| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0412/Э |
| Дугаар | 421 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж С овогт Д-ийн О холбогдох эрүүгийн 18100273300412 дугаартай, 187/2019/0412/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С овогт Д-ийн О /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж” караокены гадна Г.У-ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж” караокены гадна Г.У-ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байтал хамт Солонгос улсад ажил хийдэг байсан танил ах Пүрэвсүрэн над руу утсаар яриад өнөөдөр танай гэрийн чинь тэнд очиж Нисэх онгоцны буудлаас хүн тосч авна гэхээр нь уулзахаар болж бид хоёр орой 21 цагийн үед уулзсан. Тэгээд дурсамж караокед 2 шил архи уж, Пүрэвсүрэн нилээн согтсон. 24 цагийн үед Пүрэвсүрэн ах явж би тэндээ үлдээд 01 цагийн үед гарах гэтэл бармен залуу надаас 10.000 төгрөгийн тооцоо хийх ёстой гэхээр нь би тооцоогоо хийсэн шүү дээ гэж хэлээд хаалгаар гараад шатаар уруудсан чинь зөөгч залуу болон 30 орчим насны цэнхэр өнгийн цамцтай, бор царайтай хөх өнгийн жинсэн өмд, пүүз өмссөн залуу зөөгчийг өмөөрч миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. Тухайн үед намайг баарны зөөгч залуу зодож цохиогүй. О нь ээж, аавынхаа хамт над дээр ирж уучлалч гуйсан тул хор уршиг, хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-20/
3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-11/
4. Гэрч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БИ 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал 2 эрэгтэй манай ажил дээр үйлчлүүлж байгаад тооцоогоо хийчихээд удалгүй дахин нэг фанта ундаа авчихаад ундааны тооцоогоо хийхгүй гарах гэхээр нь би хамгийн сүүлд гарах гэж байсан ахаас та ундааны тооцоогоо хийгээрэй гэсэн чинь надад 50 төгрөг өгөөд энийг аваад зайл гэсэн. Тухайн үед тэнд байсан нэг ах намайг өмөөрч, тооцоогоо хийгээч гэсэн чинь чи юу гээд байгаа юм бэ гээд тэр ахтай маргалдаж байгаад караокеноос гадагшаа гардаг шатны тэнд нөгөө ахыг цохиод авсан. Тэгэхээр нь нөгөө ах зодуулсан гэх ахыг зөрүүлээд гараараа нүүр рүү нь цохьсон. Би дарга Отгонбаярыг дуудаж тэр хоёрыг салгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/
5. Гэрч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө өөрийн ажиллуулдаг караокены гал тогооны өрөөнд сууж байтал 01 цагийн үед манай зөөгч надад үүдэнд хоёр хүн зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад харсан чинь коридорт хоёр хүн барьцалдчихсан хоёр биенийхээ хамраас цус гаргачихсан байж байхаар нь би тэр хоёрыг салгаад улаан куртиктэй залууг дагуулж дотогшоо оруулаад нүүрнийх нь цусыг угаалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14153/-ний дүгнэлт:
-Г.У-ын биед хамарт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 40/
7. Шүүгдэгч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Дурсамж караокед 1 пиво уучихаад тооцоогоо хийгээд гарах санаатай тек дээр очсон чинь тухайн караокены бармен залуу нь Ундрахжаргал гэх залууд 10.000 төгрөг дутуу өгсөн байна үлдэгдэл мөнгөө өг гэж хэлсэн. Тэгтэл Ундрахжаргал гэх залуу 50 төгрөг зөөгчид өгчихөөд энийг аваад зайл гэж хэлээд томроод байхаар нь та 10.000 төгрөгөө өгөөч гэтэл над руу томроод байсан. Би тэр залуутай хэсэг маргалдаж байгаад караокеноос гартал араас дагаж гарч ирээд хэрүүл өдөөд байхаар нь заамдаад автал намайг зөрүүлж заамдаад миний баруун талын хацар орчимд цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөөд, гараараа 1 удаа цохиод зууралдаад байж байтал караокены бармен залуу бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14153/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дурсамж” караокены гадна Г.У-ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механник инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О улсын яллагчийн санал болгосон 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Д.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Д-ийн О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Д-ийн О ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.О сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР