Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01904

 

 

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01904

 

Т.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/04208 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.М ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК -д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүүд 8,704,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Т.М нь Т ХХК -тай 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянгол дүүргийн *** дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс, **************а байрны *** тоот, 78.68 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 3,200,000 төгрөгөөр нийт 251,776,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 101,776,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 150,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр төлбөрийг төлж дуусган үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан.

1.2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ 76.32 м.кв гэж гарсан. Гэтэл Т.М нь орон сууцныхаа хэмжээг А ХХК -аар хэмжүүлэхэд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 23/091 дүгнэлтээр 73.6 м.кв гарсан. Иймд дутуу 2.72 м.кв талбайн төлбөр 8,704,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 76.32 м.кв гаргахыг талууд зөвшөөрч, баталгаажуулсан. Т.М байрандаа орж, 2022 оны 8 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан.

2.2. Мөн хэмжилт гаргасан компанийн стандарт хүчингүй болсон, нөгөө өмчлөгчөөсөө зөвшөөрөл аваагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар Т ХХК -д холбогдох 8,704,000 төгрөг гаргуулах Т.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,214 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Т.М болон Т ХХК -ийн хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан боловч баригдсан барилгын нэг хэсгийг худалдан авсан тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байх ба Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой, анхан шатны шүүх үүнийг харгалзан үзэлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн тухайн үед талууд Иргэний хуульд заасан талуудын чөлөөт байдлыг үндэслэн өөрсдийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад үндэслэлгүйгээр шууд иргэний эрх зүйн харилцааг тодорхойлсон.

Нэхэмжлэгч Т.М , хариуцагч Т ХХК -ийн хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь нэршлийн болон агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг хангаж байх бөгөөд шүүгч үүнийг анхаарч үзээгүй.

4.2. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 78.68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бариулах, түүнийг эзэмших ашиглахад чиглэгдсэн байхад шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Орон сууцны үнэ цэнэ зөвхөн талбайн хэмжээгээр тодорхойлогдохгүй бөгөөд тухайн орон сууцны байршил, барилгын хийц, ирээдүйн үнэ цэнээр тодорхойлогдоно... гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Өөрөөр хэлбэл талууд нийт орон сууцны үнээр бус м.кв-ын үнээр орон сууцны үнийг тодорхойлж, улмаар тухайн м.кв-ын үнийг тохирч, тэр м.кв-даа үнээ төлж байгаа. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэх шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Т ХХК -д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 8,704,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 76.32 м.кв гаргахыг талууд зөвшөөрч, баталгаажуулсан, ...хэмжилт гаргасан компанийн стандарт хүчингүй болсон, нөгөө өмчлөгчөөсөө зөвшөөрөл аваагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Т.М , Т ХХК нар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр А-01/08-40 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК нь Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 195 айлын орон сууцны 8 дугаар давхарт 40 тоот, 3 өрөө орон сууцыг захиалагчид 2022 оны 1 дүгээр улиралд 100 хувь ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, Т.М нь орон сууцны нийт үнийн дүнгийн 101,776,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлж, 150,000,000 төгрөгийг байр бэлэн болох үед банкны зээлээр төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-5-7/

Гэрээний дагуу Т ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн, Т.М нь орон сууцны үнэд 251,776,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаангүй байна.

 

4. Зохигчийн гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байна. Т ХХК гэрээний дагуу бэлэн баригдсан орон сууцыг худалдах, Т.М нь үнийг төлж орон сууцны өмчлөх эрхийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлэн авсан үйл баримт тэдгээрийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ.

4.1. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй ба үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа тохиолдолд хэлцлийг бичгээр байгуулж, өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт заасан. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд энэ талаарх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заажээ. Дээрх хуулийн зохицуулалт нь үүргийн хэлцэлд хамаарахгүй, харин худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлэхэд хамааралтай юм.

4.2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. Иймд Иргэний хуульд заасан талуудын чөлөөт байдлыг үндэслэн өөрсдийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой, анхан шатны шүүх үүнийг харгалзан үзэлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй. /хх-15, 49-50/

 

5. Хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5.1.Талууд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-01/08-40 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-ээр ** а байрны ** тоот 2 өрөө 76,68 м.кв талбай бүхий орон сууцыг 251,776,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөлийг харилцан тохиролцсон.

5.2. Нэхэмжлэгч Т.М ын захиалгаар А ХХК орон сууцны талбайд хэмжилт хийж, 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 23/091 дугаартай дүгнэлт гаргасан, дүгнэлтээр орон сууцны талбайн хэмжээг 73.6 м.кв гэж тогтоожээ. /хх-16-21/

Уг дүгнэлтээр маргаж буй орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгаа боловч нэхэмжлэгч нь орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан бөгөөд тухайн цаг хугацаанд доголдолтой холбоотой асуудлаар хариуцагчид мэдэгдэж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

5.3. Нэхэмжлэгч нь орон сууцны талбайд хэмжилт хийлгэж, доголдлын талаар мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээж авснаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д тухайн эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан тохиолдолд худалдан авагч нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

6. Харин анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацааны талаар зохицуулсан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсгийг маргаанд хэрэглэсэн нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч доголдолтой эд хөрөнгө хүлээж авснаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдах үр дагавар үүссэн байна.

 

6.1. Мөн А ХХК -ийн орон сууцны талбайн хэмжилт хийсэн дүгнэлтийг орон сууцны үнэ цэнэ зөвхөн талбайн хэмжээгээр тодорхойлогдохгүй, тухайн орон сууцны байршил, барилгын хийц, ирээдүйн үнэ цэнээр тодорхойлогдоно, нэхэмжлэгч нь анх тохирсон 78.68 м.кв талбайн хэмжээ 76.68 м.кв болоход зөрүү төлбөрөө шаардаагүй бөгөөд дахин хэмжилт хийлгэхэд 73.6 м.кв болсон нь үнийг бууруулах үндэслэл болохгүй гэж маргаанд хамааралгүй дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/04208 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт гэснийг 255 дугаар зүйлийн 255.1.1-д гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,214 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД