| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0411/Э |
| Дугаар | 420 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт О-ийн Д-д холбогдох эрүүгийн 1910004430410 дугаартай 187/2019/0411/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......оны ..... дугаар сарын .......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, ...... боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ....... хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт О-ийн Д /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-2-14 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б гараараа 5-6 удаа нүүрэн тус газар нь цохих, ундааны шилээр толгой руу нь 2-3 удаа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч О.Д нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-2-14 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б гараараа 5-6 удаа нүүрэн тус газар нь цохих, ундааны шилээр толгой руу нь 2-3 удаа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч О.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед гэртээ ганцаараа байж байгаад сэтгэл санаа тавгүйтээд архи уумаар санагдаад 2-3 хунадага архи уусан. Урьд өдөр нь нөхөр бид хоёр маргалдсан байсан. Би архи ууддаггүй болохоор жаахан уугаад согтчихсон. Би архи уухаар агсам тавиад байдаг юм. Тэгээд манай нөхөр гэртээ ирээд намайг унтаж амар гэж хэлэхээр нь би өөдөөс нь агсам тавьсан гэж манай охин хэлсэн. Би урьд өмнө болсон гэр бүлийн асуудлуудаа ярьсан чинь манай нөхөр тэсвэр алдаад намайг зодсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14/
3. Гэрч Х.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гэртээ амарч байхад манай гэрийн хаалгыг маш хүчтэй хүмүүс цохиод байхаар нь хаалгаа тайлж өгөхөд манай охин Батнасан нүүр хувцас хунар нь бүгд цус болсон дөрвөн хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Хүүхдүүд нь маш их айсан байдалтай. Том охин Халиунаагийн нүүр ам нь цус болсон байсан. Тэгээд гэрийн хаалгаар орж ирээд л ухаан алдаж унасан. Би том охин Халиунаагаас нь юу болсон талаар асуухад ээж сахиус буулгаад сахиусны архи уусан, архи нь биедээ үлдээд согтсон гэсэн. Аав нь архи уугаад архины шилээрээ цохиж зодсон гэж хэлсэн. Тэгээд хоёр хөлийг нь хүлж байгаад зодсон гэж ярьсан. Өмнө нь 2018 оны өвөл сараар нь сайн хэлж мэдэхгүй байна гэртээ архины шилээр зодож байсан. Тухайн үед цагдаа нар ирээд аваад явж байсан. Хэд хэдэн ийм асуудал болж байгаа. Манай охин өөрөө гомдол гаргаддаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
4. Насанд хүрээгүй гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 08-нд манай гэрт хүмүүс шинэлэхээр ирсэн. Хүмүүс орой 22 цагт явсаны дараа аав, ээж хоёр бөөгийн гэр лүү орж бөөлөөд 23 цаг өнгөрч байхад аав, ээж хоёр гэр рүү буцаж орж ирэхэд ээж согтуу, аав эрүүл хоорондоо хэрэлдээд байсан. Ээж согтуу болохоор аавыг зайл гээд гэрээс хөөгөөд байсан ба тэр үед аав юм дуугарахгүй унтаж амар гээд байсан. Тэгээд ээж зайлахгүй бол өөрөө явлаа гээд байхаар нь аав гэрээс гаргахгүй гээд гар хөлийг нь уячихсан. Аав бөөгийн гэрийн галыг унтраахаар гарсны дараа ээж хүлээсээ тайлж гэрээс гарах гэхэд аав орж ирээд дахин хүлсэн. Ээж аав руу хэл амаар доромжилж чи муу пизда, хүүхэн болгоны хормой сөхдөг гэж хэлэхэд аав уурлаад ээжийг нүүр шанаа хэсэг рүү нь 2 удаа гараараа цохьсон. Мөн ширээн дээр байсан ундааны шилээр ээжийн толгой руу 2-3 удаа цохьсон. Ээж миний утсыг аваад цагдаа руу дуудлага өгөх гэтэл аав утсыг нь булааж аваад ээж рүү дайрч буланд шахаж нүүр рүү нь бөгжтэй гараараа 5-6 удаа цохьсон. ...Манай аав, ээж хоёр удаа дараа хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, зодолдож байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгч аавыг явуулчихаад маргааш нь гомдолгүй гээд очоод авчихдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-43-47/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2163/-ний дүгнэлт:
-Б.Б-ийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зүүн талын завьж, доод уруулын салстад язрал, хэлний зүүн хажууд язрал, баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуу, зүүн шуу, тохой, зүүн сарвуу, хэвлий баруун ташаанд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 23/
7. Шүүгдэгч О.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай эхнэр Батнасан нь бөөгийн шашин шүтлэгтэй хүн байгаа юм. Тухайн өдөр Батнасангийн онгод орж ирж буусан юм. Манай эхнэр бөөлж байхдаа архи уусан бөгөөд онгод нь бууж дууссаны дараа архи нь гараагүй согтуу байсан бөгөөд бөөгийн гэрээс гарч явах гээд байхаар нь би дээлийн бүсээр нь гарыг нь хүлчихсэн юм. Тэгээд би гадаа гарч тамхи татаад гайгүй болохоор нь оръё гэж бодоод цонхоор хараад зогсож байтал Батнасан хүлээсээ тайлаад хүүхдүүд рүүгээ орилоод байхаар нь би гэртээ ороод Батнасанг нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Д нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2163/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч О.Д нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-2-14 тоотод байх гэртээ өөрийн эхнэр Б.Б гараараа 5-6 удаа нүүрэн тус газар нь цохих, ундааны шилээр толгой руу нь 2-3 удаа цохих зэргээр зодож түүний биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зүүн талын завьж, доод уруулын салстад язрал, хэлний зүүн хажууд язрал, баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуу, зүүн шуу, тохой, зүүн сарвуу, хэвлий баруун ташаанд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Батнасан нь шүүгдэгч О.Даваадоржтой амьдардаг, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-2-14 тоотод амьдардаг, мөн шүүгдэгч О.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Б.Батнасан, шүүгдэгч О.Д нарын мэдүүлэг, гэрлэлтийн баталгаа, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-43/ зэргээс шүүгдэгч О.Д нь хохирогч Б.Батнасантай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ё.Зоригтбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Д-ийг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр / хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Д-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
О.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт О-ийн Д-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Д-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. О.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.Д-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР