Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/0050

 

“Ф ш з” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын дэргэдэх

Маргаан таслах зөвлөлд холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Х.Батсүрэн

Танхимын тэргүүн:          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                          Д.Батбаатар

                                         Ц.Цогт 

Илтгэгч шүүгч:                 М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2023/0889 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0152 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0130 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.О нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын (татварын улсын байцаагчийн) 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах”

2.Хэргийн нөхцөл байдал: “Ф ш з” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргажээ. Тус зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичгээр “гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн” үндэслэлээр тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан.

2.1.Нэхэмжлэгч “Ф ш з” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Б.А нь манай компанийн ажилтан биш, татвар төлөгчийг төлөөлөх эрхгүй этгээд буюу төлөөлөх бүрэн эрхийн хугацаа нь дууссан этгээдэд НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гардуулснаар манай компани нь татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ мэдээгүй, татварын байцаагчийн актад гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдсан гэж үзэхээр байна ...” гэж тодорхойлон, “... Хариуцагч нөхцөл байдлыг нарийвчлан судлаагүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргаж байгаа тохиолдолд эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, нэмэлтээр тайлбар баримт цуглуулах боломжтой. Хятад улсын иргэнээс олгосон 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл нь тухайн энэ татвар төлөгчийн хүсэл зоригийг бүрэн гүйцэд илэрхийлсэн хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй, тус иргэн монгол хэл бичиг сайн мэдэхгүй, өөрийнхөө эх хэлээр баримт бичиг үйлдэж түүнийг баталгаат орчуулгаар орчуулсны үндсэн дээр одоо хүчин төгөлдөр төлөөлөх эрх үүснэ гэж ...” гэж маргасан.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Э.Б нар нь “... Маргаан таслах зөвлөл тус компаниас хяналт шалгалтын явцад ирүүлсэн итгэмжлэл болон, татвар төлөгчид нөхөн ногдуулалтын актыг гардуулсан байдал зэргийг хянан үзээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг хүргүүлсэн. Б.А нь уг компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон мөн төлөөлөх эрхгүй этгээдэд актыг мэдэгдэж гардуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй учир тус компанийн гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг нөхөн сэргээх хүсэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй ...” гэх тайлбарыг гаргасан.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан байх ба үүнээс үзэхэд, хүсэлт гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 тоот итгэмжлэлээс үзэхэд, ... Б.А-д “Ф ш з” ХХК-ийн 2018 оноос 2021 он дуустал үйл ажиллагааны Татварын ерөнхий газрын шалгалтад тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон татварын шалгалтыг бүрэн хариуцан ажиллах эрх олгогдсон байна, ... итгэмжлэл тухайн үед хүчин төгөлдөр байжээ ...” гэж дүгнэсэн.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлт нь татварын акттай холбогдуулан гаргасан гомдол биш харин гомдол гаргах хугацааг сэргээлгэхтэй холбоотой хүсэлт байх тул уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаасан Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичиг нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 47.10, 47.19-д заасан Маргаан таслах зөвлөлөөс татварын акттай холбогдуулан гаргасан гомдлыг хянаад гаргасан шийдвэрт хамаарахааргүй байна, ... 55 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компаниас гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаасан байх тул энэ нь хуульд заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна ...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0130 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнэсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-гаас “... Дээрх тогтоол нь захиргааны байгууллага буюу Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс гарсан манай компанид оногдуулсан хууль бус “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах эрх олгох эсэхийг шийдвэрлэсэн буюу тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд буюу захиргааны байгууллагаас манай компанид чиглэсэн хуульд заасан чиг үүргийн дагуу гаргасан, эрх зүйн шууд үр дагаврыг манай компанид бий болгосон, захирамжилсан шинжтэй бичгээр гарсан захиргааны акт юм. Тиймээс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

6.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 889 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгчийн маргаж буй бүхий л үндэслэлд бүрэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Уг хуулийн хэм хэмжээнээс үзвэл татвар төлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. Хэргийн материалд 2019.01.01-ний А-19/10 дугаар, 2022.06.15-ны 06/01 дүгээр, 2022.09.01-ний 09/01 дугаартай итгэмжлэлүүд авагдсан. Эдгээр гурван итгэмжлэлийг БНХАУ-ын иргэн D X /Д Ш/-аас олгосон. Уг хятад иргэн нь монголоор уншиж бичих нь байтугай ярьж ч чадахгүй. Хэрэгт авагдсан итгэмжлэлүүд нь бүгд монгол хэл дээр байна. Иймээс тухайн татвар төлөгчийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй гэж үзэхээр байна.

6.3.БНХАУ-ын иргэнээс Б.А-д олгосон итгэмжлэлүүд бүгд алдаатай. Тухайлбал, 2022.06.15-ны өдрийн 06/01 дугаартай итгэмжлэл нь 2022.06.15-нд олгосон хэрнээ 2021.03.31-нээс 2021.07.01-нийг хүртэл гэж өнгөрсөн цаг дээр төлөөлөх эрх олгосон алдаатай, 2022.08.31-ний өдрийн 08/15 дугаартай итгэмжлэл нь 2022.08.31-нд олгосон хэрнээ 2022.03.31-нээс 2022.07.01-нийг хүртэл гэж мөн л өнгөрсөн цаг дээр төлөөлөх эрх олгосон алдаатай итгэмжлэлүүд байгаагаас түүний Монгол хэл бичгийн мэдлэггүй нь нотлогдоно. Гадаад улсын иргэн нь монгол хэл мэдэхгүй бол баримт бичиг үйлдэхдээ өөрийн эх хэл дээр үйлдэж, тухайн эх хэл дээр үйлдэгдсэн баримтыг баталгаат орчуулгаар орчуулуулж баталгаат орчуулгын тамга тэмдэг дарснаар сая хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл болно. Хэрэгт авагдсан баримтуудаас харвал эх хэл дээрээ олгосон итгэмжлэл авагдаагүй байх тул компанийн эрх барих этгээд буюу татвар төлөгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэж байна.

6.4.Хариуцагчаас Б.А-д “Нөхөн ногдуулалтын акт”-ыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардуулсан, гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ үүнээс 3 сарын дараа гаргах ёстой, энэ хугацаандаа гаргаагүй буюу 2023 оны 05 сард гаргаж 8 сар хэтрүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйл нь гагцхүү захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн тохиолдолд хэрэглэгдэх хуулийн хэм хэмжээ юм. Нөгөөтэйгүүр, нөхөн сэргээх хүсэлтийг хугацаа хэтэрснээс хойш 3 сарын дотор гаргана, энэхүү 3 сарын дотор гаргах боломжгүй бол тухайн шалтгаанаа нотлох боломжоор хангах ёстой, гэтэл нотлох боломж олгоогүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцааж шийдсэн нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн. Өөрөө хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтална гэж заасан байхад оролцоог хангаагүй хүлээн авахаас татгалзсан нь хууль бус гэж үзэж байна.

6.5.Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасан ба энэ хуулийн 15 дугаар зүйлд оролцогчийн эрхийг заасан. 15.1.4-т “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх” гэж заасан эрхийг эдлүүлээгүй нэмэлт тайлбар, баримт авалгүйгээр 3 сар хэтрүүлсэн гэж үзэж хүлээн авахаас татгалзсан нь хууль бус юм.

6.6.Захиргаа нь гарч болох гомдол шаардлагыг урьдчилан тооцоолон аль болох боломжит судалгааг хийж, нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой бөгөөд тухайн тохиолдолд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байх ёстой. Захиргаа нь аливаа шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг тогтоохдоо шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Иймээс шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.О нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.  

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “Ф ш з” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 1,714,159,813.99 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон; уг актыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д гардуулсан; “Ф ш з” ХХК-аас дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан; тус зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичгээр “гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн” үндэслэлээр тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан.

10.Улмаар “Ф ш з” ХХК нь “Татварын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-21220000075 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах” шаардлагыг 2023 оны 07 дугаар сарын 17, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхэд тус тус гаргасан байна.

11.Нэхэмжлэгчээс “... компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу төлөөлөх бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон этгээд /Б.А/-д нөхөн ногдуулалтын актыг гардуулснаар манай компани нь татварын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ мэдээгүй, татварын улсын байцаагчийн актад гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдсан ...” гэж; хариуцагчаас “... төлөөлөх эрхгүй этгээдэд актыг мэдэгдэж гардуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй учир тус компанийн гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг нөхөн сэргээх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй ...” гэх  агуулгаар маргасан.

12.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гээд 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.6-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж тус тус заажээ.

13.“Ф ш з” ХХК-иас гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах”-аар шүүхэд хандсан, анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлттэй холбоотой асуудалд дүгнэлт хийхгүйгээр “нэхэмжлэлийн шаардлага” гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэн, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу юм.

14.Нэг талаас нэхэмжлэгч “Ф ш з” ХХК нь татварын нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, дараа жилийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан, энэ нь хуулийн хугацааг хэтрүүлсэн байх ба Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах боломжтой гэж үзнэ.

 15.Өөрөөр хэлбэл, дээрх ерөнхий хуулийн 94.2 дахь заалт нь шүүхээр тухайн асуудлыг хянуулах эрхийг хязгаарласан зохицуулалт биш; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар дээд шатны захиргааны байгууллага буюу Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан шийдвэр үндэслэлтэй эсэх талаар хүсэлт гаргаж хянуулах, шүүх уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломж нь мөн хуулийн 14.6-д зааснаар нээлттэй байна.

16.Иймээс, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөн, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0152 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                           Д.БАТБААТАР

                Ц.ЦОГТ

               М.БАТСУУРЬ