Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01905

 

 

 

 

 

Х.Ө ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/03051 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ө ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш-т холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03235 дугаар захирамжаар С ХХК , Д.Ш, Б.Г, Х.Ө нараас 125,180,981 төгрөгийг гаргуулж Х ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Х.Ө ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг төлүүлж үнэлгээ хийгдсэн байна.

1.2. Уг үнэлгээний дагуу Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот /Ү-*********** / үл хөдлөх эд хөрөнгийг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шуудангаас авч мэдсэн. Миний бие уг үнэлгээг хэтэрхий доогуур үнэлэгдсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг үл хөдлөх нь **** тауны анхны баригдсан блок бөгөөд чанарын хувьд бусад баригдсан байрнуудаас илүү чанартай, өндөр үнэлгээтэй юм.

1.3. Үнэлгээний тайлангаас харахад уг орон сууцны 1 м.кв-ыг 2,266,310 төгрөгөөр үнэлсэн байгаа нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн ханш 1 м.кв нь 3,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ф ХХК -ийн Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот орон сууцыг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03235 дугаар захирамжаар С ХХК , Д.Ш, Б.Г, Х.Ө нараас 125,180,981 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр төлөгч Х.Ө ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот хаягт байршилтай 100.53 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн үнийн дүнг хангахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23361154 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

2.2. Төлбөр төлөгчид гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Х.Ө ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот хаягт байршилтай 100.53 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23361154/8 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23361154/9 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаарФ ХХК -ийн шинжээч Н.Ц ийг томилсон.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар Ф ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг талуудад 2024 оны 3-202/4933, 3-202/4932, 202/4931, 3-202/4930 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.

2.5. Төлбөр төлөгч Х.Ө ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3-202/109, 3-202/111, 3-202/110 дугаар албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/6 дугаар тогтоолыг тус тус 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

2.6. Мөн хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 227,840,000 төгрөгийн 70 хувь буюу 159,488,000 төгрөгөөр тогтоон дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй.

2.7. Төлбөр төлөгч Х.Ө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183/Ш32024/02393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ө ын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан ар, Зайсан гудамж *** дугаар байр, **** тоот хаягт байрлах Ү-*********** дугаарт бүртгэлтэй, 100.53 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 227,840,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхээс хэрэгт дүгнэлт хийхдээ хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.1. Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот , 100.53 м.кв-тай **** таунд байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 227,840,000 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг нь 2,226,310 төгрөгөөр үнэлсэнийг л хэт бага үнээр үнэлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь **** таунд анхны баригдсан блок бөгөөд чанарын хувьд сүүлд баригдсан байрнуудаас илүү чанартай өндөр үнэлгээтэй юм. Зар дээрх тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршилд худалдахаар зарлагдаж байгаа байруудыг харахад 1 м.кв нь 3,000,000 төгрөгнөөс дээш үнэтэй байна.

Гэтэл шүүх үнэлгээний компани орон сууцтай ойролцоо, ижил төсөөтэй худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна гэж дүгнэсэн нь үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй гэж үзэхээр байна.

4.2. Уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх чадвараа алдсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Ш-т холбогдуулан Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 122.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана гэж заасан.

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03235 дугаар захирамжаар хариуцагч С ХХК , Д.Ш, Б.Г, Х.Ө нар 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 124,755,018.62 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК -д төлж барагдуулах, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд Х.Ө ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот хаягт байршилтай, 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-47-49/

3.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Ш-т холбогдуулан гаргасан гомдол нь тухайн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалагдахаар байна.

3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй.

 

Иймд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/03051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ө ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш-т холбогдох Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Зайсан****** гудамж, *** дугаар байр, **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

 

Ч.ЦЭНД