| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/6355/и |
| Дугаар | 0121 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 0121
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудам-43, төв байр Капитал банк /РД:2656375/-ны нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэчулуун /РД:ЧМ77083012/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Эрдэнэчулуун нь тус банктай 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №44 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 11 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2208003090 дугаарт бүртгэгдсэн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой 15 тоотод байрлах хувийн сууцыг барьцаалсан.
Зээлдэгч Д.Эрдэнэчулуун зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, улмаар зээлийн төлбөрийг төлөхгүй байсан юм. Д.Эрдэнэчулуунаас зээлийн төлбөрийг шаардах зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. Д.Эрдэнэчулуун оршин суугаа газраа өөрчилж, хаана байгаа газар нь мэдэгдэхгүй байна. Иймд Д.Эрдэнэчулууныг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Тус шүүхэд Д.Эрдэнэчулууныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан юм. Д.Эрдэнэчулууны оршин суугаа газар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэчулууныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Эрдэнэчулууны оршин суугаа газар нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэгийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Д.Эрдэнэчулууны тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Капитал банк нь тус компанийг бүрэн төлөөлөх, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх эрхийг Э.Дүүрэнбилэгт итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 1 тал/
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэчулууныг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Капитал банкны татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ