Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 176

 

                                              Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, хохирогч П.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 706 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 935 дугаар магадлалтай, Ц.Б-д холбогдох эрүүгийн ______ дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “У” ХХК-д жолооч ажилтай, ял шийтгэлгүй А овогт Ц-ийн Б.

Ц.Б нь 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 40 минутын  үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчооны замд "У” ХХК-ийн өмчлөлийн “Beiben north benz" загварын 00-00 улсын дугаартай автомашиныг СIMC маркийн JG9400 модельтой, 00-00 АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт жолоодон явахдаа буцаж эргэх үйлдэл хийж "Хаан” банкны өмчлөлийн “Тоуоtа land cruiser-200” загварын 00-00 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хажуу талаас мөргөж, жолооч П.Аын эрүүл мэндэд хүндэвтэр, уг тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 706 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 5,512,200 төгрөгийг гаргуулж, хохирогч П.А-т 3,150,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Э-д 2,360,200 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч “У” ХХК-аас 65,041,200 төгрөгийг гаргуулж хохирогч П.А-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж 935 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.”,

5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 5,510,200 төгрөгийг гаргуулж, 3,150,000 төгрөгийг хохирогч П.А, 2,360,200 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Р.Э, иргэний хариуцагч “У” ХХК-аас 65,041,200 төгрөг гаргуулан хохирогч П.А тус тус олгосугай." гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек нар хамтран гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гомдлын тухайд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2-9 дэх тал хүртэл нотлох баримтын үнэлгээний талаар дүгнэлт хийдэг. Энэхүү дүгнэлтийг хийхдээ шүүх шийтгэх тогтоолын 2-9 дэх тал хүртэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талууд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг агуулгыг хуулж бичээд нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар нэг ч дүгнэлт хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл шүүх шийтгэх тогтоолын 9 дэх талд шүүх... дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм гэх ганцхан өгүүлбэрийг бичсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2-т шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана, 2.3-т шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичнэ гэж заасныг ноцтой зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчил гэж үзнэ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө, 1.3-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг цагаатгах байдлаар өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгөх гомдлын үндэслэлээ гаргаж байна. Үндэслэл нь: Анхан болон давж заалдах шатны шүүх хэдий шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хангалттай тогтоож чадаагүй, өмгөөлөгчийн шүүгдэгчийг цагаатгах санал түүний үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар няцаасан дүгнэлт хийгээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэж шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй болно.

2.Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйл заалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гомдлын тухайд: шийтгэх тогтоолын 9 дэх талд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийдэг. Энэхүү шүүхээс дүгнэхдээ: ...шүүгдэгч Ц.Б нь анхаарал болгоомжгүйгээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ... Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрсөн. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг болон Замын тэмдгийн 4 дэх хэсгийн 4.2а “Саадыг баруун гар талаар тойрч гарна” тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө гэснийг тус тус зөрчин зүүн гар тийш буцаж эргэх хөдөлгөөн хийхдээ “Land cruiser-200” загварын 00-00 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг мөргөж, тухайн зам тээврийн осол гаргасан гэжээ.

2.1.Шүүх шүүгдэгч Ц.Б-ыг ...Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтын ...зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ... өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн гэх дүгнэлт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцагдана.   

2.2.Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсэгт ...жолооч зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ өөдөөс буюу, зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж журамласан. Уг заалтын ...зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... гэсэн үүргээ Ц.Б зөрчсөн үү үгүй юу гэдэг нь энэ хэргийг хянан шийдвэрлэх, ач холбогдолтой болно. Зэрэгцээ гэх үгийг Монгол хэлний их тайлбар тольд өндөр нам, их бага нь жигд зэргэлдээ оршихыг буюу зэргэлдээ байхыг хэлнэ гэж тайлбарлажээ.

2.3.Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсгийн зэрэгцээ ард яваа тээврийн хэрэгсэл нь нэг зүгийн 2, 3 эгнээ замын аль нэг эгнээгээр зэргэлдээ явж байхыг хэлж байгаа юм. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар “Land cruiser-200” загварын 00-00 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.Б-ын “Beiben north benz” маркийн 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ эгнээнд явж байгаа юм. Угтаа бол “Beiben north benz” загварын 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч Ц.Б нь осол болсон гэх газарт 3 эгнээтэй замын 2-р эгнээнээс зүүн гар тийш эргэх үйлдэл хийж 3-р эгнээ рүү орох үед осол гардаг. Энэ үед “Land cruiser-200” загварын 00-00 УНВ дугаартай тээврийн хэрэгсэл “Beiben north benz” загварын 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зэрэгцээ 3 дугаар эгнээнд явж байгаагүй, харин ч 2 эгнээгээр “Beiben north benz” загварын 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ард явж байгаад, урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийхэд уг машиныг эргэх үйлдэл хийхээс өмнө гүйцэх гэж 3-р эгнээ рүү орж ирэхэд авто осол болсон байдаг. Өөрөөр хэлбэл “Land cruiser-200” маркийн тээврийн хэрэгсэл нь 3-р эгнээ рүү эгнээ шилжиж гүйцэх үйлдэл хийхээс өмнө урд яваа тээврийн хэрэгсэл “Beiben north benz” маркийн 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийж аль хэдийнээ замын 3-р эгнээ рүү толгой нь орсон байсан. Энэ нь 2-р хавтаст хэргийн 193-р талд авагдсан “...хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл байгаа уг ...үзлэгийн тэмдэглэлд... 13:41:55 секундэд ачааны автомашин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхэд хар өнгийн автомашин 3-р эгнээгээр орж ирж, 13.41.56 секундэд мөргөлдөн жийп автомашин/ шарвалт хийж зорчих хэсгийн голын тэмдэглэл мөргөж, дэлгэцнээс гарч байгааг үзлэгээр тогтоосон. Угтаа бол “Land cruiser-200” маркийн тээврийн хэрэгсэл гүйцэх үйлдэл хийх гэж 2-р эгнээнээс 3-р эгнээ рүү орж ирээд урд яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн цаг хугацаа нь 1 секунд 37 фраме /дойл/ гэдэг нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Мөн ...2-р хавтаст хэргийн 148-р талд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0857 дугаартай Г.Гийн камерын бичлэгт үндэслэн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа. Уг шинжээчийн дүгнэлтэд 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн камерын дүрс бичлэгт дүрслэгдсэн хар өнгийн “Land cruiser-200” загварын 00-00 УНВ улсын дугаартай автомашин нь авто замын зорчих хэсгийн 1-10 тэмдэглэгдсэн байгаа цэгийн хооронд 37 метр зайг 76.104 км цагийн хурдтайгаар туулж өнгөрсөн байна гэж дүгнэсэн. Энэ авто замын зорчих хэсгийн 1-10 тэмдэглэсэн байгаа тэмдэглэгээ нь “Land cruiser-200” загварын машин 2-р эгнээнээс, эгнээ рүү шилжиж, гүйцэх үйлдэл хийх хоорондын зай, цаг хугацааг тогтоосон дүгнэлт байгаа. Өөрөөр хэлбэл шинжээчийн энэ дүгнэлтээр хохирогч П.А нь өөрийнхөө мэдүүлэгт өгсөнчлөн замын зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байгаагүй, тэрээр камерын бичлэгт ч тэр, шинжээчийн дүгнэлтэд ч тэр ердөө 2 эгнээгээр явж байгаад урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл хийх гээд 3-р эгнээ рүү орж, гүйцэх үйлдэл хийхдээ хурд хэтрүүлснээс энэ аваар осол гарсан байгаа нь хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд болон гэрч Б.Г-ийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү хавтаст хэрэгт зам тээврийн осол болсон газрын хяналтын камерын бичлэг, уг камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, камерын бичлэгт үндэслэн хурд тогтоосон шинжээчийн дүгнэлт, аваар осол болсон үед машинуудын эгнээ байр сольсон цаг хугацаа, туулсан замын урт зэрэг бүх нөхцөл байдлуудыг нарийн тогтоосон баримтууд байсаар байхад уг нотлох баримтуудад үндэслэж  дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Ц.Б нь зэрэгцээ ард яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй гэж дүгнэлт нь хийдэг нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

2.9.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Land cruiser-200” маркийн 00-00 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болох үед урд яваа Beiben north benzзагварын 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зэрэгцээ нэг эгнээнд явж байгаагүй энэ талаар нэг ч баримт байхгүй, харин ч 1-р хавтаст хэргийн 83-р талд П.А-ын /Land-200 жолооч/ 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг байгаа... уг мэдүүлэгт ...тэгтэл замын хоёрдугаар эгнээгээр явж байсан “Beiben north benz” загварын том оврын автомашин явдал дундаа буцаж эргэх үйлдэл хийсэн би тухайн автомашины чиргүүл хэсэг рүү орж иртэл толгой хэсэг нь зүүн гар тийш эргэсэн би машинаа зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан тэгээд очоод эргэх үйлдэл хийж байсан машиныг мөргөсөн гэх мэдүүлэг байгааг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх: ... жолооч Ц.Б нь Замын тэмдгийн 4 дэх хэсгийн 4.2а “Саадыг баруун гар талаар тойрч гарна” тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хийсэн байдаг. Гэтэл энэ талаар хэрэгт ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй хавтаст хэрэгт авагдсан 2 удаагийн техникийн шинжээчийн дүгнэлтэд Ц.Б-ыг Замын тэмдгийн 4 дэх хэсгийн 4.2 а заалтыг зөрчсөн гэх дүгнэлт гараагүй эсхүл хэргийн газрын үзлэг болон схем зураг зэрэг хэрэгт авагдсан үйл баримтуудаар тухайн осол болсон газрын Замын тэмдгийн харуулсан, замын тэмдгийн талаар тусгасан зүйл байхгүй, энэ талаар анхан шатны шүүхэд хэлэлцээгүй байхад шүүх чухам хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэн ийм дүгнэлт хийсэн нь илт ойлгомжгүй бөгөөд процессын ноцтой зөрчил болно.        

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гомдлын тухайд:

2.1.Хоёр шатны шүүх Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ талаар дээр хангалттай үндэслэл дурдсан учир уг гомдлынхоо үндэслэлийг энд товч дурдаж байна. Угтаа бол Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалт бол Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-ээр энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.

2.2.Харин уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж журамласан байдаг.

2.3.Энэхүү Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтаар жолооч Ц.Б-д хамааралтай үүрэг, болгосон зүйл бол баруун болон зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ 1-рт өөдөөс яваа тээврийн хэрэгсэл байгааг харах, 2-рт зэрэгцээ эгнээнд ард яваа хэрэгсэл явж байгааг харах, хэрвээ өөдөөс эсхүл зэрэгцээ ард хэрэгсэл үгүй бол тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрсөн. Жолооч Ц.Б нь энэхүү ...зүүн гар тийш эргэх үйлдэл хийхэд зэрэгцээ эгнээнд ард яваа машин байгаагүй мөн зүүн гар тийш эргэх дохио өгч эргэх үйлдэл хийсний дараа “Land 200” маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар талаас нь гүйцэх үйлдэл хийх аваар осол гарсан.

2.4.Энэ тохиолдолд жолооч Ц.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь хэсгийн зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин ч зүүн гар тийш эргэж байсан машины зүүн талаас гүйцэх үйлдэл хийсэн “land-200” маркийн тээврийн хэрэгслийн П.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.6 дахь заалт “Нэг эгнээнд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед түүний зүүн гар талаар, баруун тийш дохио өгч байгаа үед түүний баруун гар талаар орж гүйцэхийг хориглоно, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, Арав.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон.

2.5.Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Замын хөдөлгөөний дүрмийн  холбогдох зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэж, тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гэх гомдлын үндэслэлийг гаргаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулж, Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “жолооч баруун буюу зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ зэрэгцээ эгнээнд явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн зохицуулалтыг биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн. Энэ заалтыг зөрчсөн гэж үзэхийн бол Ц.Б-ын жолоодож явсан машин зэрэгцээ эгнээнд явж байсан уу гэдэг үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох ёстой. 2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар талд авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлээс харахад 13 цаг 41 минут 55 секундэд урд явж байсан “North benz” маркийн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ 13 цаг 41 минут 56 секундэд ард явж байсан машин хоёрдугаар эгнээнээс гуравдугаар эгнээ рүү эргэх үйлдэл хийсэн байна. Гэтэл шүүх дүгнэхдээ зэрэгцээ ард явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй гэж буруутгадаг. Зэрэгцээ гэдэг үг нь монгол хэлний тайлбар толь, Дээд шүүхийн жишиг шийдвэрүүдээс авч үзэхэд “зэргэлдээ” байх ёстой. Миний үйлчлүүлэгч Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д зөрчөөгүй гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж ийм тайлбарыг хэлж байгаа. Камерын бичлэгт үндэслэн хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон. Мөн “Land cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү гүйцэж түрүүлсэн үйлдлийг тогтоосон. Шинжээч “Land cruiser-200” маркийн тээврийн хэрэгсэл 2 дугаар эгнээнд явж байгаад 3 дугаар эгнээ рүү ороод энэ хоёр машины мөргөлдөх хоорондын зайг 1-10 гэж тэмдэглэсэн. Тэгэхээр 1-10 хүртэл хоорондын зай нь 37 метр бөгөөд 1 секунд 36 дойл буюу 2 секунд хүрэхгүй хугацаанд туулсан. Энэ хугацаанд Ц.Б зам тавьж өгөх, ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Энэ осол гарахад нөлөөлсөн шалтгаан нь хурд хэтрүүлсэн байна. Хоёр шатны шүүх хохирогчийн буруутай үйлдлийг зөв дүгнээгүй. Хамгийн анхны шинжээчийн дүгнэлтээр Ц.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ үед камерын бичлэг хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Дараа нь хүсэлт гаргаад шинжээчийн дүгнэлт гаргуулахад өөр өөр эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдсон. Тийм учраас хамгийн анх гарсан шинжээчийн дүгнэлтийг үнэлээд энэ хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хохиролтой холбоотой асуудлыг 60/30 гэсэн байдлаар шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл 30% хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 60,000,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Гэтэл яагаад шүүх хохирлыг ингэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Хамгийн анх хохирол учирсан хэсэг нь хоёр гупер бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан “Арвижих Эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээ гаргасан хүснэгтийн 24-т 450,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Шүүгдэгч хохирол төлбөртэй байх юм бол энэ хэсгийг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Бусад хохирол хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн. Учир нь үүнийг шинжээч тогтоосон буюу хурд хэтрүүлсний улмаас хохирлын хэмжээ ихэссэн байна. Эхлээд хоёр хэсгээрээ мөргөлдөөд хурдтай явж байгаад цааш замын довжоо, хашлага мөргөөд хохирол учирсан. Энэ хохирлыг хохирогч хариуцах ёстой гэж үзэж байгаа. Иймд Ц.Б-ыг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд тухайн гомдлыг гаргасан өмгөөлөгчийн хаяг байхгүй, өмгөөлөгчийн тамга дарагдаагүй. Гомдол гаргасан өмгөөлөгч дээр Ц.Б гарын үсэг зурсан, шүүгдэгч гэдэг дээр зурсан нь Ц.Б-ын гарын үсэг мөн үү гэдэг нь ойлгомжгүй гомдлыг гаргасан байна. Хэрэг шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаад хоёр машин мөргөлдсөн А цэг хаана юм бэ гэдгийг тогтоохоор болсон бөгөөд энэ ажиллагаанд биечлэн оролцсон. Энэ үеэс миний өмгөөллийн үйл ажиллагаа эхэлсэн. Үзлэгээр хоёр машин мөргөлдсөн А цэг хохирогчийн явж байсан гуравдугаар эгнээнд байна гэдгийг тогтоосон. Энэ байдлаас үзэхэд зүүн гар талын эгнээгээр хохирогч явж байсан, хоёрдугаар эгнээнд шүүгдэгч эргэж зогссон байгаа. Ингээд хажуугаар нь гүйцэх үйлдэл хийгээд өнгөрсний дараа хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун хойд тал руу мөргөсөн. Шинжээч нарын дүгнэлтээр шүүгдэгч Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Зүүн гар талын эгнээнээс эргэх боломжгүй тохиолдолд баруун гар талын эгнээнээс эргэж болно. Гэхдээ ар талаас болон урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөж, аюулгүй байдлаа хангаж эргэх үйлдэл хийх ёстой. Хэргийн газрын үзлэг хийхэд би тэмдэглүүлсэн бөгөөд тухайн газар буцаж эргэх газар биш байсан. Мөн гүйцэж түрүүлэх үйлдэл гэж хэлээд байгаа, хохирогч бол гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй. Замын хөдөлгөөний мөрдөж буй шинэ дүрэмд гүйцэх үйлдэл, гүйцэж түрүүлэх үйлдэл гэсэн хоёр ялгаатай ойлголт байгаа. Гүйцэж түрүүлэх үйлдэл гэдэг бол явж байгаа эгнээнээс гараад эсрэг урсгалд орж, нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл хийж буцаж эгнээндээ орж байгаа. Хохирогчийн хувьд эсрэг урсгалд орох үйлдэл хийгээгүй. Явж байтал урд талын тээврийн хэрэгсэл хурдаа хасаад зогсоход хажуугаар нь гүйцэх үйлдэл хийгээд гүйцэх үйлдлээ дуусгаж байхад хажуу тийшээ дарчихсан. Үүнээс болж зам тээврийн осол гарсан гэж үзэж байгаа. Хэргийн газрын үзлэгээр хохирогч хурд хэтрүүлсэн нь тогтоогдсон гэж байгаа. Энэ асуудлаас болж хохирол төлбөрөө багасгуулсан. Тээврийн хэрэгсэл эгнээ байраа өөрчлөх үйлдэл хийхдээ зэрэгцээ эгнээнд шулуун явж байгаа тээврийн хэрэгслээ өнгөрөөх ёстой. Жолооч хөдөлгөөний аюул саадыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг хохирогч зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Зүүн гар тийш эргэх үйлдлээ хийгээд машины хажуу талаас урд хэсгээрээ очиж мөргөсөн бол зогсоох арга хэмжээ аваагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа. Өнгөрөөд явсны дараа дарсан учраас зогсоох арга хэмжээ аваагүй гэж хохирогчийг буруутгах үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч П.А шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч, прокурорын саналыг дэмжиж байна. Тус үйлдэл нь 1 секундэд болох боломжгүй. Ц.Б нь буцаж эргэх үйлдэл хийх боломжгүй газар тус үйлдлийг гүйцэтгэсэн гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч П.А-ын жолоодож явсан “Land cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж их хэмжээний хохирол, мөн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Хохирогч П.А “тухайн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж байсан, өөрөөр хэлбэл ачааны чиргүүлийг гүйцэж түрүүлээд автомашины үндсэн гол хэсэгт явж байхад шүүгдэгч эргэх үйлдэл хийсний улмаас мөргөсөн” талаар мэдүүлсэн. Энэ бол хавтас хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьсан “1 секунд 37 дойлын хугацаанд 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжиж замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл 2 дугаар эгнээнд явж байсан тохиолдолд хурдаа сааруулсны улмаас 3 дугаар эгнээ рүү орно. Тэгэхээр “1 секунд 37 дойлын хугацаанд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх боломжгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д зааснаар шүүгдэгч Ц.Б чиргүүлтэй том оврын тээврийн хэрэгслийг жолоодож байсан бөгөөд буцаж эргэх үйлдэл хийхдээ /багтахгүй учир өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрсөн/ өөдөөс ирж байгаа болон хажуу эгнээнд араас ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой байсан. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож шийдвэрлэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруугийн асуудлаар маргаж байсан учир Өршөөл үзүүлэх тухай 12.10-д заасны дагуу ердийн журмаар хянан шийдвэрлэж, тус хуулийн 4.1-д зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохих байдлыг нэрлэн заасан байх бөгөөд эдгээр нь хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад чиглэсэн зохицуулалт юм.

Хуулийг уг шаардлагыг үндэслэн дээрх зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоох зорилгоор мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч болон прокурор нь зам тээврийн ослын газарт үзлэг хийх, схем зураглал үйлдэх, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, шинжилгээ хийлгэх, шинжээчийг байцаах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Товчооны замд гарсан зам тээврийн осол хэний буруугаас болж гарсныг тогтоох зорилгоор хоёр удаа шинжээч томилсон байх бөгөөд эхний буюу 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн /хэргийн 1 дэх хавтас, 127-128 дахь тал/ дүгнэлтийн 4-т “уг зам тээврийн осол нь жолооч Ц.Б-ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дугаар заалтыг зөрчсөний улмаас гарсан байна” хэмээн тусгажээ.

Уг дүгнэлтийг эс зөвшөөрч яллагдагч Ц.Б хүсэлт гаргасны дагуу прокурор 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолоор /хэргийн 2 дахь хавтас, 156 дахь тал/ дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэснээр мөн оны 3 дугаар сарын 27-ны өдөр гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 22/05 дугаар дүгнэлтийг /хэргийн 2 дахь хавтас, 159-162 дахь тал/ гаргасан ба үүний 1.3-т “Бэйбен маркийн 00-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэж дүгнэсэн байна.

Тусгай мэдлэг бүхий, хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй, хууль сануулагдсан шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын эх сурвалж бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой юм.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тухайлбал, ослын газрын схем зураг, хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргийг анхан шатны шүүх харьцуулан шинжлэн судалсны эцэст хэргийг үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоож, эдгээр асуудлын талаар хууль зүйн дүгнэлт хийж, холбогдох шийдлийг гаргасныг хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн шүүх эдийн хохирлыг нэхэмжлэн иргэний нэхэмжлэгч Р.Э болон хохирогч П.А нараас гаргаж өгсөн нотлох баримт бүрийг нэг бүрчлэн, нягт нямбай шалган судалсны эцэст энэ талаар шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт /хэргийн 2 дахь хавтас, 244 дэх тал/ хийж шүүгдэгчээр 5,512,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болон дээр дурдсан гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийн П.А холбогдох заалтыг иш үндэс болгон Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан иргэний хариуцагч “У” ХХК-аас гаргуулах төлбөрийг багасган тогтоосон нь хуульд нийцсэн байна.  

Хоёр шатны шүүх нь Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг Иргэний хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байх тул “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 706 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 935 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Кадирбек нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН