Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 0108

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр            Дугаар 182/ШШ2016/00108             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-40 мянгат, 3 дугаар байрны 48 тоотод оршин суух, 32 настай, эмэгтэй, Монгол овгийн Лхадоржийн Минжин /РД:ХБ84061762/ нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-40 мянгат, 3 дугаар байрны 48 тоотод оршин суух, 33 настай, эрэгтэй, Боржигин овгийн Төмөрболдын Бат-Эрдэнэ /РД:ЧП83081915/-д холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Минжин, хариуцагч Т.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Минжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Бат-Эрдэнэтэй 2003 онд танилцаж, улмаар 2006 онд том хүүгээ төрөхөд гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаанд 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Болд-Эрдэнэ, 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Ананд-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Бид гэр бүл болсноос хойш сэтгэл санааны хувьд хоорондоо таарамж муутай байсан ба Т.Бат-Эрдэнэ архи уусан үедээ агсам тавих, хэрүүл хийх, айлгаж сүрдүүлэх, элдвээр харааж, доромжлох гэх мэтээр хурц ширүүн ааш араншин гаргадаг байсан. Хамтран амьдарсан 10 гаруй жилийн хугацааны 5 жилд нь тэрээр ажил эрхэлсэн ба бусад үед нь ажилгүй, орлогогүй гэртээ сууж, би ганцаараа ажил хийдэг байсан.

.... Мөн хамт амьдарч байх хугацаандаа намайг нэг бус удаа хуурч гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй холбогдон, намайг сэтгэл зүй болоод бие махбодийн хувьд байнгын дарамтанд оруулж байсан. 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шөнө намайг үндэслэлгүйгээр зодож хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан ба тухайн үед Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулж байсан. Дээрх гэмтлийн улмаас миний гар сарвуу хугарсан байдалтай 2 сарын хугацаанд гипстэй явсан.....

 Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2014 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Бид цаашид гэр бүлийн амьдралаа хэвийн хадгалан үргэлжлүүлэх ямар ч боломжгүй, 2014 оноос хойш хүү Б.Болд-Эрдэнэ, Б.Ананд-Эрдэнэ нар миний асрамжид өсч торниж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Болд-Эрдэнэ, Б.Ананд-Эрдэнэ нарыг өөрийн асрамжинд авч, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Т.Бат-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид 2003 онд анх танилцаж, 2006-2007 онд ЭМШУИС-ийн 6 дугаар курст суралцаж байхдаа хамтран амьдарч эхэлсэн. Бид 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний хувьд сургууль төгссөний дараа 2007-2009 онд томилолтын дагуу анхан шатны болон 2 дугаар шатлалын эмнэлэгт дадлагажигч эмчээр /Баянзүрх дүүргийн 4 хорооны өрхийн эмнэлэгт/, 2009-2013 оны 4 сар хүртэл Сэргээн засах клиникийн эмнэлэгт тус тус ажиллаж байгаад, тус эмнэлэгийн удирдлагаас эмчээр үргэлжлүүлэн ажиллах саналыг тавьж байсан учраас тус эмнэлэгтээ үлдэж эмчээр ажиллаж байсан.        Ингээд эхнэртэйгээ ярилцаж байгаад, хоёулаа эмч учраас эмчийн цалингаар амьдрах боломжгүй, амьдрал ахуйгаа сайжруулахаар хувийн бизнес хийхээр болж, хөөсөнцөрийн үйлдвэр нээхээр судалгаа хийж ажлаа эхлүүлсэн боловч бүтэлгүйтэж, дээрх байдлаар бизнес эхлүүлж байсан....

Гэвч өнөөдрийн байдлаар хувийн эмнэлэг байгуулах төслөө Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн газарт өгч шийдвэрийг хүлээж байна. Би архи уухаараа унтаад өгдөг үүнийг ч манай эхнэр мэддэг. Эхнэр Л.Минжингийн утсанд мессеж ирсэн учраас надад сэжиг төрж, эхнэрээ найзынхаа эхнэртээ уулзахад нь утсаараа дууг нь хурааж сүүлд нь хураасан бичлэгээ сонсоход миний мэдэхгүй өөр хүний тухай ярилцаж байсан ч би Т.Бат-Эрдэнэдээ хайртай хүүхдүүдээ бодож цаашдаа амьдарна гэж хэлсэн байсан.

Л.Минжинд ямар ч үндэслэлгүйгээр гар хүрсэн гэдэг нь худлаа. 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхнэртээ уурлаад гар хүрсэн нь үнэн. Энэ үйл явдлаас хойш  бид тустусдаа амьдарч байна. Би хүүхдүүдээ төрсөн цагаас хойш өнөөдөрийг хүртэл эдийн засаг болон эд материалаар хангасаар ирсэн. Л.Минжингээс  гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байна. Өөрийн 2 хүү болох Б.Болд-Эрдэнэ, Б.Ананд-Эрдэнэ нарыг тусд нь амьдруулах хүсэлгүй байх тул хүүхдүүдээ эх Л.Минжингийн асрамжинд өгөхийг зөвшөөрч байна. Өнөөдрийн байдлаар ажилгүй байгаа учраас тэтгэлгийн хэмжээг харгалзан үзнэ үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Минжин нь хариуцагч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Т.Бат-Эрдэнэ, Л.Минжин нар 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэж, хамтран амьдрах хугацаанд 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Болд-Эрдэнэ, 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүү Б.Ананд-Эрдэнэ нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-9, 12-14 тал/

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж, 2014 оны 06 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, бие биенээ гэх хайр халамжгүй,  цаашид гэр бүлийн амьдралаа хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, хэн алин нь гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүй тул 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Болд-Эрдэнэ, 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Ананд-Эрдэнэ нар эх Л.Минжингийн асрамжид үлдээж, эцэг Т.Бат-Эрдэнээр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь үндэстэй.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                               

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Т.Бат-Эрдэнэ, Л.Минжин нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Болд-Эрдэнэ, 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Ананд-Эрдэнэ нарыг эх Л.Минжингийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Болд-Эрдэнэ, 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Ананд-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхэд тус бүрд тэтгэлэг тус тус гаргуулж эцэг Т.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дэх хэсэгт зааснаар  гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Т.Бат-Эрдэнэд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Л.Минжин нарт тус тус даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан Т.Бат-Эрдэнээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн нийлбэр дүнгээс тэмдэгтийн хураамжид 50 546 төгрөг гаргуулж,улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурван/ өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Лхагвадуламд хариуцуулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ