| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0139/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0139/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухайсай овогт О.Э-д холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, Агрофермч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан. О.Э /РД: ..../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дулааны гудамжинд Г.Н-тай тамхи байна уу гэх шалтгаанаар маргалдаж түүнийг хөлөөрөө баруун хавирганд 2-3 өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дулааны гудамжинд Г.Н-тай тамхи байна уу гэх шалтгаанаар маргалдаж түүнийг хөлөөрөө баруун хавирганд 2-3 өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15-16 цагийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулаанд Ган-Од гэх айлын хашааны гадаа очоод Эрдэнэжаргал гэх хүүхэн рүү залгаад чи гараад ирэх үү өвөө чинь нас барсан байна. Нас барсан газар руу нь цуг явъя гэж хэлээд хашааны гадаа нь зогсож байтал Эрдэнэжаргал гараад ирсэн. Тэгээд цуг явж байтал араас нэг танихгүй залуу хүрч ирээд надаас тамхи байна уу гэхээр нь би тамхи байхгүй гэсэн чинь миний баруун хавирга руу өшиглөөд унагаасан. Тэгээд газар унаад байхад баруун хавирга орчим 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би дугарч чадахаа болохоор нь утсаа гаргаж ирээд цагдаа дуудлаа гэсэн чинь зугтаагаад яваад өгсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
Гэрч Н.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: Эрдэнэжаргалын байсан айлын хашаанаас нэг залуу гарч ирээд хөөе гээд дуудахаар нь зогстол тамхи байна уу гэсэн тамхи байхгүй гэж хариултал намайг өшиглөөд унагаасан, ойчсон чинь дахин цээж, хавирга руу 2-3 удаа өшиглөсөн. Эхлээд цээж рүү нь өшиглөж унагаасан гэж байсан... тэгээд тэр зодсон залууг нь сураглахад Өлзийт тосгоны Энхбат гэдэг залуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
Гэрчээр О.Э-ын өгсөн мэдүүлэг: Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр найз Э.Э-н эгчийнх нь гэрт Э.Э-н хамт 1 шил 0.5 литрийн архи, 1 сав 2.5 литрийн пиво уусан. Ингээд үдээс хойш би бие засахаар жорлон ороод зогсож байтал хашааны гадаа нэг эрэгтэй хүн ирээд Э.Э-д байсан Эрдэнэжаргал гэдэг хүүхнийг дуудсан. Тэгээд Эрдэнэжаргал нь гэрээс гарч ирээд хашааны гадаа гарч ирээд хашааны гадаа гараад нөгөө хүнтэй цаашаа явахаар нь би хашаанаас гараад хөөе тамхи байна уу гээд ойртоод очсон. Тэгтэл нөгөө ах тамхи байхгүй гэж уурламдаг хэлсэн. Тэгэхээр нь би баруун хавирга орчим 1 удаа өшиглөсөн... Би Г.Н-ыг зодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №133 дугаартай шинжээчийн: “...Г.Н-ын биед 8, 9-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,
О.Э-н яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “..: Би Г.Н-н хавирга руу нь өшиглөж хугалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Надаас 800.000 төгрөгийг эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн би үүний 150000 төгрөгийг төлсөн, үлдэх 650000 төгрөгийг 2 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Э-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид эмчилгээний төлбөрийн дутуу 650000 төгрөгийг төлөх өө илэрхийлсэн, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор болон шүүгдэгчийн саналаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О.Эад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Э нь хохирогч Г.Н-н эрүүл мэндэд учруулсан хохирлын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 800 000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирлоос 150 000 /зуун тавин мянга/ төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА