Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 0051

 

   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 103А тоотод оршин суух, 30 настай, эмэгтэй, Даажаа хүртэн овгийн Чойсүрэнгийн Ганцэцэг /РД:ДС86062507/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 33 дугаар гудамжны 363 тоотод оршин суух, 25 настай, эрэгтэй, Жалайр овгийн Бүрэнжаргалын Найдансүрэн /РД:УУ91061231/-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганцэцэг миний бие Б.Найдансүрэнтэй 2012 оны 07 дугаар сард танилцаж, улмаар нэг гэрт хамтран амьдрах болсон. 2013 оны 04 дүгээр сард жирэмсэн болж, 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Г.Төгөлдөрийг төрүүлсэн. Б.Найдансүрэн нь хүүдээ ямар ч дэмжлэг тусламж үзүүлж байгаагүй өнөөдрийг хүртэл нэг ч удаа ирж уулзаж анхаарал тавьж байгаагүй.

Одоо хүү Г.Төгөлдөр 2 ой 3 сартай, миний асрамжид өсөн торниж байна. Б.Найдансүрэн нь Г.Төгөлдөрийг өөрийн төрсөн хүү гэдэгтэй маргадаггүй. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ба хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож, төрсний гэрчилгээг нь авсан. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Төгөлдөрийн эцэг нь Б.Найдансүрэн мөн болохыг шүүхийн журмаар тогтоолгож, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Найдансүрэн хариу тайлбартаа: Ч.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Төгөлдөр миний хүүхэд мөн. Г.Төгөлдөрт хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Б.Найдансүрэн миний бие нь Хөвсгөл аймагт ажиллаж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг нь хариуцагч Б.Найдансүрэнд холбогдуулан хүүхдийн эцэг болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх нь тэжээн тэтгүүлэх хүний шаардлагатай үед нэхэмжлэл гаргаж болох боломжийг олгосон зохицуулалт болно.

Нэхэмжлэгч Ч.Ганцэцэг нь хариуцагч Б.Найдансүрэнд холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Төгөлдөрийн эцэг нь Б.Найдансүрэн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Найдансүрэн маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 4, 10 тал/

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг байна.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ” гэж заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Г.Төгөлдөр нь эх Ч.Ганцэцэгийн асрамжид байгаа тул эцэг Б.Найдансүрэнгээс хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Найдансүрэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77 дугаар зүйлийн 77.5-д заасан журмын дагуу 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. /х.х-ийн 24-26 тал/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Төгөлдөрийн эцэг нь Б.Найдансүрэн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Төгөлдөрийг эх Ч.Ганцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Төгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Найдансүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

      4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Найдансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ганцэцэгт олгосугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Найдансүрэнгээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 31 247 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ