Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01945

 

 

 

Н.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 103/ШШ2024/00473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.А ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Б д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,541,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. О.Б нь 2020 оноос 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхдүүддээ болон өөртөө, мөн гэрийн хэрэгцээнд 10,732,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, мөн найз н.М-даа 721,500 төгрөгийн барааг зээлээр аваад 4,523,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,541,200 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.

1.2. О.Б ийм өртэйгээ мэдээд надад ХААН банкинд төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн боловч банкнаас мөнгөө өөрөө авчихсан байсан. Ингэж явсаар О.Б гийн авсан барааний үлдэгдэл 6,541,000 төгрөг болсон. Үүнийг задалбал, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд авсан барааны үлдэгдэл 2,257,500 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан барааны үлдэгдэл 8,475,100 төгрөг, нийт 10,732,600 төгрөг болсон. Иймд үлдэгдэл төлбөрийг О.Б гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. О.Б нь 2015 оноос нэхэмжлэгчээс бараа авч байсан бөгөөд авч буй барааныхаа үнийг төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжээрээ төлдөг байсан. Төрийн банкнаас хүүхдийн мөнгө авах итгэмжлэлийг хэдэн жил өгч байгаад сүүлдээ ХААН банкны картаа өгсөн. Хүүхдийн мөнгөний дэвтрээ өгч байсан. Нэхэмжлэгч өөрөө тодорхой хэмжээний ашиг олж байсан, хариуцагч авсан юмныхаа мөнгийг тухай бүр төлж байсан болохоор нэхэмжлэгч удаан хугацаагаар хариуцагчид өгч байсан байх. Өдийг хүртэл авсан барааныхаа үнийг хангалттай бүгдийг төлсөн. Барааны үнээ бүгдийг авсан атлаа дэвтэрт үнэтэй худал зүйл бичиж их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагчийг, хүнд юм авч өгсөн гэж байна. Тэр барааг О.Б өөрөө аваагүй тул авсан хүн нь мөнгөө төлөх ёстой. Нэхэмжлэгч, хариуцагч нар удаан хугацаанд худалдах, худалдан авах гэрээ хийчихсэн, өөрсдөө хэн хэндээ ашигтай байсан хирнээ төлбөр тооцоон дээр гарын үсэг зуруулаагүй байж нотлогдохгүй зүйл дээр мөнгө нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Н.А ийн нэхэмжлэлтэй, О.Б д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6,541,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй байдаг. Чухамдаа тооцоо гаргасан ганц л бодит баримт байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс эд зүйл, миний худалдаалж байсан бараанаас зээлээр авсан үйлдэлд шүүх хуралдаанд хариу тайлбараараа ч маргадаггүй. Маргаагүй үйл баримтыг үнэлэхдээ бичгийн нотлох баримтыг дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлээр авсан эд зүйлийг нэхэмжлэгч тэмдэглэдэг талаар тооцоо бодож гаргасан талаар мэддэг, мэдсэн болоод нэхэмжлэгчээс зугтаасан, хаягаа удаа дараа өөрчилж явсан зэргээс үзэхэд хариуцагч санаатайгаар тооцоо нийлэхгүй байх оролдлого хийж байсныг илэрхийлж байна.

4.2. Шүүх бидний хоорондын харилцааг худалдах, худалдан авах харилцаа гэж дүгнэсэн бөгөөд угтаа зээлийн харилцаа байсан. Учир нь зээлээр урьдчилж эд барааг О.Б д шилжүүлсэн, мөнгөтэй болохоор эргүүлж мөнгө төлбөрийг авахаар бодож харилцсан. Хэрвээ худалдах, худалдан авах харилцаа бий болсон гэж үзэж байгаа бол тухайн харилцаа заавал бичгээр бус аман байдлаар л хэлцэл нь хийгдэж болдог, түүнийг нэг тал нь баталгаажуулж буй үйлдлийг дүгнээгүй нь бодит байдлыг буруугаар төсөөлж шийдвэрлэсэн.

4.3. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс эд зүйл худалдан авахдаа өөрөөс гадна бусад хүмүүст хувцас авч өгч байсан талаар тайлбар, мэдүүлэг, нэхэмжлэлд ч мөн адил яригддаг. Гэтэл тухайн хүмүүсийг гэрчээр асуулгах зайлшгүй шаардлагатай байсаар атал шүүх хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. О.Б тэй ирж хувцас зээлээр авсан түүний төрсөн эгч болон найз нь гэх иргэн н.Мөнхтуяа нарыг гэрчээр асуулгах ёстой байсан. Учир нь эдгээр хүмүүс хэргийн бодит нөхцөл байдал, О.Б гийн зээлээр надаас эд зүйл, хувцас авдаг байсан талаар нотлох боломжтой хүмүүс байсаар атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрчээр асуулгах, шаардлагатай нотлох баримтуудыг бэхжүүлж авах байсан. Гэвч шүүх тухайн үйл явдлыг тодруулах бус байгаа баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.4. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоогоо танилцуулж байгаагүй гэж тайлбарласан нь бодит байдлаас тэс өөрөөр тайлбар хийсэн. Шүүхэд талууд үнэн бодит мэдээллийг өгөх ёстой бөгөөд уг үүргээ зөрчсөн үйлдлийг шүүх анзаараагүй. Учир нь тооцооны талаар маргаан үүсэхэд миний хувьд О.Б д танилцуулж тухайн мөнгөө авах шаардлагатай талаарх шаардлагаа ч хэлж байсан. Гэтэл шүүх уг нөхцөл байдлыг танилцуулаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдаагүй баримтуудаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.5. Талууд тооцоон дээр маргаж байхад тооцоогоо ярилцах талаарх арга хэмжээг шүүх аваагүй. Тухайлбал, талуудын зүгээс тооцоо болон тоо баримтуудаа дундаа хэлэлцээд шийдэрлэх бүрэн боломжтой байсан төдийгүй авсан зүйлийнх нь жагсаалтыг талууд мөн ярилцаад шийдвэрлэх боломжтой байсан. Уг боломжийг шүүх олгоогүй буюу талуудын эвлэрэн хэлэлцэх эрхийг зөрчиж шийдвэр гаргасан.

4.6. О.Б надаас хувцас болон эд зүйл зээлээр авахдаа өмнөх өрнөөсөө бага хэмжээний төлбөрийг төлөөд нэмж зээл авдаг тул хуримтлагдсан нийт барааны өртөг 6,541,200 төгрөг болсон. Бидний тооцоог нотлох цорын ганц баримт бол тухайн зээл авч буй хугацааг тэмдэглэсэн тэмдэглэлээс өөр зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ашигтай байдлаа ашиглаж бодит бус үйл баримтуудыг тайлбарлаж худал мэдүүлсэнд итгэж шүүх шийдвэр гаргасанд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тухайн үед тооцоогоо О.Б д үзүүлдэг байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй гэж нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо дурдсан. Нэхэмжлэгч тооцооны дэвтэр баримтаар гаргаж өгсөн. Тус дэвтэрт Н.А тэмдэглэл үйлдсэн байх ба хариуцагчийн гарын үсэг байхгүй. Иймд тус баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Түүнчлэн давж заалдах гомдолдоо эвлэрэн хэлэлцэх боломж олгоогүй гэсэн байна. Даргалагч шүүгч шүүх хуралдаан эхлэхэд талуудаас ...эвлэрэн хэлэлцэх боломжтой юу гэж асуусан. Мөн хариуцагч тооцоо нийлэхгүй, санаатай зугтаасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлт гаргаж байгаагүй. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч О.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,541,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүссэн гэж зөв тодорхойлсон. Харин талуудын маргааны зүйл болох гэрээний үүрэг гүйцэтгэсэн эсэх, шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4.1. Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оноос 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хүүхдүүддээ болон өөртөө, мөн гэрийн хэрэгцээнд 10,732,600 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, мөн найз н.М-даа 721,500 төгрөгийн барааг зээлээр аваад 4,523,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 6,541,200 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй гэж тайлбарлан, хувийн гар тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-5-7/

4.2. Хариуцагч О.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ ... Би сар бүр хүүхдүүдийнхээ 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгдөг байсан, ...авсан барааныхаа мөнгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

5. Зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд хэргийн нотлох баримт нь уг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан.

Хариуцагч О.Б нь өөрийн ахуйн хэрэглээний бараа болон хувцас зэргийн үнийг дараа нь төлөх нөхцөлөөр худалдан авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч Н.А хүлээн авч, бараа, эд зүйлийг хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээж авснаар хүчин төгөлдөр болдог тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал, үнийг дараа нь төлөх нөхцөлтэйгээр бараа худалдан авч байсан үйл баримтыг үгүйсгээгүй, харин худалдан авсан барааны үнээ төлсөн буюу үүргээ гүйцэтгэсэн гэсэн агуулгатай тайлбар гарган маргажээ. Энэ тохиолдолд барааны үнэ төлсөн гэдгээ хариуцагч өөрөө баримтаар нотлох үүрэг хүлээнэ. Хэрэгт хариуцагчийн тайлбарыг нотолсон баримт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх нотолгооны үүргийг буруу хуваарилж, эд зүйлийг шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

5.1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тооцооны баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ гэж үзлээ.

5.2. Нэхэмжлэгч Н.А нь 2020 оноос 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээний үүрэг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хүртэлх хугацааны худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 2,257,500 төгрөг гэж тогтоох боломжгүй байна. Иймээс уг хугацаанд хамаарах үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хариуцагч О.Б 2,257,500 төгрөгийг төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

5.3. Түүнчлэн н.М-гийн худалдан авсан барааны үнэ болох 721,500 төгрөг төлөх үүргийг хариуцагч О.Б хүлээсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй тул уг шаардлагад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл болох 3,562,200 /6,541,200-2,257,500-721,500/ төгрөгийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг нь хангав.

 

6. Нэхэмжлэгч Н.А нь гэрч асуулгах, шаардлагатай нотлох баримтуудыг бэхжүүлж авах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, эвлэрэн хэлэлцэх боломж олгоогүй гэж давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тайлбарласан байна.

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ заасан. Нэхэмжлэгч нь гэрч асуулгах, шаардлагатай нотлох баримтыг бэхжүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Шүүх, хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр эвлэрлэн хэлэлцэх саналтай эсэх талаар нэхэмжлэгч талаас тодруулсан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 103/ШШ2024/00473 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б гээс 3,562,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,979,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч О.Б гээс 71,946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А т олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД