| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/06087/И |
| Дугаар | 210/МА2025/00017 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00017
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04188 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******газарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02577 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 158,000,000 төгрөгийг гаргуулан ******* ББСБ ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн.
1.2. Дээрх шийдвэрийн дагуу *******газрын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн №4-179/22710 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчийн өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* тоотод байрлах 89,99 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн зоорины давхрын авто зогсоолын хамт 256,859,183 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт танилцуулсан. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн https://www2.1212.mn/ сайтаас 2023 оны 11 сарын байдлаар Хан-Уул дүүргийн орон сууцны бодит үнэ дунджаар 1 м.кв нь 3,500,000 төгрөг байна.
1.3. ******* ХХК-ийн дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн, түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус, хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж, үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. *******, ******* нараас 158,473,975 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгох шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч *******тэй 2022 оны 05 сарын 16-ны өдөр уулзан эрх, үүргийг тайлбарлаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баталгааны маягт бөглүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан.
2.2. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул *******ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байрлах 89,99 м.кв талбайтай орон сууц, мөн зоорины давхрын авто зогсоолыг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 18290606/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 18290606/02 дугаар тогтоолоор хурааж, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд төлбөр төлөгчөөс дээрх орон сууцыг 340,000,000 төгрөг, авто зогсоолыг 35,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналд харилцан тохиролцоогүй тул тус газрын 2023 оны 10 сарын 24-ний өдөр 10/402 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч *******ийг томилсон.
2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээч *******ээр үнэлүүлэхэд орон сууцыг 242,609,183 төгрөг, авто зогсоолыг 14,250,000 төгрөг, нийт 256,859,183 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч *******газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байрлах 89,99 м.кв талбайтай орон сууц, мөн зоорины давхрын 13,4 м.кв талбай бүхий, ******* тоотод байрлах автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 256,859,183 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжпэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээтэй байсан тул 2024 оны 10 сарын 21-ний өдрийн шүүх хуралд оролцох боломжгүй талаар, мөн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тухайгаа *******газарт уламжилсан хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, нэхэмжлэгч талыг хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг зөрчиж, нэхэмжлэгчийг шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд хэргийг буцаалгаж дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдаанд ******* ирээгүй. Уг хэрэг маргааныг анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэх үндэслэлээр миний хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэсэн. Уг үнэлгээтэй холбоотой ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоотод байрлах 89,99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ******* тоотод байрлах, 13,4 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02577 дугаар захирамжаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 158,000,000 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-33-34/
4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч *******, ******* нар сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 00506 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоотод байрлах 89,99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ******* тоотод байрлах, 13,4 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 10 сарын 16-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 10 сарын 23-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийн шинжээч *******ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-37-43/
******* ХХК-ийн шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 10 сарын 24-ний өдөр эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /хх-44-45/
Шинжээч ******* ХХК нь 2023 оны 11 сарын 03-ны өдөр *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоотод байрлах 89,99 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 242,609,183 төгрөг, мөн хаягт байрлах ******* тоотод байрлах, 13,4 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 14,250,000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. /хх-46-56/
5. Шинжээч ******* ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зах зээлээс доогуур үнэлэгдсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж зөв дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг 2023 оны 11 сарын 07-ны өдөр мэдэж, 2023 оны 11 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь 2023 оны 11 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2023 оны 11 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой байсан атлаа 2024 оны 10 сарын 21-ний өдөр энэ талаарх хүсэлтээ шүүхэд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар дурдсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
8. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/04188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР