаагийн ачилтын хөлс 2,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 184/ШШ2024/05293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР