Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 275

 

          М.Өөдөст холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунжаргал,

хохирогч Ц.Саранцэцэг, түүний өмгөөлөгч Э.Дамдинсүрэн,

иргэний хариуцагч Т.Нямхүү,

ялтан М.Өөдөсийн өмгөөлөгч Ч.Ням,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Ч.Нямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Өөдөст холбогдох 201624000981 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрсүүд овгийн Машболдын Өөдөс, 1992 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гер бридж” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 30 дугаар гудамжны 258 тоотод оршин суух,

- 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, /РД: УУ92082695/; 

 М.Өөдөс нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 33-ын автобусны буудлын замд 94-04 УБК улсын дугаартай, “Тоёота витз” загварын автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх”, мөн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ц.Саранцэцэгийн жолоодож явсан “Тоёота Пассо” загварын 29-51 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 1.814.000 төгрөгийн шууд, нийт 2.374.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, улмаар зорчигч И.Бадам, Ц.Саранцэцэг нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Өөдөсийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Өөдөсийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Өөдөст оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Өөдөс нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар М.Өөдөст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 499, 505, 510 дугаар зүйлүүдэд зааснаар иргэний хариуцагч Т.Нямхүүгээс 3.450.337 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Саранцэцэгт олгож, хохирогч нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т.Нямхүүгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.   

Ялтан М.Өөдөсийн өмгөөлөгч Ч.Ням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 61 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хохирогч Ц.Саранцэцэгийн унаж явсан 29-51 УНП улсын дугаартай автомашин нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Саранцэцэг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бөгөөд өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хурдаа тохируулж явна гэсэн заалтыг зөрчсөн байхад анхан шатны шүүх үүнийг үнэлж үзээгүй гэсэн давж заалдах гомдол гаргасан. Өнөөдрийн байдлаар хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир уг давж заалдах гомдлоо дараах байдлаар өөрчилж байна. М.Өөдөс нь уг гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн бөгөөд хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Саранцэцэгээс “гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тул М.Өөдөст хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Саранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Өөдөст хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Саранцэцэгийн өмгөөлөгч Э.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ц.Саранцэцэг нь гомдол саналгүй, хохирол бүрэн төлж барагдуулсан тул өмгөөлөгч Ч.Нямын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

Иргэний хариуцагч Т.Нямхүү тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Прокурор А.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хохирол төлөгдөөгүй, ялтан М.Өөдөс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Одоо хохирогч Ц.Саранцэцэг нь гомдол саналгүй гэж байгаа учир оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн давж заалдах гомдолд тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.

   ХЯНАВАЛ:

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

М.Өөдөс нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаагийн 33-ын автобусны буудлын замд, 94-04 УБК улсын дугаартай, “Тоёота витз” загварын автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д  “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх”, мөн дүрмийн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөний улмаас Ц.Саранцэцэгийн жолоодож явсан “Тоёота Пассо” загварын, 29-51 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 1.814.000 төгрөгийн шууд, өөрийн автомашин дахь зорчигч И.Бадам, хохирогч Ц.Саранцэцэг нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Саранцэцэгийн: “... Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15 цаг 40 минутын үед Дарь-Эхийн замд өөрийн “Тоёота Пассо” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 40 км цагийн хурдтай явж байсан. Гэтэл өөдөөс ирж байсан автомашинуудыг “Тоёота витз” загварын суудлын автомашин гүйцэж түрүүлж, урсгал сөрж орж ирээд миний машины урдаас мөргөсөн. Ослын дараа миний машин замаас гарчихсан байсан. Хэсэг хугацаанд миний ухаан балартсан байсан...” /хх 18/,

Хохирогч И.Бадамын: “...Би 13 цагийн үед Дарь-Эхийн дунд буудлаас такси бариад “Тэнгис” кинотеатр орохоор явсан. Уг машины жолооч нь залуухан эрэгтэй хүн байсан. Гэтэл миний суугаад явж байсан автомашин эсрэг урсгал руу орсон. Тэгтэл өөдөөс машин гарч ирээд мөргөлдсөн...”/хх 29-30/,

Гэрч П.Оюунцэцэгийн: “...Би ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байтал замын голд 2 жижиг автомашин мөргөлдсөн байдалтай байсан. Нэг машин  нь бүр замаас гарчихсан байсан...” /хх 38/,

Гэрч Б.Батзоригийн: “...Намайг гэртээ ганцаараа байхад өдрийн 13 цагийн орчим миний багын найз Өөдөс ирсэн. Манайд ирэхдээ нэг том савтай пиво, 2 жижиг лаазтай пиво авч ирснийг бид хоёр хувааж уусан. Ууж дуусаад Өөдөс нь машинаа унаад явсан. Өөдөс манайхаас 15 цагийн үед явсан...” /хх 39/,

Иргэний хариуцагч Т.Нямхүүгийн: “... “Тоёота витз” загварын, 94-04 УБК улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийнх бөгөөд осол болох үед миний хүү М.Өөдөс жолоодоод явж байсан. Би хүүдээ машин барих зөвшөөрөл өгсөн... Хүү бид хоёр хохирлыг бололцоогоороо төлж барагдуулна...” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Саранцэцэгийн биед өвчүү, зүүн 5,6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14799 тоот дүгнэлт /хх 43/,

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...И.Бадамын биед цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, зүүн 2,3,4,6,7,8 дугаар хавирганы хугарал, эрүү, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь осол болох үед үүсгэгдсэн байх боломжтой ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15079 тоот дүгнэлт /хх 45/,

    Техникийн шинжээчийн “... “Тоёота витз” загварын, 94-04 УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч М.Өөдөс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. “Тоёота пассо” загварын, 29-51 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Ц.Саранцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хх 61/ гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 676 тоот дүгнэлт,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-10/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /драгер 2.72%/ /хх 11/, эд зүйлийн үнэлгээ /хх 15/, “Ашид билгүүн” автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 51/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   М.Өөдөст холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, М.Өөдөст оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

    Харин анхан шатны шүүх М.Өөдөсийн согтуугаар зам тээврийн осол хэрэг гаргаж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг буруу дүгнэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан нь тухайн зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэстэй мэтээр хуулийг буруу тайлбарласан, мөн Иргэний хуулиар хохирол гаргуулахдаа зүйл хэсгийг хэт ерөнхийлөн баримталсан, согтуугаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн болж байхад ял хүндрүүлэх нөхцөл болгосон зэргийг цаашид анхаарвал зохино.  

   Ялтан М.Өөдөсийн өмгөөлөгч Ч.Ням нь “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлоо бичгээр гаргасан боловч шүүх хуралдааны явцад гомдлын үндэслэлээ өөрчилж, “...М.Өөдөст оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

   Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М.Өөдөс нь Замын хөдөлгөөний дүрмийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хоёр хүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах үндэслэлгүй.  

            Харин М.Өөдөс нь анх удаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд шийтгэх тогтоолд заасан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Саранцэцэг нь “М.Өөдөст гомдолгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан баривчлах ялыг сонгон, ял хөнгөрүүлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.