Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 456

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,  

улсын яллагч Т.Мижиддорж,   

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Б-ын  Ж-д   холбогдох эрүүгийн 1910008250452 дугаартай, 187/2019/0446/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .........оны .. дугаар сарын ....-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ........... мэргэжилтэй, ам бүл ........... хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г  овогт Б-ын  Ж  /РД:................../    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Corporate hotel зочид буудлын 16 давхарт лифтний хажууд хохирогч Б.Б-ийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Corporate hotel зочид буудлын 16 давхарт лифтний хажууд хохирогч Б.Б-ийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Б.Ж ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Батнямын хамтаар үйлчлүүлчихээд бид 2 идсэн зүйлийнхээ тооцоог хийх гээд би үлдсэн. Тэр үед манай найз Батням түрүүлж гараад лифт дуудах гээд гарсан байсан. Би удалгүй тооцоогоо хийчихээд гарсан чинь манай найз Батням лифний хажууд зогсож байсан. Би онгорхой лифт байхаар нь би орох гэсэн чинь лифтэн дотор хүмүүс байсан. Тэр үед манай найз Батням лифтэнд суугаагүй миний орсон лифтэнд 5-6 хүнтэй байсан болохоор би гараад хажуугийн лифтний товчлуурыг дарсан чинь миний анхны орсон лифт онгойсон. Тэгээд тэр лифт буцаж хаагдсан чинь манай найз дахиад товчлуур дарсан. Тэгтэл лифтэн дотроос үл таних эрэгтэй эмэгтэй нийлсэн 5-6 хүн бууж ирсэн. Тэгээд анх лифтнээс гарч ирсэн эрэгтэй хүн манай найз Батнямыг цохиод миний нүүрэн тус газарт цохьсон. Би зөрүүлээд гараа хөдөлгөсөн. Тэгээд цуг явж байсан хүмүүс бүгд над руу дайраад миний хувцаснаас зулгааж урж, миний толгой руу цохиж, миний цээж болон хүзүүг урсан. Тэгээд байж байтал тус үйлчилгээний газрын хамгаалагч нар болон Батням бид 2-ыг үйлчлүүлсэн газрын зөөгч нар гарч ирээд бид нарыг салгасан. Тэгээд би найз Батнямын хамтаар лифтэнд сууж доош буугаад машин зогсоол дээр очоод найз Батням машиндаа суусан би хажууд нь гадаа зогсож байсан чинь намайг зодсон гэх үл таних хүмүүс гарч ирээд найз Батнямыг хэл амаар доромжлоод миний эмзэг эрхтэн рүү цагаан цамцтай эрэгтэй хүн өшиглөсөн. Би хэсэг доошоогоо эвхэрч суусан чинь найз Батням машинаа бариад хашаанаас гараад замын хажууд байрлуулчихаад буцаж ирээд намайг аваад Батням машин бариад бид хоёр явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

            3. Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Ж , Ж ын эхнэр Солонго Хасар манай эхнэр Балжинням нарын хамтаар орж үйлчлүүлчихээд гарах гээд бид нар лифтний хажууд байж байтал үл таних намхан залуу лифт дараад байсан. Тэгээд бид нарын суух гэж байсан лифт ирээд бид нар дотогш ороод суугаад явах гээд 1 гэсэн дугаартай товчлуурыг дараад доош буух гэтэл үл таних намхан залуу лифтний товчлуур дараад бид нарыг явуулахгүй байсан. Тэгэхэд манай найз Ж  тэр залууд хандаж лифтэн дотроос явуулаач ээ гэж хэлсэн чинь лифтний хаалга хаагдаад буцаж онгойсон. Тэр залуу 7-8 удаа байх лифт явуулахгүй гээд товчлуур дараад байсан. Тэгээд бид нар уурлаад явуулаач ээ эсвэл чи цуг яв гэж хэлсэн. Тэр залуу нилээд согтуу лифт явуулахгүй байсан. Манай найз Ж  лифтнээс гарч ирээд анх товчлуур дараад байсан залууг цохьсон чинь найз нь гэх өндөр биер хүү залуу хажууд нь байсан. Тэр залуу Ж ыг цохиход Ж  зөрүүлээд тэр залууг цохьсон. Тэгээд бужигнаан болоод байж байхад бид нарын үйчлүүлж байсан газрын зөөгч гарч ирээд Корпрейт зочид буудлын хамгаалагч нартай нийлээд салгасан чинь анх лифт дараад байсан залуу найзын хамтаар лифтэнд суугаад доошоо буусан. Бид нар гадаа гарахад тэр хоёр залуу гадаа байсан. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн тэр хоёр залуу байхгүй явсан. Бид нарын үйлчлүүлж байсан газрын ажилтнууд цагдаа дуудсан байх гэж бодож байна. Би зарим үйл явдлыг санахгүй байна. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

            4. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө би өөрийн найз Бумдарийн хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпрейт зочид буудлын 16 давхрын лоунжид үйлчлүүлээд гарахаар болсон. Тэгээд би түрүүлж гараад лифт дараад байж байсан манай найз Бумдарь төлбөр тооцоо төлөх гээд үлдсэн. Намайг лифт дарж байхад үл таних 2 эмэгтэй 3 эрэгтэй хүн бид хоёрын үйлчлүүлсэн Лоунжаас гарч ирээд үл таних хүмүүс тэр лифтэнд суусан. Манай найз гарч ирээгүй байсан болохоор би хүлээгээд зогсож байсан. Лифтэнд суусан хүмүүс явах гэхэд нь би товчлуур дараад найзыгаа хүлээсэн. Би өөрөө их хэмжээгээр согтуу байсан болохоор олон удаа товчлуур дарж тэр хүмүүсийн уурыг хүргэсэн гэж бодож байна. Удалгүй манай найз тооцоогоо хийчихээд гараад ирсэн. Миний дарж байсан лифтэнд орж суучихаад буцаад гараад ирсэн. Тэгээд бид хажуугийн лифт ирэхийг хүлээгээд дахиад товчлуур дарсан чинь үл таних хүмүүс чи наад лифтээ явуулаач ээ гээд уурлаад байсан. Лифтний хаалга хаагдаж байхад нь би товчлуур дарж лифтний хаалгыг онгойлгосон чинь дотор сууж байсан залуучууд гарч ирээд нэг нь намайг цохиход Бумдарь намайг өмөөрч намайг цохьсон залууг цохьсон. Тэгээд тэнд хэрүүл маргаан болоод бужигнасан. Бид нарын үйлчлүүлж байсан лоунжны зөөгч нар гарч ирээд салгаж байхад хамгаалагч нар нэмэгдэж ирээд салгасан. Тэр үед би найз Бумдарийн хамтаар лифтэнд суугаад гадагшаа гарсан. Тэгээд би дуудлагын жолооч дуудаад Бумдарийн хамтаар явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

          5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3737/-ний дүгнэлт:

          -Д.Бумдарийн биед тархи доргилт, цээж, хүзүүний арьсны зулгаралт, зүүн завьжны шарх гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30/

            6. Шүүгдэгч Б.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Найз Батчулуун Хасар Балжинням болон эхнэр Солонго нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Корпрейт зочид буудлын 16 давхрын лоунжид үйлчлүүлээд гарахаар болсон. Тэгээд бид нар лифтний товчлуур дарж хүлээх зуураа буйдан дээр суугаад хүлээгээд байж байсан. Үл таних намхан залуу бидний үйлчлүүлж байсан Лоунжнаас гарч ирээд лифтний хажууд зогсоод байсан. Удалгүй лифт ирж хаалга онгойход би найз нарын хамтаар суугаад 1 гэсэн дугаартай товчлуурыг дараад доош буух гэтэл лифтний хаалга хаагдаад буцаад онгойсон. Тэгэхээр нь би дахиад товчлуур дараад доош буух гээд хаалга хаагдах гэтэл буцаж онгойгоод байсан. Энэ үйл явдал маш олон удаа үргэлжилсэн тэгэхээр нь би товчлуур дарж байсан үл таних залууд хандаж лифт явуулаач эсхүл цуг суугаад доошоо буу гээд хэлсэн чинь тэр залуу дугарахгүй байсан. Надтай хамт явж байсан хүмүүс лифтэн дотроос тэр залууд хандаж лифт явуулаач ээ гэж хэлсэн боловч тоохгүй байсан. Тэгээд бид нар лифтэн дотор байж байхад товчлуур дараад байсан залуугийн найз нь гэх өндөр залуу бид нарын сууж байсан лифтэнд орж ирчихээд буцаад гараад явсан. Тэгээд дахиад доош буух гээд товчлуур дарсан чинь хаалга онгойгоод явахгүй болохоор нь би лифтнээс түрүүлж гараад анх лифт дараад байсан намхан залуугийн нүүр рүү нь нэг удаа цохьсон чинь хамт байсан найз нь гэх залуу миний нүүр лүү цохьсон. Тэгэхээр нь би тэр өндөр залуутай цохилцоод хувцаснаас нь зууралдаад хэдэн удаа гэдгээ санахгүй байна, нилээд хэд цохьсон байх. Надтай хамт явж байсан найз нар болон манай гэр бүлийн хүн тэнд салгах гэж тэнд бужигнаан болоод байсан. Тэр газар их давчуу газар байсан. Бид нарын үйлчлүүлсэн газрын зөөгч болон буудлын хамгаалагч нар ирээд бид нарыг салгаж байхад анх хэрүүл маргаан үүсгэсэн намхан залуу найзыгаа аваад лифтэнд суугаад доош буусан. Тэнд байсан хамгаалагч нар станцаараа лифтэнд суугаад доошоо буусан 2 залууг байлгаж байгаарай гээд хэлээд байх шиг байсан. Тэгээд бид нар доош буухад нөгөө хоёр залуу гадаа байсан хамгаалагч нартай нэг мэдсэн чинь тэр хоёр залуу явсан. Хамгаалагч цагдаа дуудаад удалгүй цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Б.Ж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3737/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Corporate hotel” зочид буудлын 16 давхарт лифтний хажууд хохирогч Б.Б-ийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед тархи доргилт, цээж, хүзүүний арьсны зулгаралт, зүүн завьжны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Б.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ж ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 107/, түүний хувийн байдал “...39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.Ж-д   улсын яллагчийн санал болгож буй 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Б.Ж-д   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Ж ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Г  овогт Б-ын  Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г  овогт Б-ын  Ж ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ж-д   оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Б.Ж-д   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.       

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Ж-д   сануулсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ж-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР