Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0040

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хороолол, 1 дүгээр байрны 26 тоотод оршин суух, 55 настай, эмэгтэй, Дархчууд овгийн Цамбажавын Чанцалдаваа /РД:УГ61020802/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 16 дугаар байрны 10 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй /одоо Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 100А байрны 32 тоотод түр оршин суух гэх/, 36 настай, эрэгтэй, Хуурч овгийн Жаргалсайханы Бэгзсүрэн /РД:ЙЮ80111014/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 2 014 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Чанцалдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Чанцалдаваа надтай Ж.Бэгзсүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг хүүгүй, хоёр сарын хугацаатай зээлсэн.

Бид зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Ж.Бэгзсүрэн нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй.

Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон юм. Иймд Ж.Бэгзсүрэнгээс үндсэн зээл 2 000 000 төгрөг, зардал 14 500 төгрөг нийт 2 014 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Бэгзсүрэн хариу тайлбартаа: Ц.Чанцалдаваагийн нэхэмжилж байгаа 2 014 500 төгрөгийг Ж.Бэгзсүрэн миний бие нь хүлээн зөвшөөрч байна. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Чанцалдаваа нь хариуцагч Ж.Бэгзсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 2 014 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Чанцалдаваагийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 014 500 төгрөгийг хариуцагч Ж.Бэгзсүрэн нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 11 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Иймд хариуцагч Ж.Бэгзсүрэнгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Чанцалдаваагийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 014 500 /хоёр сая арван дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Ж.Бэгзсүрэнгийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чанцалдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгөөс 50 хувь болох 23 475 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,  улсын төсвийн данснаас 23 475 төгрөг, хариуцагч Ж.Бэгзсүрэнгээс 23 475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Чанцалдаваад олгосугай.

  

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

ШҮҮГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ