Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0684

 

"К” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагч Х.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0640 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Х.П, Р.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0640 дүгээр шийдвэрээр: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус баримтлан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” №263191 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан “Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлж” шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “Татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж хориглох хуулийн заалтыг зөрчсөн маргаан бүхий актыг тавьсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т “төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...” гэж заасан заалтад нийцэхгүй байх бөгөөд хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэлд заасан журмын дагуу удирдамжгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, хариуцагч талаас 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 350 дугаартай тэмдэглэлд хүлээн зөвшөөрсөн акт тавигдахад удирдамжгүй ажиллагаа явуулсан нь тэмдэглэлд тусгагдсан байхаас гадна шүүхээс үзлэгээр тогтоогдсон нь 2 дугаар хавтаст хэргийн 95 хуудсанд бичгийн нотлох баримтаар авагдсан. Үүнээс гадна 3 дугаар хавтаст хэргийн 197 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШД2018/0121 дугаартай хүсэлт шийдвэрлэсэн захирамжид “удирдамжийг болон томилолтыг сүүлд нөхөж хийснийг тогтоосныг үзлэгийн тэмдэглэлд тусган, гэрэл зургаар баталгаажуулан тэмдэглэлд  хавсаргасан байна” гэж дүгнэсэн захирамж байдаг. Татварын ерөнхий газрын даргын 7/1320 дугаартай албан бичгийг үндэслэн 2012/152 дугаартай 2012 оны 05 сарын 30-ний өдрийн 13 хоногийн хугацаатай Татварын хяналт шалгалт хийх томилолт олгосон. Гэтэл 263191 дугаартай акт нь 2012 оны 06 дугаар сарын 29-ний дуустал хугацаанд шалгалт явуулсан гэх байдлаар эрх олгогдсон хугацаанаас хэтрүүлэн акт үйлдсэн түүнийг улсын байцаагч нь өөрөө шүүх хуралдаанд 29-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн тухай мэдүүлдэг юм. Үүнээс гадна томилолтын сунгалтыг дарга нь албажуулж гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй, тамга дарж баталгаажуулаагүй, хяналт шалгалтын ямар төрөлд хамаарах шалгалт явуулсан нь тодорхойгүй, дараалал тогтоох шинжилгээнд эх баримт нь тэнцээгүй, сунгалт хийсэн хугацааг засварласан дүгнэлт гарсаар байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл томилолтод заасан хугацаа нь 2012 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хүртэл байхад акт 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар хяналт шалгалт хийсэн байдал нь Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрмийн 2.1.8, 2.3.5.е, 2.3.6.а-д заасныг тус тус зөрчсөн. Татвараас зайлсхийсэн гэх үйлдлийг 2013 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 120 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй буюу гэмт хэрэг гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зориуд буруу мэдээллэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй учир гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Манай компани нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан авалт хийхдээ НӨАТ-ын төлсөн дүнгээр төлбөрөө төлсөн байтал борлуулагч компани буюу тухайн бараа бүтээгдэхүүнийг зарсан байгууллага нь тайландаа тусгаагүйгээс  хуулийн хариуцлага хүлээлгэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр шударга ёсонд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн нь шүүх хуралдаан давхацсан нөхцөл байдлыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд хүргүүлсэн байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох суурь зарчмуудыг зөрчин захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П  нар нь “К” ХХК-ийн 2010-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар:

Нэг. 2010 онд 8899,3 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 889,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 267,0 мянган төгрөгийн торгууль, 249,7 мянган төгрөгийн алданги, 2011 онд 16168,9 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй татвар ногдуулан төлөөгүй зөрчилд тухайн оны алдагдлыг бууруулахаар,

Хоёр. 2010 онд 8899,3 мянган төгрөг, 2011 онд 16168,6 мянган төгрөг, нийт 25067,9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 2506,8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,2 мянган төгрөгийн хүү, 1253,4 мянган төгрөгийн торгууль,

Гурав. 2010 онд 335375,6 мянган төгрөг, 2011 онд 1092923,0 мянган төгрөг, нийт 1428298,6 мянган төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн авч аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 142829,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 42848,9 мянган төгрөгийн торгууль, 17733,0 мянган төгрөгийн алданги төлүүлэхээр тус тус шийдвэрлэснийг нэхэмжлэгч “К” ХХК эс зөвшөөрч, бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

  1. Нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн авч

нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас гадна бэлтгэн нийлүүлэгч талын бараа материал худалдсан зарлагын баримт, худалдан авагч талын орлого, зарлагын баримт, төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ бодитоор гарсаныг нотлох дансны бүртгэлүүд, мөнгөн гүйлгээний тайлан зэргээр давхар нотлогдоогүй тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй гэж ойлгоно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “К” ХХК нь 2010 оны 9 дүгээр сард “Д г” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 007386732, 007386733 дугаартай падаанаар 90.909.091 төгрөгийн, 2010 оны 10 дугаар сард “Гурван булаг сод” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 007525380, 007528379 дугаартай падаанаар 274.466.509 төгрөгийн, 2011 оны 3, 4, 5, 7 дугаар саруудад “Г б с” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 008392272, 008392293, 008392202, 008392271, 008721449, 008721450, 008094580 дугаартай падаанаар 569.497.543 төгрөгийн, 2011 оны 9 дүгээр сард “А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 008721223, 008721243, 008721234, 008721231, 008721232 дугаартай падаанаар 363.636.362 төгрөгийн худалдан авалтыг бодитоор хийгээгүй болох нь худалдагч болон худалдан авагч талын санхүүгийн анхан шатны баримтууд, шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 120 дугаар тогтоолоор нотлогдсон байна.

Хэдийгээр “К” ХХК-ийн захирал Д.Ч, нягтлан бодогч Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан гэх үйлдлийн субьектив тал буюу шууд санаатай үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар хуурамч бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан болох нь тогтоогдсон байх бөгөөд уг 16 ширхэг падаан нь “А” ХХК-ийн татварын албанаас хүлээн авсан падаан болохын зэрэгцээ дээр дурдсан хуулийн этгээдүүдийн санхүүгийн баримтуудад тусгагдаагүй, мөн нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Д.Чинбат нь барилгын материал худалдсан БНХАУ-ын иргэнээс уг падаануудыг авч байсан болохоо хүлээн зөвшөөрч тайлбарласан зэргээр давхар нотлогджээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх эсэхээс үл хамаарч дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

Түүнчлэн, 2011 оны 9 дүгээр сард “Феникс стар” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 008094567, 008094569 дугаартай падаанаар 159.789.091 төгрөгийн худалдан авалт хийсэн нь санхүүгийн баримтуудаар нотлогдоогүй, уг компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр хасагдсан байх тул “К” ХХК-ийг уг дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Дээрх “Ф с” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 2 ширхэг падаан шинжээчийн дүгнэлтэд ороогүй, мөн  маргаан бүхий байцаагчийн актад 2010 оны 10 дугаар сарын “Г б с” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 007525380, 007528379 дугаартай падааны үнийн дүнгийн нийлбэрийг буруу тооцоолж 365.375.600 төгрөг байхыг 335.375.600 төгрөгөөр тогтоосноос шинжээчийн дүгнэлт болон улсын байцаагчийн актын үнийн дүнд зөрүү үүссэн байна.

Гэвч  маргаан бүхий байцаагчийн актад уг зөрчлийн хэмжээг багасгаж тогтоосонд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагавартай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд  нэхэмжлэгч талаас гаргасан “НӨАТ-ын төлсөн дүнгээр төлбөрөө төлсөн байтал борлуулагч компани буюу тухайн бараа бүтээгдэхүүнийг зарсан байгууллага нь тайландаа тусгаагүйгээс хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон” гэх гомдол үндэслэлгүй.

2. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: 30.1.1-д  “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэж заасныг зөрчөөгүй байх тул “удирдамжгүй үйл ажиллагаа явуулсан, хяналт шалгалт хийсэн томилолтод сунгалт хийсэн хугацааг засварласан, албажуулж тамга дарагдаагүй, эрх олгосон хугацаанаас хэтрүүлж акт үйлдсэн” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна. Тодруулбал,

Улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10/5-1845 дугаар албан бичгээр нэр дурдсан аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт явуулах шаардлагатай байгаа талаар мэдэгдсэнээр Баянгол дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Я.Б нь “К” ХХК-ийн 2010-2011 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2012/152 дугаар томилолтыг олгосон байх бөгөөд уг хяналт шалгалт нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу хийгдсэн байна.

Дээрх томилолтод зурагдсан гарын үсэг Я.Батжаргалын гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн, томилолтын хугацааг сунгасан огноо засвартай, 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан бичилт хийсэн атлаа 06 дугаар сарын 29-ний өдөр бичгээр хэлбэржүүлж маргаан бүхий актыг гаргасан, удирдамж нөхөн хийсэн зэргээр хяналт шалгалтын процесс ажиллагаа тодорхой хэмжээгээр зөрчигдсөн, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч эдгээр нөхцөл байдал нь “К” ХХК-ийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, татвар төлөөгүй үйлдлийг зөвтгөх, татвар төлөхөөс чөлөөлж маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид “мэргэжлийн хяналт” гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ” гэж зааснаас үзвэл татварын хяналт шалгалт дээрх хуульд хамаарахгүй байх тул “татварын хяналт шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн” гэх агуулгаар гаргасан гомдлыг  хангах боломжгүй.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн хүсэлтээр удаа дараа буюу 19 удаа шүүх хуралдаан хойшлогдсон байх ба өмгөөлөгчөөр бус төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн тухайд “шүүх хуралдаан давхацсан” гэх шалтгаан хуралдааныг хойшлуулах үндэслэл болж чадахгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “шүүх хуралдаанд ирцтэй холбоотой санал байхгүй” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 Ийнхүү  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хангалттай боломж олгосон, түүний хүсэлтийг удаа дараа хангаж байсан байх тул “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх, нотлох гэсэн суурь зарчмуудыг зөрчсөн, шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө мэдэгдээгүй” гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэх тул маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 2010, 2011 онуудад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчил болон 25067,9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                              Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН